Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотноо болж буй Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа ОУОСХ-ны ерөнхийлөгч К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Матыцин, дэд Ерөнхийлөгч С.Берг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дэлхийн оюутны Универсиад наадмын асуудлыг шийддэг эрх мэдэл бүхий том байгууллагын төлөөлөгчид манай хотод зочлож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Улаанбаатар хот 2033 онд дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмыг зохион явуулах хэтийн зорилт, төлөвлөгөөтэй байна” гэдгээ хэлээд нийслэлийн иргэдийн энэхүү саналыг дэмжин ажиллахыг хүслээ.
Харин ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльен “Та бүхэн том амбицитай байгаа юм байна. Алсыг харж, зорилт дэвшүүлэн, эртнээс төлөвлөнө гэдэг их чухал. Универсиад наадмыг хүлээн авна гэдэг бол их хариуцлага, том төсөл. Дэлхийн хамгийн эрч, хүчтэй хөгжиж байгаа хот бүхэн энэ наадмын эрхийг авахын төлөө олон жил шургуу бэлтгэдэг юм. Универсиадыг хийж чадвал цаашид зуны олимп ойрхон харагдах болно. Та бүхэнд бид туслахад бэлэн байна. Улаанбаатар хотынхон эртнээс бэлтгэн Универсиадын туршлагыг сайтар судлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн болон спортын барилга байгууламжын бүтээн байгуулалт хийж байж энэ зорилтондоо хүрэх болно” гэдгийг онцлон хэллээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, “Универсиад-2033” наадмын хүрээнд цаашдаа хоёр байгууллага хамтран ажиллаж, ойр ойрхон уулзалт зохион байгуулах, Улаанбаатар хотноо дараагийн жилүүдэд оюутны ДАШТэмцээн, Азийн оюутны наадам, тэмцээнүүдийг хийх, бэлтгэл ажлаа эртнээс хангах талаар харилцан тохиролцлоо.