Categories
мэдээ цаг-үе

ТУВАД монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр…


ОХУ-ын нутагт монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр бид Тува, Хакасын нутгаар явж мэдээлэл авч болох эх сурвалжуудтай уулзсан билээ. Монголын хилээр гараад хамгийн түрүүнд Хандгайт сууринд очсон юм. Талийгаач тэнд таньдаг хүмүүстэйгээ уулзаагүй байв. Монголчуудын голчлон үйлчлүүлдэг цайны газар, зочид буудалд ч очоогүй байлаа. Харин ОХУ-ын МТС оператор компанийн утасны сим авахаар дэлгүүрт очжээ. Тэр үед нэг эмэгтэйтэй хамт байсан нь хамт Ак-Довурак орсон тува бүсгүй бололтой (Түүнийг гэрчээр байцаасан талаар өмнөх дугаартаа бичсэн билээ). Талийгаачийг ОХУ-ын иргэн биш учраас МТС-ийн сим өгөх боломжгүй гээд буцаасан аж. Тухайн үед тува эмэгтэй хамт явсан ч өөрийнхөө нэр дээр сим авч өгөөгүй гэнэ. Мөн утсаараа талийгаачийг яриулаагүй бололтой. Хандгайтад байх эх сурвалжийн мэдээлснээр талийгаач орос дугаартай утсаа гэртээ орхисноо Хандгайтад ирээд мэдсэн гэнэ. Мөн хамт явсан эмэгтэй нь талийгаачийг Хакасын Абакан хот явах гэж байгааг сонсоод “Би ч гэсэн тийшээ явна. Дайгаад яваач” гээд хамт явахаар болсон талаар Хандгайт дахь эх сурвалж хэлсэн. Кызылд уулзсан эх сурвалж тэр эмэгтэйг Монгол руу гарах гэж байгаад амжаагүй учраас буцах гэж байсан гэж ярьсан билээ. Мөн талийгаачийг огт таньдаггүй бөгөөд гар өргөөд машинд нь суусан гэж ярьсан. Харин Хандгайт дахь эх сурвалжийн хэлснээр дээрх тува бүсгүй талийгаачтай хамт хил дээрээс иржээ. Энэ мэдээллийг тодруулахад өнөөх тува бүсгүй гадаад паспорт дээрээ талийгаачаас 15 минутын өмнө Монголоос Орос руу гарсан дардас даруулжээ. Өөрөөр хэлбэл, Монголоос Ак-Довурак руу буцаж байсан байна. Талийгаач өдрийн 14.45 минутад хилээр гарсан. Тэгэхээр тува бүсгүй Улаангомоос талийгаачтай хил дээр ирсэн байх магадлалтай байв. Учир нь тэр хоёрыг хил гарсны дараа “Боршоо-Хандгайт”-ын хилээс Улаангом руу явсан машин харагдаагүй гэнэ. “Боршоо-Хандгайт”-ын хил Улаангомоос 120 км зайтай. Тува бүсгүйг хүргэж ирсэн машин харагдаагүй учраас талийгаачтай хамт явсан байх магадлал бий аж. Тэр бүсгүй Ак-Довурак хүртэл талийгаачтай юу ярьж явсан нь тодорхойгүй байгаа юм. Мөрдөн байцаагчид тэр эмэгтэйг гэрчээр байцаасан гэх мэдээлэл бий. Тэр эмэгтэй талийгаачийг утсаараа яриулаагүй. Бас бууснаас нь хойш талийгаач нэг их хол явалгүй амиа алдсан зэргээс харахад тэр эмэгтэй сэжигтэй байх магадлалтай гэж албаны бус эх сурвалж ярьсан юм.

Тэр тува бүсгүйн Увс дахь түнш нь талийгаачийг таньдаг бололтой юм. Бас талийгаачтай хамт Увс аймгаас нэг эмэгтэй явахаар төлөвлөж байжээ. Гэхдээ тэр эмэгтэй хамт яваагүй үлдсэн байна. Талийгаач Улаангомоос явахдаа тэр эмэгтэйн гэрт очсон гэх мэдээлэл бас бий юм. Ингэж үзвэл тува бүсгүй талийгаачтай хамт явах гэж байсан эмэгтэйгээр дамжуулж машинд нь суусан байх магадлалтай.

Шатахуунтай машин дагаж Явсан уу?

Талийгаач Ак-Довуракт тува бүсгүйг буулгаад Абакан явж байхдаа ШТС-аас бензин авчээ. Тэндээс 50 орчим литр бензин авсан байна. Тэрээр “Crown” маркийн машинтай явсан. Өөрөөр хэлбэл, машиныхаа бензиний савыг дүүргэсэн гэсэн үг. ШТС-аас 20 орчим км яваад замаас 300 метр салсан байдаг. Тэгэхээр машины бензины сав бараг дүүрэн хэвээрээ байсан болов уу. Явж ирээд зогссон болов уу гэмээр хэргийн газарт дөрвөн дугуйны хаймар, тросны үлдэгдэл харагдана. Мөн машины гадна талын жижиг төмрийн үлдэгдэл харагдана. Талийгаач цагаан өнгийн машинтай явсан нь газарт үлдсэн эд ангиас харагдаж байв. Бусдыг нь эд мөрийн баримтаар аваад явжээ.

Дүүрэн шахуу бензинтэй машин шатсан бол дэлбэрч, эд анги нь ойр хавьд цацагдах учиртай. Гэтэл хэргийн газарт машины эд анги байрнаасаа огт хөдлөөгүй бололтой ул мөр үлджээ. Мөн хэргийн газрын ойролцоо хар тосны ул мөр үлджээ. Үүнийг шатахууны үлдэгдэл бололтой гэж хүмүүс ярьж байсан. Машин дэлбэрээгүйг харахад машины бензинийг асгаж дуусгасан. Дараа нь гаднаас нь шатаасан байх магадлалтай гэж хүмүүс таамаглаж байв. Шатахууны ул мөр үлдсэнийг таамаглахад хэргийн газарт шатахуун ачсан машин ирсэн байх магадлалтай гэнэ.

Машин шатсан газраас 20 хүрэхгүй метрийн зайд шороон зам байсан. Тэр замаар нүүрс ачсан машинууд явдаг бололтой нүүрсний хаягдал харагдсан. Бас уулын өвөр дэх малчдын өвөлжөө рүү явдаг зам бололтой юм билээ. Талийгаач Хандгайтаас Ак-Довурак руу долдугаар сарын 7-ны өдөр явсан. Харин эргүүлийн цагдаа нар машин шатсан байгааг долдугаар сарын 21-ний өдөр олсон байдаг. Тэгэхээр хагас сарын хугацаанд дээрх шороон замаар машин яваагүй гэдэгт хүмүүс эргэлзэж байгаагаа ярьж байсан. Гэхдээ зуны улиралд тэр замаар бараг машин явдаггүй гэх тайлбар бас хийж байлаа. Төв замаас 300 метр зайд, хонхор газарт шатсан машин харагдахгүй гэхэд шороон замаар машин явсан бол машин шатсан байгааг цагдаа нарт мэдээлэх учиртай баймаар.

Шатахуунтай машин бас төв замаас гарч талийгаачийн машин шатсан газарт очсон гэж үзвэл тэднийг дээрмийн бүлэг байх гэж хардах нэгэн ч байсан юм.

Машиндаа унтсан байдалтай харуулахыг зорьсон уу?

Талийгаач бүсгүй жолооныхоо ард суудлаа гэдийлгэж, хэвтсэн байдалтай байсан гэж шинжээчид дүгнэжээ. Түүнийг машиндаа унтаж байгаад гал алдсан гэж харагдуулахыг зорьсон бололтой гэж үзэх хүмүүс байсан. Цогцосноос ердөө чөмгөний хэлтэрхий төдий зүйл олдсон гэнэ. Тэр зүйлээс авсан генийн шинжилгээг ээж, дүү хоёрынх нь шүлс, цуснаас авсан дээжтэй харьцуулж талийгаач мөн эсэхийг тогтоох юм байна.

