Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгой, засаг хоёрын ойлголцол Монголд яагаад хэрэгтэй вэ?

Засаг, Рио хоёр 130 сая ам.долларын татварын асуудлаас болж хоёр тийшээ харчихаад байгаа энэ үед Уул уурхайн дэд сайд Оюу толгойтой ойлголцсон гэсэн гэгээтэй мэдээлэл цацлаа. Ерөнхий сайд ч энэ намартаа багтаж Оюу толгойн асуудлыг шийднэ гээд дуугарчихсан. Дэд сайдын үгээр бол манайх Оюу толгойгоос 130 сая биш 30 сая ам.доллар авъя гэсэн шийд гаргах гэж байгаа бололтой. Татвараа дутуу төлөөгүй гээд мэдэгдчихсэн “Рио”-гийн хувьд ийм шийдвэр гарвал асуудал үүсгэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ засгийн хувьд ойлголцох чиг бариад эхэлсэн учраас “Рио”-той одоо яригдаж байгаагаас өөр тохироо хийж ч мэднэ. Эцсийн дүндээ ойлголцохыг илүүд үзэж таарах болов уу. Ямартай ч Ерөнхий сайдын үг, дэд сайдын мэдээллээс анзаарахад засаг их хэргийн төлөө жижиг маргаанаа хойш тавьж байгаа бололтой.

Маргаан хаанаас эхэлсэн, ямар шалтгаантайг эргэж сөхье. Оюу толгой Татварын ерөнхий газарт хандан компаниа шалгуулахыг хүсч л дээ. Өнөөдүүл нь Бээжингээс өчнөөн контейнер бичиг цаасыг нь авчруулж шалгаад 130 сая ам.долларын татвар төлөөгүй гэсэн факт гаргаад ирж. Тэр даруйд нь акт тавиад явуулсныг хэвлэлүүд шуугилгүй хаачихав. Сайн мэдээ дуулдвал хувьцааны ханш нь өсч, муу мэдээ сонсогдвол ганц шөнийн дотор өчнөөн хувиар уначихдаг зах зээлд хувьцаагаа арилждаг Оюу толгойн гол хувьцаа эзэмшигч “Туркойз хилл” ч дуугүй суугаагүй. “Бид татвараа дутуу төлөөгүй. Үнэхээр тэгж буруутгаж байгаа бол олон улсын шүүхэд хандъя. Хэлэлцээг урагшлуулах ТЭЗҮ-гээ өгөх хугацаагаа ч хойшлууллаа” гэсэн мэдэгдэл гаргаатхав. Хэрвээ ийм мэдэгдэл гаргаагүй бол Оюу толгой татвараа төлдөггүй муу компани гэж дэлхийд харагдаж, нэгэнт уруудсан хувьцааны ханш нь улам унах эрсдэлтэй нүүр тулах байсан гэж эдийн засагчид ярьдаг. Үнэхээр “но”-той бол арбитрт хандана гэж ийм зоригтой дуугарахгүй гэсэн таамаглал ч байдаг. Гэхдээ өнөөдөр татвар дээр ийм тийм шалтгаан бий гэдэг өнцгөөс асуудалд хандах цаг биш. Дэлхийд данстай энэ том төслийн дөрвөн тэрбум ам.доллар авчрах хоёр дахь шатны санхүүжилт гацчихаад байгаа үед “Рио”-той ойлголцчихвол Монголд ямар ашиг өгөх вэ гэдэг үүднээс харвал илүү бодитой, амьдралтай хандлага болно.

Бид Оюу толгойг тойрч улстөржихдөө гарамгай хүмүүс. Энэ том төслөө тойрч эх оронжино гэж жигтэйхэн улс. Эх орондоо хайртайгаа батлах хязгааргүй боломж Оюу толгойг тойроод өчнөөн бий. Тэр өчнөөн боломжоос Оюу толгойн тавин хувийг ард түмэн эзэмших ёстой гэсэн үлгэр хамгийн амжилттай “гялалзан гялтганадаг”. Ингэж хэлсэн хүмүүс хамгийн эх оронч, Монголын төлөөх зүрх нь бүгдээс хүчтэй цохилсон улс болж хувирдаг. “Үнэхээр тийм шүү, энэ муусайн луйварчдаас тавин хувиа авчихвал юу гэж ингэж халаас хоосон явах вэ дээ” гэж ирээд бахархангуй харах хүмүүс зөндөө. Уг нь сонсогдож байгаа шигээ тийм гоё үг биш л дээ. Өнөөдөр яаж байгаа билээ дээ, Оюу толгойн 34 хувийг засаг авсны гор одоо ч гараагүй байна. Хувь эзэмшинэ гэдэг ганцхан ашиг хуваахын нэр биш. Эрсдлээ ч давхар үүрдэг. Өнөөдөр Оюу толгойд дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт орчихоод байгаа. Тэрбум гаруй ам.доллар нь бидний төлөх өр. Учир нь бид энэ төслийн 34 хувийг эзэмшигч. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалтынх нь өртөг мөн л дөрвөн тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Энэ мөнгөний 34 хувь нь мөн л бидний төлөх өр. Нарийн яривал өнөөдрийн үл ойлголцол эндээс эхтэй. Уг нь бусад улс шиг татвараа ном журмаар нь аваад явчихад л болчих асуудал байсан юм. Уул уурхайгаараа хөгжсөн улс бүхэн л энэ замаар ордоосоо ашгаа хүртээд аятайхан амьдарцгааж байна. Гэтэл өнөөдөр бид хувь хүртэх ёстой гэсэн эх орончдоос болж өчнөөн тэрбумын өрөнд орчихоод сууж байгаа нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гашуун үнэн. Хувиа нэмээд тавь болговол бидний төлөх өр өнөөдрийнхөөс ч нэмэгдэнэ. Төлөх мөнгөн дээр хүү энэ тэрийг нь яривал толгой эргэмээр тоо гарна. Учир нь эзэмших 50 хувийнхаа хэрээр хөрөнгө оруулах мөнгө засагт байхгүй.

Дүр эсгэсэн эх орончдод энэ мэтээр тодрох боломж Оюу толгойд хэдэн арваараа бий. Шуудхан хэлэхэд ингэж эх оронждогийн эцсийн зорилгыг гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг сааруулах заль мэх гэчихмээр санагддаг. Саяхан даа, ураны эсрэг тэмцээд байдаг нөхөд жагсаал хийхдээ “Америкийн ардчилалд найдсанаас агуу Орост итгэе” гэсэн бичигтэй лоозон барьсан зураг твиттер, фэйсбүүкээр цацагдсан. Энэ зургийг ШӨХТГ-ны дарга О.Магнай “Францын Аревагийн эсрэг өнгөлөг жагсаалуудын цаад тал өчигдөр тодорхой боллоо. Надад ч мөн эргэлзээ байсан юм” гэсэн тайлбартайгаар жиргэсэн байсан юм. Барууны хөрөнгө оруулалттай том компаниудын хайгуулын ажлыг явуулахгүй, зүгээр л саатуулж цаг хожих маягаар тэмцээд байсныг нь энэ хэдхэн үгнээс харчихаж болохоор. Ураны эсрэг биш гуравдагч хөршийн эсрэг тэмцэл байсан юм уу гэж гайхсан коммент хэд хэд харагдсан.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан хөрөнгө оруулалт галуун цуваа маягаар орж ирдэг гэсэн байна лээ. Товчхондоо толгой галууг сүрэг нь дагадаг гэсэн утгатай зүйрлэл л дээ. Оюу толгой манай улсын хувьд түүчээ галуу. Тэдний төсөл урагштай бол бусад нь мөнгөө оруулна, ойлголцохгүй хоёр тийшээ хараад байвал бусад нь мөнгөө оруулахгүй гэсэн үг. Хөрөнгө оруулалт 70 хувиар татарсан гэж статистикийнхан онцлоод буй нь ийм учиртай. Оюу толгойтой учраа олохгүй, гадны хөрөнгө оруулалттай компанийн лицензийг зуу гаруйгаар нь хураасан учраас гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орж, хөрөнгө оруулалт ингэтлээ татарсан хэрэг. Бид сүүлийн хэдэн жил түүчээ галуу руугаа буугаа онилох болсон.

Сүүлийн үед Оюу толгойн хөрөнгө оруулалтыг анзаарч байхад эдийн засгаас гадна улс төрийн утга илүү тодорч харагдах боллоо. Гуравдагч хөршийн бодлого зүгээр нэг гоё үлгэр үү, бодитой бодлого уу гэдгийг хэмжих барометр нь Оюу толгой болчихоод байна. Ийм том зорилгын төлөө Засгийн газар жижиг маргаан зэргээ золиослосноор тэнэг, гэнэн, арга мухардсан гэж харагдахгүй. Харин ч илүү ухаалаг алхам хийлээ гэж баяр хүргэх хүн олон гарна.

Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт хийгдэж эхэлбэл өчнөөн эерэг нөлөө гарна. Том хөрөнгө оруулагчид галуун цуваа шиг дагаад ороод ирнэ. Америкаас эхлээд дэлхийг хуйлруулсан занарын хувьсгалын эхлэл, том баталгаа нь болж өгнө. Цахилгаан эрчим хүч, төмөр замын хувьсгалын эхлэл болно. Занарын хувьсгалд нэгдэх нь Монголын эдийн засгийн хамгийн том баталгаа. Гадныхны гарыг харахгүйгээр шатахуун, эрчим хүчээ үйлдвэрлэж, хэрэглээнээсээ илүү гарсныг Азийн зах зээлд гаргаж, дэлхийн эрчим хүчний зах зээлийн гол тоглогчоор гялалзах боломж Монголын шатдаг занарт бий. Нөөц нь өчнөөн тэрбумаар яригдаж байгаа гэж сая болсон газрын тосны олон улсын хурал дээр хөрөнгө оруулагчид зүгээр ч нэг онцлоогүй. Хөрөнгө оруулалт татаж чадвал Монголын занар дэлхийд цахиур хагалахаар чанартай гэж мөнгөтэй эрхмүүд дуу нийлүүлснийг онцолъё.Занараа ашиглаад эхэлбэл улс төрийн, эдийн засгийн, улс оршихын баталгаа жинхэнэ утгаараа бүрдэнэ.

Товчхондоо Засгийн газар, Оюу толгой хоёрын ойлголцол Монголыг хоёр хөршийнхөө илүүчилснийг алга тосон авдаг бөглүү хязгаарын улс байх хүсмээргүй тавилангаас аварна. Харин ч эсрэгээрээ олон улсад данстай, цэнхэр гаригт өөрийн гэсэн орон зайтай тусгаар улс оршихын эхлэл болно.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *