Дархан-Уул аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа аж. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг сүүлийн гурван жилийн байдлаар судлахад зам тээврийн ослын дийлэнх хувь нь хурд хэтрүүлсэний улмаас гарч байгаад дүгнэлт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор хот хоорондын болон олон улсын замд сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулжээ. Уг самбар дээр “Ааваа битгий яараарай”, “Нойр нь хүрвэл түр зогсоод унтаарай”, “Гэр бүл чинь таныг хүлээж байна”, “Жолооч та яарах хэрэггүй” гэсэн үгнүүдийг бичсэн бөгөөд 3 х 6 метрийн хэмжээтэй хоёр талт зурагт ухаалаг самбарыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймаг, Оросын холбооны улсын чиглэлд явж байгаа жолооч, иргэд харах боломжтой байдлаар байршуулж энэ талаар орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилжээ.