Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Ажиглагчийн статус бидэнд хангалттай

ШХАБ-ын гишүүн, ажиглагч, хамтран ажиллагч орны төрийн тэргүүн, төлөөлөгчид өнгөрсөн өдрүүдэд Тажикистаны нийслэл Душанбе хотод чууллаа. Тэнд монголчуудын хувьд түүхэнд тэмдэглэгдэхүйц үйл явдал болж өнгөрсөн. Тодруулбал, Монгол, ОХУ, БНХАУ хэмээгдэх хөрш гурван улсын төрийн тэргүүний уулзалт есдүгээр сарын 11-ний өдөр болсон нь түүхэн дэх анхны тохиолдлоор бүртгэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хөрш гурван улсын зайлшгүй уулзах шалтгааныг тодорхой тайлбарлаж В.Путин, Си Жиньпин нарын тэргүүнүүд үүнийг хүлээн зөвшөөрч өөр бусад саналыг хэлсэн. Тэдний уулзалтаас Монгол Улс, ОХУ, БНХАУ уулзаж хамтын ажиллагааныхаа бүх чиглэлээр асуудлуудаа тодорхой болгож ойрын хугацаанд зайлшгүй уулзахаар тохиролцсон.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй уулзахаас гадна Душанбе хотод ШХАБ-ын тэргүүнүүдийн 14 дэх удаагийн уулзалт дээр мөн үг хэлж Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр өгүүлэхдээ “Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга билээ. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд ШХАБ нь үйл ажиллагааныхаа эдийн засгийн чиглэлд илүүтэй ач холбогдол өгч, тодорхой үйл ажиллагааг явуулж байгаад Монгол Улс өндөр ач холбогдол өгч байна. Бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд цаашид түлхүү оролцох сонирхолтой байгаагаа тэмдэглэе. Эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх энэхүү үйл хэрэгт байгууллагын ажиглагч, түнш орнуудыг татан оролцуулах, энэ чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. ШХАБ-ын хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс нь “Эрчим хүчний клуб” дэх оролцоогоо бэхжүүлэх, удахгүй байгуулахаар ажиллаж буй ШХАБ-ын Хөгжлийн банк, Тусгай дансанд өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан идэвхтэй оролцох хүсэлтэй байна. Түүнчлэн, ШХАБ-ын хүрээнд Монгол, Орос, Хятадын гурван талын дамжин өнгөрөх тээврийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, гурван талт хамтын ажиллагааг байгууллагын хүрээнд хэрэгжиж буй дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн “Торгоны замын эдийн засгийн бүс”, “Транссибирь, Байгал-Амарын гол замын дамжин тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх” зэрэг төсөл болон бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах нь Төв Азийн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй” хэмээн тодотгосон.

Ингээд ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүдийн 14 дэх удаагийн хурал, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос сэтгүүлчид дараахь зүйлийг тодруулсан юм.

Энэ удаагийн уулзалт хэлэлцээрийн талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-“Улаанбаатарын уулзалт” гэдэг санаачилгыг дэвшүүлээд, тэгээд уулзалт болбол үнэхээр түүхэн үйл явдал болно гэсэн эхний сэтгэгдэл байсан. Их богинохон хугацаанд Хятад улсын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал давхцаж түүгээр дахин яригдаж байсан асуудал. Тэгээд манай хоёр хөршийн удирдлагууд олон улсын арга хэмжээний үеэр уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг яах вэ гэдэг талаар гурван улсын ГХЯ, Ерөнхийлөгчийн аппаратын түвшинд ярилцсан. Энэ бол байнга л яригдаж байсан асуудал. Яаж хийх вэ, ямар хэлбэрээр хийх вэ. Наад зах нь хэн гэдэг Ерөнхийлөгчөөр эхэлж үг хэлүүлэх вэ, үсгийн дараалал юу байх вэ гэх мэт нарийн ширийн маш олон асуудал яригдсан. Аль Ерөнхийлөгч нь аль талд зогсох вэ гэх зэрэг. Миний хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Гурван улсын Төрийн тэргүүн гурвуулаа өмнө нь хэлбэрийн талаас нь ярилцдаг байсан. Одоо бол агуулгын талаасаа илүү сайн дэлгэж, шийдвэрлэх талаас нь ярилцахаар болсон.

Орос, Хятадын зүгээс манай улсыг ШХАБын байгууллагад элсүүлэх удаах саналыг тавих байх. Манайх энэ талаар байр сууриа хэрхэн илэрхийлэх вэ?

-Энэ саналыг Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар тавьж байсан. Өмнө нь ч тавьж байсан. Бид бол “Энэ саналыг маш хүндэтгэлтэй сонсч байна” гэж хэлж байсан. Одоогийн бидний томъёолж байгаа томъёолол бол “Монгол Улс их идэвхтэй ажиглагч орон байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байна. Мөн бүс нутгийн томоохон төсөлд Монгол Улс оролцох ёстой. ШХАБ-ын байгууллагын хүрээнд Монгол Улсын оролцоог хэрэгжүүлж байгаа. Дэд бүтцийн шинжтэй бидний сонирхож байгаа дамжин өнгөрөх тээвэр, Монгол Улсад холбогдох боломжтой гэж бид үздэг тэр хөнгөлөлтүүд шийдвэрлэгдэхгүй яваад байгаа. Энэ асуудлаар хөрш хоёр улстай яриад л яваад байгаа. Тэгэхээр гурван талт ярилцъя, бүр ШХАБ-ын гишүүн болон ажиглагчийн хүрээнд томоохон дэд бүтцүүдэд оролцъё. Ялангуяа төмөр зам байна. Тэр байгалийн хий дамжуулах хоолой байна. Мөн эрчим хүч үйлдвэрлэж дамжуулж болох боломж байна. Тэгэхээр энэ боломжуудыг ярилцъя Европ, Азийн авто замаар холбогдох боломжууд байгаа. Тэр ажил руу оръё. Ийм үр дүнгүүд гарах ёстой гэж би харж байгаа. Түүнээс биш зүгээр нэг оролцоод хэдэн минут үг хэлээд хүмүүстэй гар бариад өнгөрөх биш. Энэ ажлаас илүү бодит ажлын үр дүнг хүлээж байна” гэж бид хариулж байгаа. Бид бол идэвхтэй оролцоно. Одоохондоо ажиглагчийн статус нь бидэнд хангалттай юм.

ШХАБд гишүүнээр хүчээр элсүүлээд гэрчилгээ өгнө гэсэн таамаг байдаг. Энэ хэр бодитой вэ?

-Тийм зүйл байхгүй. Тийм бүдүүлэг арга хэрэглэхгүй байх. Бидэнд шууд гишүүнээр элсүүлсэн үнэмлэх гардуулсан ч бид хүлээж авах уу, үгүй юу гэдгээ өөрийнхөө улсын түвшинд илэрхийлэх боломж байгаа. Бид саналаа маш тодорхой хэлж байгаа. Бид дамжин өнгөрөх тээвэр, эдийн засагт үр ашигтай зүйл дээр тохиролцсон тохиолдолд орж болох юм гэсэн байр суурьтай байгаа.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *