Categories
мэдээ цаг-үе

“Нарантуул”-ын наймаачдын өдрийн орлого саяар тоологдож байна

-“СКАЙ“ ИХ ДЭЛГҮҮРЭЭС ЦҮНХ, ХИЧЭЭЛИЙН
ХЭРЭГСЛИЙГ Л 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВЧ БАЙНА-

Хичээлийн шинэ жил эхлэх гээд нийслэл хот маань хөл ихтэй өдрүүдийг
үдэж байна. Дэлгүүр, худалдааны төвүүд, зах гээд хаа сайгүй л “хүүдээ, охиндоо”
гэсэн хүмүүс холхиж байна. Тиймээс энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аа худалдааны
газруудаас бэлтгэлээ. Ингэхдээ иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг гэгддэг “Нарантуул”,
“Сандэй” худалдааны төв болон харьцангуй боломжтой хүмүүсийн үйлчлүүлдэг гэх “Скай”
их дэлгүүрийг тус тус зорьсон юм.   

 

ЧАНАР НЬ ГАЙГҮЙ БАЙХ ГЭЖ БОДСОНДОО “СКАЙ” ИХ ДЭЛГҮҮРИЙГ ЗОРЬЖ ИРЛЭЭ

Сурвалжлага хийхээр очсон эхний газар бол “Скай” худалдааны төв.
Тус худалдааны төвийн гадна энэ сарын эхээр нээгдсэн “Сэлэнгийн намрын ногоон өдрүүд”
үргэлжлэн гарч байна. Монгол ургацын шинэхэн ногоо худалдаалж буй болохоор худалдан
авагч ч чамгүй олон байгаа харагдана лээ. Харин үүдний хэсэгт нь “Columbia” брэндийн
аяллын хувцасны хямдралтай худалдаа гарчихсан байна лээ. Эдгээр бараанууд 10-35
хүртэл хувиар хямдарсан ажээ.

Харин дэлгүүрийн дотор ормогц “Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа”
ажиллаж байна. Биднийг очих үед буюу өчигдөр 13 цагийн орчимд тус дэлгүүр ер нь
хөл хөдөлгөөн багатай, дуу шуугиан ч нам жимхэн байна лээ. Хичээлийн хэрэгслийн
та­сагт нь л хэдэн хүн харагдахаас бэлэн хувцасны тасагт нэг ч хүнгүй, худалдагч
нар нь тойрч суугаад яриа өрнүүлж буй харагдсан.

Тус дэлгүүрт худалдаалж буй хичээлийн хэрэгслийн тухайд үнийн хувьд
тийм ч өндөр биш юм. Гэхдээ бас бусад үзэсгэлэн худалдаа, дэлгүүрүүдээс арай өндөр
өртөгтэй юм билээ.

Тухайлбал, энд худалдаж буй дэвтрүүдийн хувьд Польшийн “Campap”,
“Unipap”, Монголын “Аз хур” үйлдвэрүүдийнх. Эдгээр нь хоорондоо үнээрээ ялгаатай.
“Campap”-ын 24 хуудастай дэвтэр 370 төгрөг байхад “Unipap”-ын 470 төгрөг байх юм.
Харин “Аз хур”-ынх 390 төгрөг байна. Түүнчлэн 60 хуудастай “Campap” 720 төгрөг байхад
“Unipap” үйлдвэрийнх 850 төгрөг, Монголынх 820 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, “Скай”-д
худалдаалж буй дэвтрүүдийн хамгийн хямд нь “Campap”, өндөр үнэтэй нь “Unipap” байгаа
бол дундаж нь дотоодын үйлдвэрт үйлдвэрлэсэн дэвтрүүд байна лээ.

Бал, үзэг, харандаа гэх мэт хэрэгслүүд нь өнгө үзэмж, тоо ширхэг,
чанараасаа хамаараад янз бүр байв. Тухайлбал, гортиг гэхэд 1800-8000 төгрөгийн хооронд
байгаа бол харандааг 1500-22000 төгрөгөөр худалдаж байна. Мөн сурагчийн цүнх 69
мянган төгрөгөөс эхэлж, материал, хийцээсээ хамаарч 100 гаруй мянган төгрөгт багтаж
байв.

Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүддээ зөвхөн хичээлийн хэрэгсэл
төдийгүй ботинк, пүүзнээс авахуулаад гадуур өмсөх куртик шинээр авах болдог. Тэгвэл
тус худалдааны төв бэлэн хувцсандаа 10-30 хувийн хямдрал зарлажээ. Эдгээрээс хүүхдийн
жижиг ботинк 35 мянган төгрөгөөс эхэлж, 200 мянган төгрөгт хүрсэн байв.

“Скай”-д худалдаалж буй хичээлийн хэрэгслийг ийн ажиглаж явах зуур
нэг жилийн зайтай төрсөн эгч, дүү хоёр хичээлийн хэрэгслээ бэлдэж явахтай таарсан
юм. Өнөө жил 44 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангид орох П.Энхжин, П.Энхгэрэл хоёр
ээжтэйгээ хамт жил бүр “Скай”-аас хичээлийн бэлтгэлээ хангадаг ажээ. Өнгөрсөн жил
сурагчийн дүрэмт хувцсаа авчихсан тул өнөө жил зөвхөн хичээлийн хэрэгслээ л авахаар
ирсэн нь энэ. Тэдний ээжийн хэлснээр хичээлийн хэрэгслийн үнэ өнгөрсөн жилийнхээс
харьцангуй өсчихсөн байгаа тул 500 мянган төгрөгт багтаан бэлтгэлээ хангах аж. Тэдний
“Скай” их дэлгүүрийг сонгодог шалтгаан нь хүүхдийн дур сонирхлыг татах өнгө, хэлбэр
хийц бүхий бүтээгдэхүүн, хамгийн гол нь бусад дэлгүүрүүдийг бодоход Хятадын бараа
байдаггүй болов уу гэж найдсандаа ирдэг гэлээ.

Цэцэрлэгийн бага ангид орох, хоёр настай ач хүүдээ хичээлийн хэрэгслийг
нь авч яваа эмэгтэйтэй таарсан юм. Тэрээр Дундговь аймгаас түр ирээд байгаа ажээ.
Н.Урнаа хэмээн өөрийгөө танилцуулсан тэр эмэгтэй “Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2011 оны долдугаар сарын 1-ны өдрийн тушаал…” гэсэн толгойтой, цэцэрлэгийн бага
бүлгийн сурагчдын хичээлийн хэрэгслийн жагсаалт барьжээ. Тэр гуаш гэсэн хэсэгт очиж,
кодыг нь нарийвчлан харж буй нь анхаарал татсан юм. Дөхөж очоод лавлавал “Барааны
код нь 400-500-аар эхэлсэн байвал Оросынх байдаг юм. Энэ 410 гэж байна, Оросынх
л бололтой” хэмээлээ. Гэвч тэрээр “Хоёрхон настай хүүхэд ийм их хичээлийн хэрэгслийг
хэрэглэж барах уу, ямар их юм авдаг юм бэ” хэмээн бухимдангуй байна лээ. Түүний
хэлснээр зургаан өнгийн гуаш хоёр ширхгийг өгөх ёстой аж. Нэгнийх нь үнэ 7000 төгрөг
учир зөвхөн гуашинд л гэхэд 14 мянган төгрөг зарцуулж таарах нь. Энэ мэт нэмэгдсээр
цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг “Скай” их дэлгүүрээс бэлдэх юм бол нийт
300 гаруй мянган төгрөг шаардлагатай болохыг Н.Урнаа гуайн тооцоолсноос харж болохоор
ажээ. Тэрээр мөн ачийнхаа эрүүл мэндийг бодолцон тэртээ холоос тус дэлгүүрийг зорьж
ирснээ учирлаж байсан юм.

Ач охиноо дагуулан яваа өөр нэг эмэгтэй бол Д.Дариймаа. Түүний ач
охин А.Намуунаа өнөө жил Багануур дүүргээс нийслэлийн 106 дугаар сургуульд шилжин
ирж байгаа гэнэ. Эмээ, охин хоёр сурагчийн дүрэмт хувцас болон ботинк, хичээлийн
хэрэгсэл гээд бүгдийг нь 500 мянган төгрөгт багтааж авахаар гэрээс гарчээ. Үүнээс
өмнөхөн бэлэн хувцасны тасгаас 55 мянган төгрөгөөр ботинкоо худалдаж авчээ. Харин
одоо цүнх, хичээлийн хэрэгслээ авчихвал бэлтгэл бүрэн хангагдчихаж байгаа гэсэн.
Ер нь бол авсан юмнуудынх нь өртөг эмээ, охин хоёрын тооцож байсантай дүйж байгаа
аж.

Ийнхүү ээжийгээ, эмээгээ даган яваа охидтой уулзсан юм. Тус дэлгүүрт
байх цаг гаруйн хугацаанд үүгээр үйлчлүүлж буй хүмүүс бараг бүгдээрээ жаахан хүүхдүүдээ
дагуулсан байсан. Ахлах анги эсвэл оюутан бололтой үйлчлүүлэгч тун цөөн байна лээ.

 

“НАРАНТУУЛ”-ЫН НАЙМААЧДЫН ӨДРИЙН ОРЛОГО САЯАР ТООЛОГДОЖ БАЙНА

Бидний очсон дараагийн газар бол ёстой л нөгөө бум бужигнаж, түм
түжигнэх гэдэг нь болов уу гэмээр бодогдох “Нарантуул” худалдааны төв. Замын түгжрэлээсээ
авахуулаад л олон холхиж байгаа нь мэдэгдэх тус худалдааны төвийнхөн ашиг орлого
арвин байгаа бололтой. Бүр үүднээсээ авахуулаад л олны хөлөөс хэдэн төгрөгтэй хоцрох
гэсэн хүмүүс тус бүртээ завгүй “ажиллана”. Худалдааны төвийн үүдэнд эгч дүү хоёр
болов уу гэмээр хоёр эмэгтэй дуулахад гурав, эсвэл дөрөвдүгээр ангийнх болов уу
гэмээр охин аянд нь бүжиглэнэ. Кассет хийдэг жижиг хар хөгжимнөөс ая дуугарахад
хоёр эгч нь “…Энхэрхэн дэлбээг чинь тааланхан…” хэмээн хоолой нийлүүлнэ. Харин
бяцхан охин тэдний дууны аянд хэдэн ширхэг хиймэл цэцэг барин эв хав муутайхан бүжих
юм. Бас ч үгүй урлагийн хувцсаар гоёсон тэднийг олон хүн тойрон харж зогсох зуураа
“Сэтгэлийн эгшиг” хэмээсэн хайрцагт тавь, зуутын төгрөг хийж буй нь харагдсан.

Дотогш орлоо. Энд хүүхэдгүй яваа хүн бараг байхгүй байсан болов уу.
Бүгд л гараасаа хүү, охиноо хөтөлсөн харагдсан. Хөлс нь урсаж, ядарсан царайтай
жаахан хүүхдүүд яах гэж яваагаа ч бараг ойлгохгүй байгаа бололтой төвөгшөөн шахцалдах
нь харагдана. Энд ер нь зөвхөн тэр, энэ илүү зарагдаж байна гэх зүйл алга. Оймс,
дотуур хувцаснаас авахуулаад дэвтэр, үзэг, бал, гутал, пүүз ер нь юу эс байх вэ,
хаа сайгүй л “хэд вэ, авъя, доошоо хэд вэ” гэсэн яриа өрнөх аж.

“Нарантуул” худалдааны төвд байгаа бараа бүтээгдэхүүний хувьд энд
ирэхээсээ өмнө “Скай” их дэлгүүрээр орсон болоод ч тэр үү харьцангуй хямд үнэтэй
юм. Тухайлбал, “Скай” их дэлгүүрт 24 хуудастай дэвтэр 370-470 төгрөгийн хооронд
байсан бол “Нарантуул”-д 300 төгрөг байна. 60 хуудастай дэвтэр 720-820 байхад энд
580 төгрөг байна. Дэвтрийн наймаачдын хэлснээр энэ бол томоохон дэлгүүрүүдэд худалддаг
л польш дэвтэр гэсэн. “Зөвхөн тансаг орчинд очихоороо л ийм өндөр үнэтэй болчихдог
юм ш дээ” хэмээн тэд инээлдэж байв.

Сүүлийн гурван жил хичээлийн хэрэгслийн наймаа эрхэлж буй Г.Орхон
хэмээх бүсгүй “Цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл хэтэрхий олон байна. Хүмүүс
зарж байгаа бидэн рүү л уурлах юм. Энэ жил цэцэрлэгийн бага ангийн хүүхдэд зөвхөн
хичээлийн хэрэгсэлд 25 мянган төгрөг, ахлах ангийнханд 50 мянган төгрөг, ахуйн хэрэглээний
юмнуудыг нь нийлүүлбэл 80 гаруй мянган төгрөг болж байгаа. Энэ жил цэцэрлэгээс нэхдэг
юмнуудын нэр төрөл нь бүр их болсон юм шиг байна лээ. Хүмүүс ер нь хамгийн хямдаас
нь л түүж байна даа. Тэгэхэд л нэг хүүхдэд 80 мянган төгрөг болж байна шүү дээ”
хэмээж байв. Түүний нэмж хэлснээр сүүлийн гурав хоногт худалдан авагчид эрс ихэсчээ.
Тиймээс ойрын өдрүүдэд Г.Орхон өдөртөө нэг сая орчим төгрөгийн орлоготой ажиллаж
байгаа гэсэн. Гэхдээ энэ нь өмнөх жилийнхийг бодвол ашиг орлого нь харьцангуй буурчихаад
байгаа нь энэ гэсэн шүү. 

Харин  “Өмнөх жилийнхийг бодвол
ашиг ихтэй байгаа, долоо хоногтоо хоёр удаа урагшаа явж, бараа татаж байгаа ш дээ”
гэсээр яриагаа эхэлсэн хүн бол хүүхдийн дүрэмт хувцасны наймаачин Ц.Золбаяр. Тэрээр
12 жил наймаа хийж байгаа гэсэн. Түүний худалдаж буй дүрэмт хувцаснууд бага ангийнх
нь 50 мянган төгрөг, ахлах анги нь 62 мянган төгрөг гэсэн. Гэтэл дотоодын үйлдвэрийн
дүрэмт хувцас бага анги нь 90 мянга, ахлах анги нь 92 мянган төгрөг байгаа аж. Тиймээс
иргэд хямдыг нь бодож захыг зорих нь олонтаа байгаа гэсэн. Учир нь өнгөрсөн жилийн
өдийд эцэг, эхчүүд хүүхдээ ямар дүрэмт хувцас өмсөхийг мэдэхгүй байсан тул орлого
тааруу байжээ. Харин энэ жил дотоодод үйлдвэрлэж буй дүрэмт хувцаснуудын хангалт
тааруу, материалын чанар ижил байгаа зэрэг шалтгааны улмаас хямдыг нь харж “Нарантуул”-аас
худалдан авах нь элбэг байгаа гэсэн.

Ц.Золбаярын лангуунаас хүүхдэдээ дүрэмт хувцас авахаар ирсэн Г.Должингийн
хэлснээр “Дүнжингарав” худалдааны төв дэх “Төмөр трейд” компанийн борлуулалтын цэгт
байгаа дүрэмт хувцас нь размергүй болсон тул худалдагч нар нь “Нарантуул” явахыг
санал болгосон гэнэ. Үүнийг нь сонссон худалдагч Ц.Золбаяр ч “Тэртэй тэргүй хужаагийн
даавуугаар хийж байгаа юм чинь яг адилхан” гэх нь дуулдсан. Түүний хэлснээр дотоодын
үйлдвэрүүд Солонгосын даавуугаар дүрэмт хувцас хийж байгаа нь худал гэнэ. Учир нь
Эрээний зах дээр яг тэр даавуу нь байдаг ажээ. Тиймээс ч даавууг нь авчраад яг ижил
загвараар оёдолчдод өгч дүрэмт хувцас оёулдаг байна. Өмд, хүрмийг ийн оёулдаг бол
цамцыг нь Эрээнээс долоо хоногтоо 300-400 ширхэгийг авчраад л дуусч байгаа ажээ.

Тэрээр өнгөрсөн жилийн өдийд 700 мянган төгрөгийн ашиг олж байсан
бол өнөө жил өдөрт хоёр сая төгрөгийн ашиг олж буйгаа ч нуусангүй. Бүр энэ сарын
10-наас эхлээд л хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсч, ашиг орлого нь арвин болсон аж.
Тэрээр жирийн үед 14 хоногтоо нэг удаа бараа татдаг байсан бол ойрын үед долоо хоногтоо
1-2 удаа “урагшаа” явж байгаа гэнэ лээ.

Наймаачдын хувьд иймэрхүү яриа хөөрөөтэй байна. Харин худалдан авагчдын
хувьд өмнөх жилийнхээс үнэ нь нэлээд нэмэгджээ гэх хүн цөөнгүй байна. Тэдний нэг
нь Б.Саранчимэг. Тэрээр  н.Цацрал, н.Тэргэл
хэмээх ихэр охидоо дагуулжээ. Охид “kitty” муурны зураг бүхий ягаан цүнхийг ижилсэн
үүрчээ. Одоо харин дэвтэр, үзэг, балаа сонгохоор зогсож байгаа аж. Гуравдугаар ангид
орох ихэр охидын дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл нь нийтдээ 350 орчим мянган төгрөгт
багтсан гэнэ лээ.

“Есдүгээр сарын нэгэнд өмсөх гэж байгаа юм” хэмээн хар юбканы үнийг
асууж байгаа охин бол Г.Нандин-Эрдэнэ. Тэрээр дүрэмт хувцастай ч гэсэн хичээлийн
анхны өдрөө хар юбка, цагаан цамц өмсөхөөр ангийнхантайгаа ярилцжээ. Тэрээр өнөө
жил 100 гаруй мянган төгрөгөөр л хичээлийн бэлтгэлээ базаасан байна.

Ахуйн хэрэглээний 00 цаас, угаалгын нунтаг авч буй гурван охинтой
тааралдав. Тэд Архангай аймгийн төвийн арван жилийн сургуулийг хавар төгсч, шинэхэн
оюутнууд болсон гэнэ. Охид хэдийгээр нэг их сургуульд ороогүй ч суух айлгүй тул
гурвуулаа хамтарч нийтийн байр хөлслөхөөр болжээ. Тиймээс хамтарч хэрэглэх зүйлсээ
ийн цуглуулж яваа гэнэ. Тэд тус бүртээ 25 мянган төгрөг гаргаж, ахуй болон хоол
хүнсээ базаахаар яваа нь энэ ажээ.

 

“САНДЭЙ”-Н ИХЭНХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ОЮУТНУУД БАЙВ

“Нарантуул” худалдааны төвөөс гаруутаа ойролцоох “Сандэй” худалдааны
төвийг зорилоо. Үүдээр ормогц давчуухан агаар, чихцэлдсэн хүмүүс угтав. Энд харин
“Нарантуул” худалдааны төвийг бодвол жаахан хүүхэд дагуулсан хүн цөөн байлаа. Голдуу
их сургуулийн оюутнууд болов уу гэмээр залуус эсвэл бүр нялх хүүхдээ тэвэрсэн ээж,
аавууд олон байв. Задгай захыг бодвол арай тухтайг бодолцон ийн нялх үрсээ авч гарсан
бололтой. Тус дэлгүүрийн нэгдүгээр давхар төдийлөн хүнгүй, харин дээшлэх тусам хүн
нь олширч байлаа. Тус худалдааны төвд хичээлийн хэрэгслийн худалдаа тун цөөн юм.
Харин бэлэн хувцас, цүнх, гутлын давхрууд ачаалал ихтэй байна лээ.

Өнөө жил ХААИС-ийн нэгдүгээр курст элссэн О.Очгэрэл охин “Захыг бодвол
арай гайгүй бараатай” гэж эгч нь хэлсэн тул “Сандэй”-г сонгожээ. Тэрээр сургалтын
төлбөр болох 1.200.000 мянган төгрөгөөс гадна хувцас, хичээлийн хэрэгсэл авах гэж
500 мянган төгрөгтэй Говь-Алтай аймгаас ирсэн гэнэ. Шинэ оюутан болж, нийслэлийнхэнтэй
“хөл нийлүүлэх” болсон тул чамгүй олон хувцас шинээр авч байгаа гэнэ. Тиймээс мөнгө
нь жаахан хүрэлцээ муутай байгаа гэж учирлаж байсан юм.

Т.ГЭРЭЛМАА

О.АНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *