Categories
мэдээ нийгэм

ХУРАНДАА Д.ЦОГТБААТАР ХЭЛМЭГДСЭЭР БАЙНА

ТЕГын Сөрөх тагнуулын газрын даргаар хурандаа
Д.Цогтбаатар гэдэг хүн ажиллаж байсан нь нийтэд ил болоод нэлээд удлаа. Энэ
хугацаанд хурандаа Д.Цогтбаатар Төрийн нууц задруулсан гэнэ, Германы иргэнийг
залилсан гэнэ, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэнэ…, түүнийг цагдан
хорьсон гэнэ, сулласан гэнэ, ажилдаа орох гэж байгаа гэнэ, дахиад цагдан
хорьсон гэнэ, хорих хугацааг нь сунгасан гэнэ…, иймэрхүү сенсаци дэгдээд
даруй 200 гаруй хоног өнгөрч байтал хурандаа Д.Цогтбаатарын Германы иргэнийг
залилсан гэх хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ гэсэн мэдээ цацагдахад, 10
жил өмгөөлөгч хийсэн өмгөөлөгчийн хувьд, хурандаа Д.Цогтбаатарын удирдлагад
тагнуулын байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байсан албан хаагчийн
хувьд одоо л нэг юм учир начир нь олдож байх шиг байна гэж байтал хурандаа
Д.Цогтбаатарыг цагдан хорих хугацааг дахин сунгасан тухай сонсоод үзэг цаас
нийлүүлэхэд хүрлээ.

Хүнийг цагдан хорих асуудал бол зүгээр нэг үзэгний
үзүүрээр хийгддэг ажил огт биш. Гэтэл хурандаа Д.Цогтбаатарыг нийтдээ 210 хоног
хорьчихоод дахин хугацааг нь сунгасан нь үнэхээр хачирхалтай санагдахгүй байна
гэж үү? Тэгэх тусмаа түүнд тулгасан олон ял нь түрүүчээсээ үгүйсгэгдэж байгаа
нөхцөлд? Би энэ хүнийг муйхраар өмөөрч байгаа юм бишээ. Хэрэв хэн нэгэн үнэхээр
гэмт хэрэг үйлдсэн л юм бол түүний гэм бурууг хуулийн дагуу л тогтоох ёстой.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах хуулийн хамгийн
гол шалгуур бол хэргийн ээдрээ төвөгтэй байдал, цаашид хорьж мөрдөх зайлшгүй
шаардлага 2 байдаг. Түүнд тулгаж байгаа ялуудын дийлэнх нь хүндэвтэр гэмт
хэргийн ангилалд багтаж байх бөгөөд ээдрээ төвөгтэй гэх зүйл байхгүйн дээр ийм
хэргүүдэд дээд тал нь 4 сар цагдан хорих хуультай.

Хэрэв ийм тодорхой хэргийн бодит үнэнийг хуулийн
хугацаанд \2 сар\ нь тогтоож чадахгүй байгаа бол хэргийг мөрдөж байгаа мөрдөн
байцаагч, хяналт тавьж байгаа хяналтын прокурорт нь хариуцлага тооцох нь
зүйтэй. Тэдний арчаагүй, чадваргүй байдал нь хүнийг цаашид хорьж мөрдөх
зайлшгүй шаардлага биш.

Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажил бол маш нууц, асар
их эрсдэл шаарддаг, нарийн төвөгтэй ажил. Тэгээд ч хуулийн хүрээнд прокурорын
зөвшөөрлөөр, прокурорын хяналтан дор хийгддэг. Үнэхээр албан тушаалын бүрэн
эрхээ хэтрүүлсэн л юм бол тухайн үед нь прокурор юу хийж байсан юм бэ?.
Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа бол Үндэсний аюулгүй байдлыг хангах нэг
ёсны үйлдвэрлэл мөн. Тийм болохоор ажлын явцад нь алдаа гарч, хэн нэгний эрх
ашгийг хохироосон бол тэр нь нийгэмд ашигтай зорилгод хүрэхээр хийгдсэнээрээ
үйлдвэрлэл шинжилгээний үндэслэл бүхий эрсдэл тул нийгмийн хор аюул нь
үгүйсгэгдэнэ. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг яриа хэзээ үгүйсгэгдэх  вэ?

Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нотлох баримтыг өөрийн
дотоод итгэлээр үнэлэх эрхтэй. Тэгэхээр үнэхээр хэргийн холбогдогчид хонзогнож,
хурандаа Д.Цогтбаатарыг гүтгээд байгаа юм биш биз? гэдэг таамаглал дэвшүүлээд,
нөгөө өнцгөөс нь нэг шалгаад үзээсэй. Өдий болтол ингэхгүй байгааг бодоход энэ
хүн хэн нэгэн эрх бүхий албан тушаалтны дургүйг хүргэсэнээс зайлахгүй гэдэг
дүгнэлт хийсэн ч болохоор байгаа юм. Хурандаа Д.Цогтбаатар маань хэнийг тэгтэл
нь хилэгнүүлээ юм бол доо. Хэрэв хувийн атгаг санаагаар түүнийг цагдан хорих
хугацааг зайнаас сунгуулаад байгаа хэн нэгэн албан тушаалтан байх аваас хожмын
нэгэн өдөр бурхны гэсгээлээс мултрах гарцгүй гэдгээ л ойлгоосой билээ.

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг
хүндэтгэх өдөр. Хэлмэгдүүлэлт өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгааг би баттай
хэлж чадна. Монгол хэлний товч
толь бичгээс “хэлмэгдэлт,хэлмэгдүүлэлт”гэсэн үгийг уншиж энэ үгээр гарчиг
тавив. Төрийн албандаа үнэнч шударгаар ажиллаж байсныг Д.Цогтбаатартай ажиллаж
байсан хамт олон гэрчилнэ. Үнэнч шударга хүнээс эмээдэг, үл бүтэх явдалтай цөөн
хүн байхыг үгүйсгэхгүй. Энэ тухай Д.Цогтбаатар захидал, мэдэгдэл бичсэн.
Д.Цогтбаатарыг германы иргэнээс их хэмжээний мөнгө, автомашин, эд зүйл авсан
мэт мэдээлэл цацаж нэр төрийг нь гутаан сэтгэл санааны хохирол, олон сараар
цагдан хорьж эрүүл мэнд, бие махбодийн хохирол, гэрт нь удаа дараа нэгжлэг хийж
хүүхдүүдэд нь сэтгэл санааны хямрал айдас үүсгэж, эхнэрийг нь мөрдөн мөшгөж,
энэ ам бүлийн хэвийн амгалан амьдралыг алдагдуулж байгаа нь “хэлмэгдүүлэлт” мөн.
Гэтэл германы иргэнээс их хэмжээний мөнгө авсан хэргийг нь хэргэсэхгүй
болгожээ. Одоо тухайн үед хийж байсан албан ажилтай нь холбон хэрэгт мөрдөгдөж
байсан этгээдээс гүтгэлэгийн мэдүүлэг авч “яллах” талын нотлох баримт цуглуулж
байгааг Д.Цогтбаатар мэдэгдсээр байтал үл ойшоон түүнийг хэлмэгдүүлсээр байна.     

 

Хууль
зүйн ухааны магистр, бэлтгэл хурандаа Л.Нямзундуй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *