Нийслэл Улаанбаатараар овоглосон хамгийн анхны Улаанбаатарын Их сургууль МУИС-аас тусгаарласнаа өнөөдөр зарлалаа. Тус сургууль хуучин дөрвөн жилийн турш МУИС-ийн салбар сургууль гэдгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин өнөөдөр ийнхүү нийслэлийн харъяа Улаанбаатарын их сургууль болж нээлтээ хийлээ. Улаанбаатарын их сургууль нь БЗД-ийн Кино үйлдвэрийн буудлын хойно байрладаг. Өнөөдрийн нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийг асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон тус сургуулийн захирал доктор, профессор С.Байгальсайхан нар оролцлоо. Мөн сургуулийн багш ажилчид болоод үе үеийн төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирэв.