Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 58, 75 кг жингийн барилдаан болж, медалтнууд тодорно.
Тэмцээний 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт,
Монгол Улсын Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа мөнгөн медалийн төлөөх
барилдаанд Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5 харьцаагаар ялагдаж, хүрэл
медалийн төлөө Колумбийн А.Олаятай барилдахаар боллоо.
О.Бурмаа эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын
алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Катерина Бурмистроватай
барилдаж, 5:0-ийн харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн
наймд Дэлхийн тав, Европын зургаан удаагийн аварга Болгарын бөх Станка
Златеватай барилдаж, 6:3-ийн харьцаагаар ялснаар шилдэг дөрөвт багтсан.
О.Бурмаагийн хувьд энэхүү барилдаан маш хүнд болсон бөгөөд 1:3-аар
ялагдаж явсан тэрээр сүүлийн 5 секундын өмнө 4 оноо авч ялалт
байгууллаа. Болгарын дасгалжуулагч барилдааныг нягталж харах хүсэлт
гаргасан ч шүүгчийн шийдвэр хэвээр үлдэж манай бөхөд 1+ оноо өгснөөр
барилдаан 6:3-ийн харьцаагаар О.Бурмаагийн ялалтаар өндөрлөсөн.
Мөнгөн медалийн төлөө О.Бурмаа Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5-ын
харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө Колумбийн А.Олаятай
барилдахаар шалгараад байна.
Тэмцээний 58 кг-д ДАШТ-ний хошой хүрэл, Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Т.Мөнхтуяа эхний барилдаанд
Бразилийн бөх Жойс Соузатай барилдаж 6:4 харьцаагаар
ялсан ч удаах тойрогт ДАШТ-ний хүрэл медальт, Европийн аварга ОХУ-ын бөх
Валерия Кобловатай барилдаж 10:0 харьцаагаар оноогоор цэвэр ялагдсан.
Түүнийг ялсан Коблова Турк, Эквадерийн бөхчүүдийг ялснаар алтан медалийн
төлөө барилдахаар шалгарлаа.
Т.Мөнхтуяа дагах барилдаанд Италийн бөх Карола Рэйнеротой барилдаж 14:4
харьцаагаар ялсан ч Туркийн бөхөд 0:8-ийн харьцаагаар ялагдснаар
тэмцээнээ дуусгалаа.
Тэмцээний 53 кг-ын жинд ДАШТ-ний мөнгөн медальт, Олон
улсын хэмжээний мастер Э.Сумьяа нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Нурмала
Дэвиг даралтаар цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт Дэлхийн залуучуудын
аварга АНУ-ын бөх Уитни Кондортой барилдаж, оноо тэнцүү боловч сүүлд
оноо алдсанаараа ялагдлаа. (I үед 2:2, II үед 2:2)
Ийнхүү өнөөдөр дэвжээнд гарсан манай гурван бөхчүүдээс 75 кг-ын жинд
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Очирбатын
Бурмаа хүрэл медалийн төлөө Колумбийн А.Олаятай барилдахаар шалгарлаа.
Шигшээ барилдаан 21.00 цагаас эхэлнэ.