БНСУ-д зохион байгуулагдаж
буй “Инчон 2014” Азийн наадамд өчигдөр
Улаанбаатарын цагаар 19 цагт Асиад цэнгэлдэх
хүрээлэнд нээлтээ хийлээ. Азийн
наадам 17 дахь удаагаа болж
байгаа бол Монгол Улс
10 дахь удаагаа тамирчдаа илгээгээд
байгаа нь энэ юм.
Манай орны хувьд энэ
удаагийн Азийн наадамд спортын
23 төрөлд 233 тамирчин оролцож байна. Энэ
удаагийн Азийн наадмын Монголын
багийн ахлагчаар УИХ-ын гишүүн
Б.Бат-Эрдэнэ
томилогдсон.
Уг наадамд Ази тивийн
45 орны 9535 тамирчин 36 спортын төрөлд 439 багц
медалийн төлөө хурд, хүчээ
сорих бөгөөд аравдугаар сарын
4-нд өндөрлөнө. Мөн Азийн Паралимпийн
хоёр дахь удаагийн “Инчон-2014”
наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болох
юм. Өмнө нь манай
орон Азийн наадмаас 14 алт,
22 мөнгө, 64 хүрэл медаль хүртэж
байсан билээ.
Энэ удаагийн Азийн наадмын гимнастикийн
төрөлд М.Ариунбат, П.Отгонбат, Г.Эрдэнэболд,
Э.Батмаа, Б.Соёлсайхан, Б.Ичинхорлоо нар
өрсөлдөнө. Гимнастикийн тамирчдаас Сингапурын хүүхдийн олимпийн аварга Г.Эрдэнэболдод
нэлээд итгэл хүлээлгэж буй
бөгөөд өөрөө ч түүнийгээ
ухамсарлаж яваа гэж байсан
юм. Туялзуур сэлэмний төрөлд найман тамирчин
оролцож байгаа бөгөөд эхний
тулаанаа өнөөдөр хийхээр болжээ.
Азийн наадмын таеквондогийн тэмцээнд
эрэгтэй гурав, эмэгтэй гурван
тамирчин өрсөлдөх аж. Харин усанд
сэлэлтийн төрөлд эрэгтэй дөрөв,
эмэгтэй таван тамирчин өрсөлдөх
юм байна. Тэдний усан
замд өнөөдрөөс эхлэн гарах бөгөөд
тэмцээнээ ирэх сарын гуравны
өдөр өндөрлүүлэх аж. Бадминтоны тамирчид
өнөөдрөөс талбайд гарах бол
энэ төрлийн тэмцээн 29-нд
өндөрлөх юм гэнэ. Монгол
Улс анх удаа Азийн
наадамд гольфийн баг тамирчдаа оролцуулж
байгаа юм. Түүнчлэн эрэгтэй,
эмэгтэй багийн төрөлд өрсөлдөх
бол тэмцээн 25-27-ны өдрүүдэд болно.
Манай баг хэсгээсээ шалгарч
чадвал 28-ны өдөр финалд
өрсөлдөнө.
Ази тивийн аварга Т.Энхжаргалаар ахлуулсан дугуйн долоон тамирчин
замд гарна. Дугуйн тэмцээн
өнөөдөр эхэлж 29-нд дуусах юм.
Мэдээж Т.Энхжаргал манай
дугуйн тамирчдын гол найдлага байх
нь гарцаагүй. Эрэгтэй зургаа, эмэгтэй
дөрвөн боулингийн тамирчин Азийн наадамд оролцож
байгаа бол М.Бадрах,
Б.Оюунбат нараар
ахлуулсан теннисний эрэгтэй тав, эмэгтэй
дөрвөн тамирчин Инчонд өрсөлдөх аж.
Монголын Үндэсний олимпийн хорооны дэргэд байрлах
бейсболын талбайдаа удтал бэлтгэлээ базаасан
13 бейсболч 20-24-ний өдрүүдэд урьдчилсан
тоглолтдоо оролцох бол хагас
шигшээ, финалын тоглолтууд 27-28-ны
өдрүүдэд болох гэнэ.
Энэ удаагийн тивийн олимпод
хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй
оролцож байгаа баг мэдээж
жүдо бөхийн тамирчид байх
юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд
сар гаруйхны өмнө дэлхийн аварга
болсон олон улсын хэмжээний
мастер Ганбатын Болдбаатар барилдах бол Гран при,
гранд слам тэмцээнүүдийн аварга
Д.Төмөрхүлэг 66 кг-д, 73 кг-д
Д.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн,
90 кг-д Л.Отгонбаатар
нар татамид гарна. Харин
-100 кг-ын жинд олимпийн
алт, мөнгөн медальт, Монгол
Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр
татамид хүч үзнэ.
+100 кг-д Өлзийбаярын Дүүрэнбаяр
барилдах юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн
48 кг-д дэлхийн аваргын
мөнгөн медальт, гавьяат тамирчин Мөнхбатын
Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа, 96 кг-д Б.Мөнгөнчимэг, -70 кг-ын жинд
Наранжаргал, -78 кг-д Баттулгын
Мөнхтуяа нар эх орноо
төлөөлөн барилдахаар болоод байна. Эмэгтэй
багийн хувьд дэлхийн аваргад
оролцсон бүрэн бүрэлдэхүүнээрээ орж
байгаа аж. Харин багийн
барилдаанд гавьяат тамирчин М.Бундмаа эмэгтэйчүүдийнхээ багийн
бүрэлдэхүүнд орж барилдах юм
байна.
Монголын буудлагын баг тамирчдын ахлагчаар тус холбооны
ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, дасгалжуулагчаар Л.Ундралбат, С.Адилбиш нар
Инчонд очоод байна. Гавьяат
тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа,
Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар эмэгтэйчүүдийн төрөлд
цэцээ сорих бол Э.Даваахүү, Б.Сайннасан, А.Алтанхуяг нар эрэгтэйчүүдийн төрөлд
оролцож байна. Тэдний тэмцээн
өнөөдөр эхэлж байгаа бөгөөд
30-нд өндөрлөх юм. Б.Энхжин,
Э.Тэлмэн нараар
ахлуулсан софт теннисний тамирчид
Инчонд очин бэлтгэлээ базааж байгаа
гэнэ.
Азийн спортын XVII наадамд оролцох
сагсан бөмбөгийн эрэгтэй баг өнөөдөр
Хонконгтой тоглох юм. Өмнө
манай эрэгтэй баг 2012 оны
Азийн оюутны сагсан бөмбөгийн
тэмцээнээс хүрэл медаль хүртэж
байсан билээ. Харин ширээний
теннисний тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй
гурван теннисчин оролцоно.
Харин манай ширэн бээлийтнүүд
энэ удаагийн наадамд эрэгтэй 10, эмэгтэй гурван боксчинтой
оролцож байна. Ширэн
бээлийтнүүдийн тэмцээн есдүгээр
сарын 24-нөөс урьдчилсан шатны
тоглолт эхэлж аравдугаар сарын
3-нд медальтнууд тодорно. Эрэгтэйчүүдийн 49 кг Г.Ган-Эрдэнэ, 52 кг Х.Энхдэлгэр,
56 кг-д Лондонгийн олимпийн
мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг Д.Отгонжаргал,
64 кг Б.Чинзориг, 69 кг
Б.Түвшинбат, 75 кг
Н.Шинэбаяр, 81 кг
С.Эрдэнэбаяр, 91 кг
Д.Отгонбаяр, +91кг
Б.Энхбаяр нар
рингнээ гарна.
Азийн наадмын хүндийг
өргөлтийн тэмцээн есдүгээр сарын 20-26-ны
өдрүүдэд болох бөгөөд нийт
15 багц медалийн эзэд тодорно. Эмэгтэйчүүдийн
69 кг Б.Оргилсайхан, 94 кг
А.Амартөгс, 105 кг
Т.Төмөрбаатар нар
оролцох бол эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Анхзаяа,
О.Баярцэцэг, 58 кг
А.Отгонжаргал, Б.Дэнсмаа, +75 Ц.Ариунжаргал нар
өрсөлдөнө.
Монголын багийн ахлагчаар
Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч
Долгорсүрэнгийн Дагвадорж оролцоно. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Ази
тивийн аваргын хүрэл, залуучуудын
ДАШТ-ий мөнгөн медальт
Б.Номин, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг Азийн аваргын
хүрэл медальт Б.Батмагнай,
74 кг-д Азийн спортын
болон Ази тивийн аваргын
хүрэл медальт Д.Гомбодорж,
86 кг Азийн спортын наадмын
хүрэл медальт П.Өсөхбаатар,
96 кг-д Оюутны зуны
универсиад наадмын хүрэл, Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой
хүрэл медальт Д.Хүдэрбулга,
125 кг-д Азийн спортын
наадмын мөнгө, Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дөрвөн хүрэл
медальт Ж.Чулуунбат нар
дэвжээнд гарна. Сонгомол
барилдааны 59 кг-д өсвөрийн
Ази тивийн аварга П.Эрдэнэбилэг оролцох аж.
Харин эмэгтэй багийн хувьд
48 кг-д тивийн аваргын
мөнгөн медальт Э.Нарангэрэл,
55 кг С.Бямбацэрэн, 63 кг-д саяхан дэлхийн
аваргын алтан медаль хүртсэн
олон улсын хэмжээний мастер
С.Цэрэнчимэд, 75 кг-д ДАШТ-ий
мөнгө, хошой хүрэл, Азийн
наадмын хүрэл, Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээний хоёр мөнгө, гурван
хүрэл медальт гавьяат тамирчин
Очирбатын Бурмаа нар оролцоно.
Чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй,
эмэгтэй аль аль баг
нь өндөр амжилт үзүүлэх
боломжтой юм. Ялангуяа эмэгтэй
тамирчид илүү амжилт гаргах
байх гэсэн таамаг хөвөрч
байна.
Тэгвэл шинэ тутам хөгжиж
буй триатлоны спортын төрөлд эрэгтэйчүүдэд
Ч.Гансүх, Н.Тэмүүлэн, эмэгтэйчүүдэд Э.Сүрэнням, Т.Хүслэн нар оролцож
байна. Харин үшүгийн
төрөлд эрэгтэй 56 кг-д Б.Мягмарсүрэн, 70 кг-д Т.Отгонзаяа, эмэгтэй тамирчдын бүрэлдэхүүнд
52 кг-д С.Амгаланжаргал,
60 кг-д А.Зууннаст
нар тулалдана. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд эх орондоо
анх удаа гандболын олон
улсын тэмцээнийг хүлээн авч байсан
манай орон Азийн наадамд
14 хүний бүрэлдэхүүнтэй багаа илгээжээ.
Э.ЭНХБОЛД