Бас хэргийн газарт Кызылд хүргэж өгөх учиртай байсан замаскны ул мөр үлджээ. Өөр ямар ч эд зүйл үлдээгүй гэнэ. Тэгэхээр 15 сая төгрөгтэй тэнцэх рублийг нь шатаахаас өмнө авсан байх магадлалтай аж.

Д.Ганболд: Генийн шинжилгээний хариу удаан хугацаанд гарна гэж хэлсэн

Тувагийн нийслэл Кызыльд амьдарч байгаа монголчууд дээрх хэргийн талаар мэдэж байсан ч ярихыг хүсэхгүй байлаа. Тэдний тайлбарласнаар тувачууд их дээрэнгүй, яаж ч мэдэхээр хүмүүс. Тиймээс тэр нутагт болсон хэргийн талаар хамаагүй яривал өөрсдөд нь аюул учрах аж. Мөн хүн амины хэрэгт холбогдуулан Кызыл дэх монголчуудыг байцаасан учраас болгоомжилж байгаа бололтой байсан. Гэхдээ тэнд байгаа монголчууд энэ хэргийг Тувад дээрэм хийдэг бүлэглэл үйлдсэн байх магадлалтай гэж таамаглаж байгаагаа ярьсан.

Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн талаар тэндэхийн өдөр тутмын сонин болох Шын (Үнэн) сонины сэтгүүлчид ч сонсоогүй байлаа. Тэд энэ талаар ямар нэгэн мэдээлэл сонсоогүй, тэгээд ч ийм сэдвийн араас хөөх сэтгүүлчдэд эрсдэлтэй гэдгийг тайлбарлаж байв.

Ак-Довурак дахь цагдаагийн хэлтэст талийгаачийн ээж, дүү, хамтран амьдрагч нь мэдүүлэг өгсөн байна. Хэрэг Тувагийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн учраас Кызыл дэх Мөрдөн байцаах газар шалгаж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн хэргийг шалгах явцаа түргэсгэх хүсэлтийг Увс аймгийн Засаг даргаар дамжуулж Кызыл дэх консулын газраа хүргүүлжээ. Тиймээс бид хэргийн мөрдөн байцаалтын явц ямар шатандаа байгаа талаарх албан ёсны мэдээллийг авахаар Кызыл хот дахь Ерөнхий консулын газарт очлоо. Оросын тал Ерөнхий консулаар дамжуулж мөрдөн байцаалтын Монгол Улсад мэдээлж байгаа аж.

ОХУ-ын Кызыл хот дахь Ерөнхий консулын газрын Ерөнхий консул Д.Ганболдтой ярилцлаа.

Тувагийн нутагт монгол бүсгүй сураггүй болоод хоёр сар шахам хугацаа өнгөрлөө. Бид энэ талаар сурвалжилж яваа юм. та энэ талаарх мэдээллийг хэзээ, яаж мэдсэн бэ?

-2014 оны долдугаар сарын 7-ны өдөр тэр хүн гэрээсээ гарсан байдаг. Хоёр хоногийн дараа буцаж ирэхээр явсан ч сураггүй болсон учраас ээж нь долдугаар сарын 17-нд надад мэдэгдсэн. Тэр үед би Увс аймагт явж таарсан юм. Энэ талаарх мэдээллийг сонсоод Консулын газар руугаа ярьж яаралтай бичиг хийлгэж тэр өдрөө эрэн сурвалжлуулж эхэлсэн. Маргааш нь Хакас руу эрэн сурвалжлуулах бичиг явуулсан. Ингээд 17, 18-наас Тува, Хакасын нутгаар албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсэн. Эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газартаа хүргүүлчихсэн байлаа. Улмаар тэр сарын 21-ний өдөр албан бус мэдээлэл ирсэн. Албан бус мэдээллээр 21-ний шөнө Тувагийн Ак-Довурак хотын ойролцоох төв замаас 300 метрийн зайд хонхор газарт шатсан машин олдсон гэнэ. Энэ мэдээллийг сонсоод ОХУ-ын Холбооны мөрдөн байцаах хорооны Тува дахь салбар болох Мөрдөн байцаах газрын даргад албан бичиг хүргүүлж, дээрх мэдээллийг баталгаажуулж өгөхийг хүссэн. Үүнээс гурав хоногийн дараа бидэнд албан ёсны хариу өгсөн. Тэр мэдээллээр сураггүй болсон эмэгтэйн унаж явсан машин бүрэн шатсан байна. Жолооны ард хүн сууж байгаад шатсан. Гэхдээ хэн гэдгийг нь тогтоох боломжгүй гэдэг хариуг өгсөн. Ийм хариу аваад би өөрөө Увс аймаг явж аймгийн удирдлагад мэдэгдэж, ар гэрийнхэнд нь бодит байдлыг танилцуулсан.

Ээж, дүү хоёр нь генийн шинжилгээ өгсөн. тэр шинжилгээний хариу хэзээ гарах бол?

-Мөрдөн байцаагч шинжилгээний хариу удаан хугацаанд гарна гэдгийг хэлсэн. Шинжилгээг зөвхөн Москвад хийдэг юм байна. Бэлдэцийг Кызылээс Москва руу явуулахад шуудангийнхаа хуваарийг хүлээдэг юм байна. Мөрдөн байцаагч өнгөрсөн долоо хоногт (Наймдугаар сарын 14-ний үеэр) шуудангаа хүлээж байна гэсэн. Тэгэхээр ямар ч байсан бэлдэцийг явуулсан гэж найдаж байна.

Генийн шинжилгээнд явуулах бэлдэцийг авснаас хойш бараг сарын хугацаа өнгөрчихөөд байхад Москва руу явуулаагүй байна гэж байна. мөрдөн байцаалтын ажлаа хурдлуулах талаар шаардлага хүргүүлэх боломжтой юу?

-Гэр бүлийнхнийх нь зүгээс Увс аймгийн Засаг даргаар дамжуулж Тувад асуудал тавьсан. Шинжилгээний хариуг яаравчлуулж, эзэн холбогдогчийг нь тогтооход дэмжлэг үзүүлээч гэсэн утга бүхий бичиг манайхаар дамжиж ирсэн. Бид ч Тувагийн Мөрдөн байцаах газарт хүлээлгэж өгсөн. Тувагийн талаас одоохондоо манайд ямар нэгэн хариу ирээгүй байна.

манай улсын гадаад харилцааны яам энэ хэрэгт хэр анхаарч байна вэ?

-Хохирогчийн талаарх албан ёсны мэдээллийг тухай бүрт нь мэдээлж бай гэдэг чиглэлийг яамнаас манайд ирүүлсэн. Үүний дагуу бид Гадаад харилцааны яаманд хоёр удаа бичиг хүргүүлж, мэдээлэл өгсөн.

Тэр эмэгтэй машин цөөн явдаг, дээрэм ихтэй замаар явсан байна лээ. Ер нь монголчууд тувагийн нутагт халдлагад өртөх хэрэг таныг томилогдсноос хойш гарсан уу?

-Халдлагад өртөх тохиолдол гардаг. Манайхан Консулын газартаа мэдэгдэхгүйгээр өнгөрөх тохиолдол олон бий. Энэ хэрэг гарсны дараа хүмүүстэй уулзаж байхад 2014 оны хавар Абакан орох замд монголчуудыг буудсан гэж ярьсан. Энэ талаар Консулын газарт хэн ч мэдэгдээгүй байсан. Тэгэхээр монголчуудын амь насанд аюул учирсан тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Ер нь улс дамжиж наймаа хийж явахад эрсдэлтэй шүү дээ. Ялангуяа ганцаараа явж байгаа тохиолдолд маш эрсдэлтэй. Тува ОХУ-ын зах хязгаар. Тэр утгаараа дээрэм ихтэй газар шүү дээ. Гэтэл иргэд маань амьдралын хойноос ганц, хоёроороо яваад байдаг. Бидний зүгээс анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэхээр бэлтгэж байгаа гэв.

Машинаас үлдсэн зүйл ердөө энэ

Хэргийн газар ийм хар тос ихээр асгарсан байв.

Б.Цэцэгдэлгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *