Дархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар цэцэрлэгийн 2-3 насны хүүхдүүд энэ сарын 24-ний оройноос халуурч суулган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. 2014 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17.50 цагийн байдлаар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол 35 хүүхдийг гэрээр эмчийн хяналтад авчээ. Одоогоор зургаан хүүхдийн бие хүндэвтэр байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гэдэсний хурц халдварт өвчний халдвар авсан байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 23-25-ны өдрүүдийн өглөө, өдрийн хоол, 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээ авч лабораторид хүргүүлээд байна.
Дархан сумын долоодугаар цэцэрлэг нь 413 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ сарын 25-ны өдөр 280 хүүхэд цэцэрлэгт ирсэн байжээ.