Categories
мэдээ нийгэм

Ажиа гэгээний эмнэлэг үүдээ нээлээ

Ажиа гэгээний эмнэлэг хэмээн хүмүүс хэлж заншаад буй зургаан давхар  хүүхдийн эмнэлэг ЭХЭМҮТ-ийн хашаанд  үүдээ нээлээ. Уг хүүхдийн эмнэлэгээс гадна  сургалт, хурлын гэх тодотголтой гурван давхар байшин мөн боссон байлаа.  Эмнэлэгийн нээлтэнд Ажиа гэгээн өөрийн биеэр залрав.  Ажиа гэгээн ирсэн болохоор Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав нараас авахуулаад Монголын  том сүм хийдийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байлаа.  Зөвхөн энэ эмнэлэгийн нээлтэнд оролцохоор Япон, Тайвань, Хятадаас хандив өргөсөн хүмүүс ирсэн юм.  Эмнэлэгийн нээлтийн ёслолд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, нээлтийн үг хэлж, Ажиа гэгээнд дурсгалын зүйл гардуулсан юм.  

ЭХЭМҮТ-ийн ерөнхий  захирал Ш.Энхтөр нээлтийн үг хэлэхдээ  “Энэхүү барилга  үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Тав тухтай орчин бүрдүүлж, өвчтөний аюулгүй байдлыг хангасан. Хүчилтөрөгч ба агаарын нэгдсэн системтэй цахилгааны,  агааржуулалтын, гэрэлтүүлэгийн системтэй  баригдсан юм. Давхар бүрт хүлээлгийн өрөө, уулзалтын өрөөнүүдээс гадна хүнд өвчтэй хүүхдэд зориулсан бүх л нөхцөл хангасан. Эмнэлэгийн ачаалал ихдэж, нэг өвчтөнд ногдох талбайн хэмжээ багассан үед энэхүү барилга богино хугацаанд  баригдсан нь манай эрүүл мэндийн салбарт үлэмж ач холбогдолтой  үйл явдал боллоо. Эзэн хүний ёсоор хайр гамтай хандана” гэж амлав. 

Ажиа гэгээн “Анх гурван давхар барилга барихаар ярьж байсан ч гурван давхар биш зургаан давхар байшин барихаар болоод ажлаа эхэлсэн юм. Гурван жилийн дараа зургаан давхар, суурьтайгаа долоон давхар болоод нэг байшин барих гэж байснаа хоёр байшин болоод сайхан бүтлээ” гэлээ.

 Ажиа гэгээн Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл байх ёстой гэж онцлоод гадаадад сурч төгссөн сайн эмч нар Монголдоо ажиллаасай гэж хүсдэгээ илэрхийлсэн.    “Бурхан бүтээх, суварга босговол их буян гэж би өөрөө итгэдэг юм. Сургууль босгоод, эмнэлэг барих бас  адилхан буян гэж боддог.  Тайванийн найз нар, Сингапурийн шавь нар, Хятад, Япон, Америк, олон шавь, найз нар мөнгө хандив оруулсан” гэж Ажиа гэгээн ярьсан юм. Цаашид ч хандив хэрэгтэй гэдгийг  тэр илэн далангүй хэлж байна.  “Зуун мянган төгрөгийн хандив өргөхөд Сүмбэр уултай адилтгаж, нэг төгрөгийн хандив өргөсөн ч Сүн далайд дусал буяны сан боллоо гэж ерөөж байгаа” гэнэ. “Мөнгө өгсөн хүмүүст баярлаж байгаа. Мөнгө өгнө гэчихээд өгөөгүй хүмүүс хурдан өгөөрэй” гэж Ажиа гэгээн айлдсан шүү. 

 Том компаниуд, үйлдвэр аж ахуйн газрынхан  нэг өдрийн цалингаа буяны үйлст хандивлахыг Ажиа гэгээн уриалж байна лээ.  Дахин хандив цуглавал юунд зарцуулах талаар Ажиа гэгээнээс тодруулав.    

-Энэ байранд  бие засдаг газар, телевиз, тоног төхөөрөмж бүгд байгаа.  Мөн бид компьютер,  MRI оруулах гэж байгаа. Нэг MRI сая доллар байгаа даа. Тэгвэл их мөнгө хэрэгтэй. Бас хандив цуглуулж байж дутуу үлдсэн ажлуудаа сайхан дуусгаад, сүүлд буяны ажил их явуулахыг бодож байгаа. Яваандаа бид  хөдөөгүүр явж  эмчлэх хөтөлбөр бодож байгаа гэж Ажиа гэгээн ярилаа. 

Гэрэл зургийн сурвалжлагыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *