Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн хүрээнд Ахуйн үйлчилгээний уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил дуусч, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Ахуйн үйлчилгээний уулзварт 28 318 ам метр талбайд хатуу хучилт, 5 547 ам метр талбайд ногоон байгууламж, 7 565 ам метр талбайд явган зорчигчийн зориулалтын зам тавьсан бөгөөд нийт 4.5 тэрбум төгрөгөөр өргөтгөл хийсэн байна.
Энэхүү уулзварыг бүх чиглэлдээ шууд хөндлөн нэвтрэх боломжтой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай, нэвтрүүлэх чадвар сайтай болгон өөрчлөн шинэчлэх зураг төслийг “Дөрвөн тэнхлэг” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэжээ. Уулзварын өргөтгөл шинэчлэлийн зурвастай давхацсан дулааны шугамуудыг шинэчлэн шилжүүлж, хоёр байршилд дулааны худгийн узелийг авто замын даацад тохируулан хана, тагийг хүчитгэж, бетон-арматурчлал хийжээ. Мөн цэвэр усны 220 метр шугамыг хамгаалалттай болгосон, 55 ширхэг шүүрт болон үзлэгийн худаг, борооны ус зайлуулах 1200 метр шугам шинээр хийж, төвийн шугамд холбосон, троллейбусны хуучин шугамуудыг сольж, гудамжны гэрэлтүүлгийн хамт шинээр суурилуулсан зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.