Узбек улсын Ташкент хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс
61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, 65 кг-ын жинд гавьяат тамирчин
Г.Мандахнаран нар хүрэл медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн
хасах 60 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж эх орныхоо төрийн
далбааг Ташкентын тэнгэрт мандууллаа. Яг энэ цаг мөчид бид түүний гэр бүлийнхэнтэй
хамт алтан медалийн төлөөх барилдааныг үзэж, баяр хөөрийг нь хуваалцсан юм.
С.Цэрэнчимэд ээж, ахынхаа хамт “Цайз” захын Алтан-Өлгийн гэр хороололд
амьдардаг юм байна. “Цайз” захаас дээш Цагаан даваа явах замаар гурван километр
орчим яваад дөнгөж барьж буй хашаа байшинтай туллаа. Түүний төрсөн ах Майдар биднийг
тосонгоо “Манайх байшингаа янзалж орох санаатай. Жаахан ундуй, сундуй л байгаа даа”
гэсээр санаа зовсон байдалтай дотогш орлоо. С.Цэрэнчимэдийн ээж Д.Лхагвадулам ногоон
торгон дээл өмсчихсөн, төрсөн эгч Баярмаа нь нөхөр Отгонбаатартайгаа Эрдэнэтээс
ирсэн гээд хамт дүүгийнхээ барилдааныг үзэхээр зурагтаа тойроод сууцгааж байв.
Байшингаа янзлахаар барилгын ажил хийж байгаа болохоор гэрийн тавилгаа
нэг булан руу нь хураачихаж. Харин зурагтаа байшингийнхаа голд тавьчихсан байв.
Зурагтынхаа хажууд охиныхоо медалиудыг, мөн залуучуудын ДАШТ-д аварга болж байсан
зургийг нь тавьсан харагдав. Ах Майдар
нь “Ээж бид хоёр өдөр гадуур ажилтай яваад гэртээ барилдааныг нь үзэж чадаагүй.
Интернэт орж үзсэн юм. Оростой барилдахад нэг их айгаагүй. Японы бөхтэй барилдахад
уначих вий дээ гэж жаахан сандарсан. Утсаар бичлэг хийж байсан чинь бүр гар чичрээд
байсан. Миний дүү ёстой мундаг барилдсан” гээд инээд алдан их л сэтгэл хангалуун
ярив. Харин ээж нь хүүгийнхээ яриаг өлгөж аваад “Өдөр интернэтээр охиныхоо барилдааныг
үзэхдээ олны газар байгаа гэдгээ ч мартчихаж. Бараг л хашгирчихсан” гээд духныхаа
хөлсийг арчин бурхныхаа зүг босов. Бурхныхаа өмнө очоод хоёр алгаа хавсран амандаа
маани уншин “Хань минь охиныхоо заяаг тэнгэрээс түшиж хайрла. Охин чинь ямар мундаг
хүн болсныг чи минь харж байгаа биз дээ” гэх нь сонстов. Нэлээд удаан залбирч, бурхныхаа
өмнө арц уугиулж, хүрд эргүүлээд эргээд зурагтынхаа өмнө суув. Цэрэнчимэдийн аав
Ж.Сүхээ өөд болоод нэлээд олон жил болж байгаа юм байна. Д.Лхагвадулам ханийгаа
нутаг усандаа алдартай бөх хүн байсан учраас охиноо аавыгаа дуурайсан сайн бөх болно
гэдэгт ямагт итгэж явдгаа ярьсан. Хэнтий аймгийнхан түүнийг Заан Сүхээ гэхэд андахгүй
гэнэ.
Ингээд аваргын төлөө
барилдаан ч эхэллээ. Хүргэн ах, эгч хоёр нь ч зурагтандаа дөхөж дүүгийнхээ бэлтгэлд
өмсдөг, төрийн далбаатай цамцыг нь гаргаж ирэн захыг нь мушгиж харагдав. Харин ээж
нь хоёр алгаа хавсран суух бөгөөд өндөлзөн, ухас ухас хийнэ. Майдар ах нь “Миний
дүү аварга болж чадна шүү” гэж чанга дуугаар байнга зоригжуулах аятай хэлж байв.
Барилдааны үеэр Цэрэнчимэд их л зоригтой дайрч барилдсан. Ээж нь “Азарбейжаны бөх
миний охиноос яасан эгчмэд юм бэ. Хашир байгаа даа” гэж сандарна. Хэдий нас бага
гэдэг нь дэвжээнд барилдахад илт харагдаж байгаа ч хэд хэдэн удаа дэвжээн дээр угзарч,
бяраар илүү харагдаж байв. Үүнийг харсан ах нь “Миний дүүд аавын бяр байна шүү”
гэх. Эхний 30 секундэд нэг оноо алдахад нь сандарч байсан ч өрсөлдөгчөө 12:3 оноогоор
буулгаж авсан. Бас болоогүй өрсөлдөгч нь хоёр торгуулсан байв. Цэрэнчимэд сайхан барилдаан үзүүлж өрсөлдөгчөө
давсан бол гэрийнхэн нь түүний давахыг хараад хоорондоо тэврэлдэн ёстой л уйлалдаж,
зурагтаараа хамт байсан юм.
Хүн бүр дор бүрнээ
тогтож чадахгүй, бие бие рүүгээ харцгаах.
Ингээд аваргын ээж
Д.Лхагвадуламаас сэтгэгдлийг нь хуваалцав.
-Юуны өмнө охин тань дэлхийн аварга болсонд
баяр хүргэе. Үнэхээр тэсч ядан гэр бүлээрээ хүлээлээ шүү?
-Тэглээ. Миний охин
эх орныхоо, эцгийнхээ, хамт олныхоо нэрийг дэлхийн давцанд цуурайтуулсанд баяртай
байна. Охиноороо үнэхээр бахархаж байна (хоолой нь зангирч, нулимс унагав).
-Охиныгоо тэмцээнд явахад юу гэж захиж
байсан бэ?
-Миний охин сайхан
амжилт үзүүлээд ирээрэй. Бид нар байшингаа янзлаад л хүлээж байя” гэж хэлээд үнсээд
үлдсэн. Харин охин маань “Би том амжилтад хүрэх болно” гээд явсан. Эгч нь өглөө
болгон цайныхаа дээжийг өргөж, мэддэг маани мэгзмээ уншиж залбирч байлаа. Уржигдар
сугалаа сугалах өдөр нь гандан орж ном уншуулаад, тагтаа хооллоод ирсэн.
-Таны хань бөх хүн байжээ?
-Миний хань Хэнтий
аймгийн Цэнхэрмандал сумын хүн байсан. 1998 онд өөд болсон. Аймгийн заан Жигжидсүрэнгийн
Сүхээ гэж хүн байлаа. Хэнтий аймгийнхан “Заан” Сүхээ гэхээр андахгүй мэднэ. Том
биетэй, бяр чадалтай хүн байсан. Ер нь ханийн тал их хүчтэй хүмүүс байсан гэдэг.
Манай хадам ээж Тунбааш гээд хөгшин их бяртай хүн байсан гэж нутаг усныхан ярьдаг.
Сүхээ цэргээс ирчихээд эмнэг сургаж хоёр чихийг нь хулмайтал нь барьчихаад “Алив
ээж барьж чадах уу. Би гэрээс хазаар аваад ирье” гэхэд “Үзээд алдъя” гээд эмнэг
морийг чихдэж байсан гэдэг. Манай аав, ах дүүс нь их бяртай хүмүүс байсан гэж ярьдаг.
Тэгэхээр охин маань их юм дуулгана гэдэгт итгдэг.
-Ах Майдар бас барилдаж байсан гэв үү?
-Миний хүү 2007 онд
Солонгос руу ажил хийхээр явсан юм. Явахаасаа өмнө дүүгээ “Алдар” спорт хороонд
аваачиж Хосбаяр, Цогтбаяр багш нарт шавиар оруулж байсан. Өөрөө “Аварга” дээд сургуульд
сурдаг, чөлөөтөөр барилддаг байсан юм. Даанч бэлтгэлийн үеэр гэмтэл аваад спортоо
орхисон. Уг нь тухайн үед Бат-Эрдэнэ аварга миний хүүг овоо бөх гарч ирнэ гэдэг
байсан юм билээ. Хүү л дүүгээ сайн бөх болгоно гээд энд байхдаа өглөө гүйлгэж, мэх
заадаг байсансан. Саяхан харь нутгаас ирээд ээж, дүү хоёртойгоо байшин барьж орох
санаатай үзэж тарж байна.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Холбооны техникч
хийж байсан.
-Одоо юу хийж байна?
-“Цайз” захаас Алтан-Өлгийн
гэр хороолол руу 500 төгрөгөөр хүн зөөж байна. Өөрийн нэг жижиг тэрэг бий. Түүгээрээ
өглөө 06 цагаас эхлээд орой болтол өгсч, уруудах хүн зөөдөг. Өвлийн хүйтэнд манай
энд чинь хэцүү. Даарч бээрсэн хүүхдүүд таарвал мөнгөгүй аваад “Цайз” зах руу бууна.
-Өдөрт хэдэн төгрөг олох уу?
-Хүн ихтэй үед бол
30 мянган төгрөг олчихноо. Олсон мөнгөөрөө хоол ундаа болгочихдог л юм.
-Цэрэнчимэд гэрийн ажилд хэр вэ?
-Сайн. Хүн болгоныг
л ахаа, эгчээ гээд мэндлээд сүрхий гүйнэ. Хоол сайхан хийнэ. Хаана ингэж сурсан
юм бол гээд байсан чинь бэлтгэлд гарахдаа л хоолоо хийж сурсан юм шиг байгаа юм.
Усанд явна. Бага байхын л эмээтэйгээ шуудайнд үхрийн нойтон баас хийчихээд “би дийлнэ,
дийлнээ” гээд чирээд явдаг хүүхэд байж билээ. Их сэргэлэн. Хүний заасан зүйлийг
хурдан сурдаг.
-Одоо хэдэн настай юм бэ?
-Миний охин чинь
18 нас хүрч байна. 16 настайдаа Олон улсын мастер болсон шүү дээ. Охины маань амжилт
Хосоо багштай нь салшгүй холбоотой. Бид их баярлаж явдаг Хосоо багшдаа. Ийш тийшээ тэмцээнд явахад нь багш нь л өнчин
өрөөсөн, амьдрал ахуйг маань мэддэг учраас хүн амьтантай уулзаад мөнгө төгрөг, зардлыг
нь олоод өгье гээд их зүтгэж авч явдаг. Ганц манай хүүхэд гэлтгүй бусад шавь нарынхаа
аавынх нь оронд аав болж, хүний хүүхдийн төлөө төрсөн хүн шүү дээ.
-Охин тань барилдахаас гадна сурч байгаа
юу?
-Их сургуульд одоохондоо
ороогүй. Уг нь МУИС-д эдийн засагчаар сурна гэж байсан. Энэ жилдээ чадсангүй.
Залуучуудын дэлхийн
аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ С.Цэрэнчимэд
эхний тойрогт дэлхийн аваргын таван медальт, Европын таван удаагийн аварга ОХУ-ын
бөх Наталя Гольтцыг онооны илт давуугаар ялж Японы тамирчин бөхийг мөн цэвэр ялж,
хагас шигшээд шалгарсан. Ингээд мөнгөн медалийн төлөө Финландын бөхийг ялж, финалд
шалгарсан юм. Ингээд алтан медалийн төлөө
Азербайжаны бөх Раткевичтэй барилдаж ийн ялж аваргын алтан медалийг хүртсэн юм.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН