Хоёр улсын ерөнхийлөгч нар өчигдөр
Жуковын хөшөөнд цэцэг өргөх үеэрээ “Дайчин
нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцсон Монгол-Орос
залуустай уулзсан юм. Энэ үеэр хоёр улсын
ерөнхийлөгч нар Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатад
энэхүү аяллын зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгч оролцон, залуучуудаа
идэвхижүүлж, хоёр орны залуучуудын найрамдлын гүүр болсонд талархснаа илэрхийллээ.
Мөн ирэх онд болох чөлөөлөх дайны 70 жилийн ойгоор Монгол, Орос, Хятадын
залуучуудын тойрон аяллыг зохион байгуулахаа амлаж, “Дайчин нөхөрлөлийн замаар”
тойрон аялалд оролцсон бүх залуучуудыг урьсан байна.
Тэртээ 1939
онд Монголын дорнод хилийн Халх голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол,
Зөвлөлт холбоот улсын хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол,
бүрэн эрхт байдлыг хамгаалсан Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг хот
хөдөөгүй өргөн дэлгэр тэмдэглэсэн. Халх голын
ялалтын 75 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг нь “Дайчин
нөхөрлөлийн замаар” хэмээх тойрон
аялал байсан
юм. Орос-Монголын хамтарсан 150 залуу
Халх голын байлдаан болж байсан түүхэн газруудаар аялж, ахмад дайчиддаа хүндэтгэл
үзүүлжээ.
Монгол-Оросын залуучууд оролцсон “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал энэ
сарын 19-ний өдөр Эрхүү хот – Алтанбулаг – Сэлэнгэ – Орхон – Дархан-Уул –
Улаанбаатар – Хэнтий – Дорнод – Халх гол гэсэн маршрутаар нийт 5500 км аяласан.
Тэдний аялал 20 гаруй хоног үргэлжилж энэ сарын 3-нд улаанбаатар хотноо ирсэнээр өндөрлөсөн юм.