Categories
гадаад мэдээ

Малала охиныг буудсан сэжигтнүүдийг баривчилжээ

Хүний эрхийн төлөө тэмцэгч, пакистан охин Малала Юсуфзай охиныг буудсан хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг баривчилсан тухай Пакистаны армиас мэдэгдсэн байна. Малала 2012 онд охидод боловсрол олгохыг шаардсан кампанит ажлыг эхлүүлээд байсан бөгөөд Талибын алан хядагчдаар толгойлуулсан буутай этгээдүүд 2012 оны аравдугаар сард түүнийг сургуулиасаа гарч явахад нь буудсан билээ. Энэ үеэр Малалагийн сургуулийн хоёр хүүхэд мөн шархдсан аж.

Одоогоор халдлагад оролцсон хэргээр “Шура” хэмээх бүлэглэлийн 10 гишүүнийг баривчлаад байгаа юм. Тэднийг байцааж дууссаны дараа хэргийг нь терроризмын эсрэг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Уг хэрэг гарсны дараахан Малала охиныг буудсан хэрэгт 23 настай Улла Кан гэгчийг баривчилж байсан бөгөөд энэ удаагийн мэдэгдэлд түүний талаар ямар нэгэн зүйл дурьдаагүй гэнэ.

Малала Юсуфзайг Тайм сэтгүүл 2013 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр тодруулж байсан төдийгүй өөрийн оршин буй ертөнцөд эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигддөг талаар дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэсний төлөө Нобелийн энхтайвны шагнал олгож байсан юм.  Харамсалтай нь Талибын алан хядагчдын заналхийллээс болж тэрбээр Пакистанд эргэн очих боломжгүй байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *