Цагдаагийн Ерөнхий газар дэргэдээ Лицензийн төвтэй болсон. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар цагдаагийн байгууллагаас олгоддог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор уг төвийг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан юм.
Өмнө нь иргэд жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаа шийдүүлэх гэж Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтэст, галт зэвсэгтэй холбоотой зөвшөөрлийг НХЖХГ-аас гээд аливаа зөвшөөрлүүдийг авахын тулд энд тэнд очиж баахан бичиг цаас болдог байлаа. Ингэж явахад цаг хугацаа ч их шаарддаг байсан. Харин одоо Лицензийн төв үйл ажиллагаагаа жигдрүүлж албан ёсны байртай болж байгаа учир өмнөх байдал үгүй болно гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байна. Уг төв байгуулагдснаасаа хойш Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан. Ирэх сарын 1-нээс байршлаа сольж Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд буй “Иргэн таны төлөө” байрны нэгдүгээр давхарт албан ёсоор байршихаар болжээ. ЗЦГ-ын Мэргэжил хяналтын хэлтсээр очиход Лицензийн төвийнхөн шинэ байр руугаа нүүх гээд бэлтгэлээ базааж байлаа.
Энэ үеэр ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Лицензийн төвөөс иргэд ямар зөвшөөрлүүдийг авч болох вэ?
-Жолооны үнэмлэх олгох, галт зэвсэг улсын хилээр оруулах, гаргах, ан агнах, спорт сургалт, цуглуулгын зориулалттай галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл, тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавих, овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл, тэсрэх дэлбэрэх бодисын тээвэрлэлтэд маршрутыг батлах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
Иргэд, байгууллагууд дээрх үйлчилгээг авахын тулд энд тэнд очиж үйлчлүүлдэг байсан бол одоо Лицензийн төвд ирээд дээрх эдгээр үйлчилгээг авах боломжтой болж байна.
-Зөвшөөрөл олгох үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлснээр цаг хэмнэхээс эхлүүлээд ашиг тус нь их байлгүй?
-Аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагууд иргэдэд ая тухтай орчинд түргэн шуурхай үйлчлэхийн тулд бүхий л нөхцөл бололцоогоо дайчилдаг. Манайх яг л тэр хэмжээнд үйлчлэх болно.
-Жолооны үнэмлэх гаргуулах, шинээр авахад маш их чирэгдэлтэй байдаг. Ирж үйлчлүүлэх гариг өдрийг заагаад өгчихдөг шүү дээ?
-Тэр ачаалал байхгүй болно. Үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэд долоо хоногийн мягмар, пүрэв гаригт л ирж үйлчлүүлдэг бол одоо Лицензийн төвд өдөр бүр материал хүлээж авдаг болно. Тэгэхээр энэ ачаалал буурна гэсэн үг. ЗЦГ-ын Мэргэжил хяналтын хэлтсийнхэн оргил ачааллын үед өдөрт 700-800 хүнд үйлчилж байна. Лицензийн төвийн шинэ байр уужим, зай талбай том учир одоо ачаалал үүсэхгүй. Үйлчлүүлэхээр ирсэн иргэн мэдээллийн дэлгэцээс өөрт хэрэгтэй заавраа аваад дарааллын төхөөрөмжөөс тасалбараа аваад хүлээлгийн хэсэгт сууна гэсэн үг.
-Лицензийн төвөөр үйлчлүүлэх иргэдэд хандаж юу хэлэх вэ?
-Дээр дурдсан зөвшөөрлүүдийг авахдаа манай Лицензийн төвийн шинэ байранд ирж үйлчлүүлээрэй. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Доржийн гудамж буюу хуучнаар “Сэлэнгэ” зочид буудлын замын эсрэг талд манайх байрлаж байна гэлээ. Лицензийн төв шинэ байрандаа орсон өдрөө буюу есдүгээр сарын 1-нд жолооны үнэмлэхний хугацаа нь дууссан иргэдэд газар дээр нь эрхийг нь сунгаж, шинээр үнэмлэх олгон бэлэг барихаар зэхэж байгаа юм байна.
Д.САРУУЛ