Categories
мэдээ нийгэм

Монголд элэгний С вирусийг устгах боломжтой гэнэ

Манай улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог агаад дэлхийн дунджаас найм дахин их үзүүлэлттэй байна. Энэхүү нас баралтын 95 хувь нь гепатит В, С, Д вирусийн архаг халдвараас үүдэлтэй аж. Элэг хамгаалах “Оном” сангаас “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг санаачлан, эрдэмтэд судлаачидтай хамтран цогц бодлого боловсруулан ажиллах болсноо зарлав. 2013 онд хийсэн вируст гепатитийн тархалтын судалгаа болон бусад судалгааны дүнг харьцуулж үзээд “Монгол Улсад 400 мянга гаруй хүн вируст гепатитийн архаг халдвартай байна” гэсэн дүгнэлтэд хүрснээ “Оном” сангийнхан мэдээлж байна. Тэр тусмаа элэгний вирус тээгч гэдгээ өвчтөнүүдийн 30 хувь нь мэддэг бол үлдсэн 70 хувь нь вирустэй гэдгээ ч мэдэхгүй явдаг гэж таамаглав. Тийм учраас хүн амыг бүхэлд нь түргэвчилсэн, хямд тестийн аргаар шинжилгээнд хамруулахыг зорьж байгаа гэнэ. Тус сангаас өнгөрсөн долдугаар сараас эхлэн вирустэй хүмүүсийг мессежээр бүртгэж эхэлсэн.151103 дугаарт бүртгүүлэхдээ овог, нэр, регистр, хүйс, вирусийн төрлөө тус бүрт нь таслалаар зааглан бичиж илгээх учиртай. Элэгний өвчний эсрэг тэдний гол зэвсэг нь АНУ-ын Gilead
Sciences компанийн шинээр гаргасан вируст гепатитийн шинэ эмчилгээ болох Soval­di
(Софосбувир) эм юм. 2013 оны 12 сард АНУ-ын Хүнс эмийн агентлаг (FDA) уг эмийг архаг гепатитын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Энэхүү шинэ эм нь эмчилгээний хугацааг богиносгодог аж. Одоо хэрэглэгдэж байгаа интеферон, рибавирин хавсарсан эмчилгээ нь хамгийн багадаа 48 долоо хоног үргэлжилдэг бол шинэ эмийн эмчилгээ 12 эсвэл 24 долоо хоног үргэлжилдэг аж. Хэвлэлийн хуралд оролцсон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Я.Дагвадорж “Одоо хэрэглэж байгаа интерферон эмийн үр дүн дангаараа 40-50 хувиас дээш гардаггүй. Гэхдээ элэгний хатуурлаас сэргийлдэг учраас зүгээр байхтай зүйрлэшгүй л дээ” гэв. Түүний хэлсэн бас нэг анхаарал татсан зүйл нь “Монголд тохиолддог элэгний вирусийн генотип (тухайн вирусийн удмын бүтэц)-ийн 90 гаруй хувь нь интерферонд дуулгавар муутай хувилбар. Харин шинэ эмийг интерферонтой хавсарч хэрэглэхэд эрүүл болгодог” гэлээ. Одоогоор энэ шинэ эмийг дэлхийн 40 орчим оронд нэвтрүүлээд байна.

Шинэ эмийн үнийг уншигчид сонирхож байгаа. Софосбувирийн нэг курс эмчилгээний өртөг нь АНУ-д 84 мянган ам.доллар, Германд 66 мянган ам.доллар гэх мэтээр ялгаатай байна. Хэдийгээр энэ эмийн үнэ монголчуудын хувьд хэт өндөр сонсогдож байгаа ч хорт хавдрын эмчилгээтэй харьцуулбал хямд учраас Америкт өндөр үнээр худалдаж авдаг аж. Тус эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тухайн улс орны төлбөрийн чадвартай уялдуулахыг үйлдвэрлэгч нь хичээдэг гэнэ. Тус компани Монголыг Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөртөө хамруулан уг эмийн нэг курс эмчилгээг 900 ам.доллараар нэвтрүүлэх саналаа ЭМЯ, Засгийн газарт тавьсан. Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөрийн үндсэн шаардлага нь Засгийн газар нэгдсэн байдлаар худалдан авалт хийгээд ард түмэндээ үнэ төлбөргүй эмчилгээ хийх юм. Гэсэн ч манай улсад элэгний өвчлөл өндөр байдаг учраас ЭМЯ дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэсэн яриа сонсогдов. УИХ-д энэ сэдэв хэлэлцэгдэх юм байна.

“Оном” сангаас “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шийдвэр гаргагчдад хандан дараахь саналыг дэвшүүлсэн байна.

“Софосбувир” эмийг Монгол Улсад бүртгэх ажлыг түргэвчлэх, эмчилгээ хийхэд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, тодорхой хувийг төрөөс даах, шинэ эмийн үнийг хямдруулах үүднээс гааль болон НӨАТ-аас чөлөөлөх, “Эрүүл элэг” хөтөлбөрт эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажил үүргийн дагуу оролцох эрх зүйн зөвшөөрөл өгөх юм байна.

Ономсанг санаачлагчид хэн бэ?

-“Оном” сангийн Удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар АНУ-ын Аргонне үндэсний лабораторид ажиллаж байсан. Физикч мэргэжилтэй, шинжлэх ухааны доктор аж. Түүний дүү “Оном” сангийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал нь 2005 онд Бээжингийн их сургуулийн Анагаах ухааны салбарыг хүний их эмчээр төгссөн. Их Британид Ноттингхамын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2012 онд Канад улсын “Grand
Challenges Canada” байгууллагын “Stars in Global Health” нэртэй, нөлөөтэй өвөрмөц санааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Вируст Гепатитийн эсрэг авах арга хэмжээ” сэдэвт төсөл дэвшүүлж, санхүүжилт авсан нь “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийн эхлэлийг тавьсан гэнэ.

Д.Наранбаатараас энэ талаар тодрууллаа.

Энэ хөтөлбөрийг санаачлах болсон шалтгаан юу вэ. Энэ бүхэн яаж эхлэв?

-Хүний амьдралын түүх юм даа. Манай хоёр авга ах элэгний хавдраар нас барсан. Аав, ээж маань хоёулаа С вирусийн халдвартай байсан. Аавыг АНУ-д аваачиж, эмчилгээнд оруулаад бүрэн эдгэсэн. Нэг нь багш, нөгөө нь эрүүл мэндийн салбарын хүмүүс. Бид өөрсдөө шинжлэх ухааны улсууд учраас “Монголд элэгний өвчлөл үнэхээр асуудалтай, аюултай байна” гэж бодсон. Манайх шиг түүхтэй гэр бүл олон байгаа. Бид чадах юмаа хийе гэсэн зорилготой яваа. Хоёр жилийн өмнөөс судалгаа хийж, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр явж байна.

Өмнө нь төр засаг юм хийгээч ээ гэцгээдэг байсан. Одоо хувь хүмүүс монголчуудын эрүүл мэндийн маш том асуудлыг шийдэхээр явж байгаа нь бас нэг үзэгдэл юм болов уу?

-Ерөнхийлөгч хэлээд байгаа. Төр бүгдийг хийхээ больё гэж. Бид өөрсдөө санаачилга гаргаад, өөрсдөө хийхгүй бол гадны хүн орж ирээд биднийг аврахгүй, асуудлыг шийдэхгүй. Тэр тусмаа залуус маань сэтгэл гаргаад зүтгэх хэрэгтэй. Энэ бол бизнес биш. Монгол хүний сайн сайхны төлөө зайлшгүй хийх ёстой зүйл. Аль болох эм, эмчилгээний өртөг үнийг хямд байлгах, аль болох олон хүнийг хамруулах, үндэсний хэмжээнд цогцоор хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллана даа.

Моод Монголоор дуусдаг гэдэг байсан. Гэтэл одоо зах зээлд нэвтрээд удаагүй шинэ эмийг Монголд оруулж ирэхээр ярьж байна?

-Моод Монголоос эхэлдэг болж байгаа. Энэ эмийг 2013 оны 12 сарын 6-нд Америкийн Хүнс эмийн агентлагаас(FDA) хүлээн зөвшөөрсөн. Европын холбооны Эмийн агентлаг энэ оны нэг сард худалдах, сурталчлах зөвшөөрлийг өгсөн. Шинэ эм хямд үнээр орж ирэхээр “Өө энэ худлаа юм болох гээд байна, туршилт хийх гээд байна” гэсэн хардлага бий. Энэ тийм биш ээ. Дэлхийн шинжлэх ухааны ололтыг бид хамгийн түрүүнд авч хэрэглэхээр зорьж байна. Манайх цөөхөн хүн амтай, сонирхолтой орон. Энэ давуу талаа түшиглээд шинжлэх ухааны ололтыг хямд үнээр оруулж ирээд үр дүнг нь богино хугацаанд харах боломж байна. АНУ-д гэхэд энэ компани эхний зургаан сард 6 тэрбум долларын орлого олчихсон байгаа. Ард түмэн маань туршилт хийх гэж байна гэж айх хэрэггүй. ДЭМБ-аас хэрэглэ гээд зарлачихсан. Бид шинжлэх ухааны ололтыг хугацаа алдахгүй нэвтрүүлээд ард түмнээ эмчилж авах нь л хамгийн чухал байна.

Софосбувир эмийг үйлдвэрлэсэн “Gilead
Sciences”-
ийн төлөөлөгчид Монголд ирсэн. Эмийн зах зээлийн хувьд манайх жижиг, төлбөрийн чадвар бага байхад Монголд яагаад анхаарал хандуулсан юм бол?

-Мэдээж бид энэ чиглэлээр маш их хүчин чармайлт тавьж байгаа. Мөн Монгол Улс маань маш сонирхолтой улс. Бидэнд 400 мянга гэдэг тоо маш их санагдаж байна. Гэхдээ өвчтэй хүний тоо бусад улстай харьцуулбал бага учраас үр дүн түргэн гарах боломжтой. Жишээлбэл Энэтхэгт 100 мянган хүн тутамд ногдох өвчтөний тоо бага байлаа ч хэдэн тэрбум хүнтэй улс учраас өвчтэй хүн сая саяар тоологдоно шүү дээ. Хичнээн их юм хийлээ ч хүн амын тоо угаасаа их учраас үр дүн нь шууд харагдахгүй. ДЭМБ энэ сарын 12-нд семинар зохион байгуулах гэж байгаа. ДЭМБ хүмүүсээ явуулаад, Монгол Улсад элэгний өвчлөлийг устгах боломжтой юм байна гэж харж байгаа. Жилд 2500 хүн вируст гепатитийн халдвараас болоод нас барж байна. 100 мянган хүнд ногдох элэгний өвчний нас баралтаар манай улс дэлхийд номер нэг байгаа. Ийм болохоор дэлхий бидэнд хандаад “Танайх болохоо больчихжээ, танайд тусалъя, хамтарч ажиллая, судалгаа хийе” гэдэг. Жишээлбэл Стэнфордын их сургуулийнхан бидэнтэй хамтарч ажиллах гэж байна. ДЭМБ хамтарч ажиллах гэж байна.

Дэлхийн хэмжээнд анхаарч байгаа юм байж, манай шийдвэр гаргагчид хэр тоож байна?

-Анхааралгүй яах вэ. зургаан сард бид албан ёсны уулзалт зохион байгуулаад явж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй уулзсан. Энэ асуудлыг бүгд мэдэж байгаа. УИХ-ын гишүүд энэ асуудлыг их дэмжиж байгаа. Дэмжээд ярих бол өөр. Ажил болгохоор эцсээ хүртэл зүтгэнэ. 2020 онд үр дүнгээ ярилцах хэмжээнд очсон байна гэж найдаж байна.

Засгийн газраас хүмүүстээ энэ эмийг 900 доллараар авч өгөх болов уу. Гэтэл энэ санаачилга дэмжигдэхгүй бол өөр ямар арга чарга байгаа вэ?

-Тэр бүх л зүйлийг судлаад Эрүүл мэндийн даатгалд хамруулах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн.

Вирустэй хүмүүсийг долдугаар сараас бүртгээд байсан. Олон хүн хандсан уу?

-Вируст гепатитийн Үндэсний мэдээллийн төв гэж байгуулагдаад, 4300 орчим хүн бүртгэгдсэн. Техт мессежээр 1500 орчим хүн бүртгэлтэй байгаа. Өнгөрсөн гурван сараас бэлтгэл ажлаа хийж байна. Вируст гепатитийн халдвартай 400 мянган хүн байна.

Вируст гепатитийн халдвартай хүмүүсийн 30 хувь нь вирустэй гэдгээ мэддэг үлдсэн 70 хувь нь мэддэггүй гэж дүгнэсэн байна лээ. Мэдэхгүй байгаа хүмүүст мэдүүлэх талаас нь юу хийх вэ. ЭМЯ энэ хөтөлбөрт оролцох уу?

-Албан байгууллагуудаар явж тест хийхэд вирус тээгч 20 орчим хүнээс 7-8 хүн нь мэддэг 14-15 хүн нь мэдээгүй байсан. Манайд хандаж байгаа байгууллагууд бий. Үүнийг аян байдлаар зохион байгуулж, нийт хүн амыг тестээр шинжилгээнд хамруулаад явна. Үүнийг эрүүл мэндийн анхан, дунд шатны эмнэлгүүдээр дамжуулж зохион байгуулна. ЭМЯ-нд санал хүргүүлээд байгаа. ЭМЯ оролцохоос өөр арга байхгүй. Нийтээрээ зүтгэхгүй бол ганц байгууллага, хэсэг хүн зүтгээд амжихгүй ажил гэв.

Б.Янжмаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *