Categories
мэдээ нийгэм

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТББ-УУД ЧУУЛЖ БАЙНА

Гадаад
харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран зохион
байгуулж буй “Бүтээлч хамтын ажиллагаа” (Creative collaboration) сэдэвт
нэгдсэн чуулга уулзалт Гадаад харилцааны яам дээр болж байна.

Уулзалтыг
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж, Гадаад харилцааны сайд
Л.Болд төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий
сайд Ц.Алтанхуяг болон Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулгын
мэндчилгээг тус тус уншиж танилцуулав.

Үдээс
өмнөх хуралдаанаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал
Ц.Батбаяр “Монгол Улсын гадаад бодлого”, ГХЯ-ны Консулын газрын захирал
Ш.Сүхбаатар “Иргэдийн эрх ашгийг хамгаалах Консулын албаны үйл ажиллагаа”,
Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын дарга Д.Баттогтох
“Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл ба шилжилт хөдөлгөөн”, Европ-Монголын
Нийгэмлэг, Швед дэх Монголчуудын Үндэсний холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ
“Гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын байгуулсан ТББ-уудын талаархи
нэгдсэн танилцуулга-мэдээлэл”, АНУ дах Монгол Соёлын төвийн тэргүүн, доктор
М.Саруул-Эрдэнэ  “Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын хэл соёлын
асуудалд”, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын гишүүн Д.Үүрцайх “Давхар харьяалал
бодит үзэгдэл болсон хийгээд шийдвэрлэх арга замын тухайд”,  “Цахим
Өртөө холбоо” ТББ, Британийн Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат“Төрийн
байгууллагууд ба Гадаадад буй Монголчуудын Холбоод, ТББ-дын хамтран ажиллах
тогтолцооны загвар” сэдвээр тус тус илтгэл тавив.

Үдээс
хойш “Монгол орны хөгжилд” аравдугаар чуулга уулзалт болох бөгөөд уулзалтын
хүрээнд Өндөр технологи, Шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн танин мэдэхүй,
Нийгмийн эрүүл мэнд, Бизнес эрхлэлт, Урлаг Соёлын менежмент сэдвээр салбар
хуралдаанууд болно.

Хурлдааны
дүнгээр нэгдсэн зөвлөмж гарах юм.

Энэхүү
чуулга уулзалтаар хилийн чанад дахь Монголчуудын үүсгэл санаачлагаар
байгуулагдсан холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудын төлөөлөл чуулж,
тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, төрөөс үйл ажиллагаанд нь дэмжлэг
үзүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах боломж, механизмыг
эрэлхийлэн, бодит үр дүн, хамтын ажиллагааг тууштай эхлүүлэхээр зорьж байгаа
юм.

Түүнчлэн,
гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж суралцаж байгаа монголчуудын сурсан
мэдсэнээ хуваалцдаг, тодорхой асуудал дэвшүүлэн хэлэлцдэг “Монгол орны
хөгжилд” чуулга уулзалтыг Британийн Монголчуудын санаачлагаар 2005 оноос хойш
жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд тохиож буй 10 жилийн ойн чуулга
уулзалтыг хилийн чанадад бус эх орондоо хуралдаж буйтай хамтатган, Гадаад
харилцааны яам, “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас “Бүтээлч хамтын
ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч,
Улсын Их хурал,  Засгийн газар, төрийн холбогдох байгууллагаас дэлхийн
өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, холбоо нийгэмлэгтэй нягт харилцаа
холбоо тогтоох, дуу хоолойг нь сонсох, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх,
монгол хэл соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх түгээхэд нь онцгой анхаарах
үйл хэргийн урьдач үндэс суурийг бий болгох өндөр ач холбогдолтой гэж үзэж
байна.

Чуулга
уулзалтад хилийн чанад дахь монголчуудын холбоо, нийгэмлэг, ТББ-ын 90 орчим
төлөөлөгч, “Цахим өртөө холбоо” ТББ-ын илтгэгч, судлаач 50 орчим, дотоодын
яамд, агентлаг, холбогдох байгууллагын төлөөлөл бүхий 130-150 төлөөлөгч
оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *