Categories
мэдээ нийгэм

“Шим” группын захирал Л.Цандэлэг: Төр тариаланчдаа боомилж байна

Буудайн үнийг бууруулах, урамшууллыг хасах шийдвэр гаргасантай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар тариалан эрхлэгчдийн төлөөлөл болох “Шим” группын захирал Л.Цандэлэгтэй товч ярилцлаа.

-Тариаланчид та бүхэн юунаас болж жагсаал зохион байгуулж байгаа юм бэ?

-Өнгөрсөн долоо хоногт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдэл гаргасан. Түүн дээр буудайны үнийг 500 мянган төгрөгөөс дээш гаргавал урамшууллыг хасна. Эсвэл ОХУ-аас буудай оруулж ирнэ хэмээсэн. Мөн гурил үйлдвэрлэгчдэдээ хямдаар өгөхөөр тусгасан. Ингэж тариалан эрхлэгчдээ дэмжихийн оронд төр нь элдэв тогтоол, шийдвэрээр далайлгаж, дарамталж байна шүү дээ. Үүнийг л бид эсэргүүцээд байгаа юм. Бидний хувьд “Та нар өөрсдөө хивгээ 550 мянгад зардаг байж энэ үнээрээ буудай авахгүй гэж юу яриад байгаа юм” гэдэг асуудлыг тавьж байгаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал нар дээрх мэдэгдлийг гаргасан. Гэхдээ энэ бүхнийг “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан гэж нөхөр хийгээд байгаа юм. Тэр хүн гурил үйлдвэрлэгчдийн хурал дээр үйлдвэрлэгч нартай уулзаж, тариаланчдын урамшууллыг өгөхгүй байя, хямдаар буудай авъя гэсэн санаачилгыг гаргасан гэсэн. Үүнийг л тариаланчид сонсчихоод эсэргүүцэж байгаа нь энэ.

-Тариаланчдын зүгээс нэг тонн буудайг хичнээн төгрөгөөр өгөх хүсэлтэй байгаа юм бэ?

-Бид одоохондоо үнийн талаар огт яриагүй байгаа. Улаан буудайн өөрийн өртөг гэж нэг зүйл байна. Гэтэл яам өнөөдөр болохоор 430 мянган төгрөг гэж гаргачихаад, маргааш нь түүнийгээ 370 мянга гэх мэтээр хоёр янзаар гаргаад байх юм. Ингэж яам нь гурил үйлдвэрлэгч нарынхаа талд орчихсон. Бидний хувьд нэг тонн буудай дор хаяж 550-600 мянган төгрөг байхаар тооцож байгаа. Бусад үйлдвэрүүд болохоор энэ үнээр нь авч байгаа. Ганцхан тэр “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан гэж нөхөр л сайд, төрийн нарийнтай нийлчихээд тариаланчдын эсрэг зүйл зохион байгуулаад байгаа байхгүй юу.

-Хэрэв 500 мянгаас дээш төгрөгөөр худалдаж авбал урамшууллын 100 мянган төгрөгийг өгөхгүй гэдгийг яамнаас тавьж байгаа юм билээ?

-Төр биднийг боомилж байна. Ийм зүйл байж болохгүй шүү дээ. Бид маш их хөдөлмөрийн дүнд буудайгаа хураан авдаг. Гэтэл төр нь бидний хөдөлмөрийг ингэж дор үнэлж, дарамталж болохгүй шүү дээ.

-Тариаланчид та бүхэн цаашид хэрхэх вэ?

-Сая тариалан эрхлэгчид бүгдээрээ цуглаж ярилцлаа. Бид одоо сайдад эсэргүүцлээ албан ёсоор мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлнэ. Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй бол дараагийн шатны арга хэмжээгээ авна.

-Ямар арга хэмжээ вэ, магадгүй буудай нийлүүлэх, нийлүүлэхгүй гэдэг маргаанаас гурилын үнэ нэмэгдэж болзошгүй юм?

-Яг ямар арга хэмжээ авахаа хараахан тохироогүй байна. Гэхдээ УИХ-д ч юм уу хандаж, ийм зохимжгүй шийдвэр гаргасных нь төлөө хариуцлага тооцуулах асуудлыг тавина.

-Та бүхэн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах уу. Яагаад гаднаас буудай авна гээд байгаа юм бэ?

-Бид бүрэн хангана. Хэрэв гаднаас буудайгаа авбал бид дотооддоо улаан буудай тариалахын хэрэг юу байна вэ. Өөрсдөдөө ашигтай рапсаа тариад л байж байя л даа. Төр нь улаан буудайгаа гадаадаас л авдаг юм байгаа биз. Ийм бодол бодоход хүртэл хүргэж байна шүү дээ. Биднийг айлгаад байгаа юм уу, эсвэл дарамтлаад байгаа юм уу. Үндэсний үйлдвэрлэл түүний дотор хөдөө, аж ахуйг унагаах гээд байгаа юм уу. Ганц хоёрхон компанийн эрх ашгийн төлөө олон нийтийн эрхийг ингэж хохироож болохгүй л дээ.

-“Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан гаднаас илүү хямд буудай авах гээд байгаа учраас ийм зүйл зохион байгуулаад байгаа юм болов уу?

-Мэдэхгүй. Ямар ч байсан тэр хүн яамны дарга, сайд нарыг л удирдаад байна. Ийм санаачилга гаргаад, түүнийгээ дарга нараар батлуулчихаад бүх нийтэд тулгаад яваад байна.

-Ер нь энэ жил тариалан эрхлэгчдээс хичнээн тонн улаан буудай нийлүүлэхээр төлөвлөөд байгаа юм бэ?

-Буудайн болц арай болоогүй байна. Ер нь бол 400-аад мянган тонн байх болох болов уу. Энэ нь төлөвлөж байсан хэмжээндээ арай хүрэхгүй байгаа.

Т.Гэрэл

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *