Categories
мэдээ улс-төр

Цэцэрлэгийн хүртээмж, өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнөөдөр /2014.08.27/ “Цэцэрлэгийн хүртээмж, өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, барилга байгууламж”-ийн талаар мэдээлэл сонсож холбогдох албаныхантай тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт,  УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, Д.Сумъяабазар нар болон  холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагын талаар танилцуулсан юм.

Нийслэлд 2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 цэцэрлэг, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт нийт 75579 хүүхэд хамрагдаж, 2-5 насны хүүхдийн 72,3 хувийг хамруулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг тэрээр онцлов.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 31683 ор бүхий 178 цэцэрлэгт 59474 хүүхэд хүмүүжиж байгаа нь цэцэрлэгийн барилга хүчин чадлаасаа даруй 1,87 дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа аж.

Энэ онд гурван цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж, 27 цэцэрлэгийн барилга угсралтын ажил эхэлсэн байна. Мөн тендер нь зарлагдсан 32 цэцэрлэгийн барилга байгаа бөгөөд энэ тоог  нэмэгдүүлж 150 хүүхдийн хүчин чадалтай 374 цэцэрлэг барих шаардлага тулгарчээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана газар чөлөөлөлтийн ажил удаашралтайгаас шалтгаалж цэцэрлэгийн барилга барих ажил он дамнах, зохих ёсны хугацаандаа ашиглалтад орохгүй  байгаа талаар онцлоод, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх  таван санал гаргаж буйгаа танилцуулсан юм.

Үүнд нэгдүгээрт, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж ингэхдээ 50 хувийг эцэг эхчүүд хариуцдаг байх шийдвэр гаргах хэрэгтэй байгаа талаар дурдаад, энэ талаар судалгаа явуулсныг  эцэг эхчүүдийн 80 хувь дэмжсэн байна.

хоёрдугаарт, өнгөрсөн хичээлийн жилд үйл ажиллагаа явуулсан төрийн бус өмчийн нийт цэцэрлэгийн 43 хувь нь  хүчин чадлаа бүрэн ашиглаж чадаагүй байна. Энэ нь нийт 71 цэцэрлэгийн 2552 ор сул байна гэсэн үг юм. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд байгаа энэ  сул орыг ашиглаж тодорхой зорилтот бүлгийн хүүхдүүдийг төлбөргүйгээр хамруулах. Ингэснээр хувийн цэцэрлэгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахаас гадна цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 3150-аар нэмэгдэнэ.

гуравдугаарт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Аж ахуй нэгж, байгууллага нь цэцэрлэгтэй байж болно” гэж заасныг үндэслэн байгууллагууд дэргэдээ өөрийн цэцэрлэг байгуулах саналыг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх.

дөрөвдүгээрт, ашиглалтын хугацаа дуусаагүй, суурь сайтай баригдсан 38 цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл хийж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Барилга угсралтын ажилд шаардагдах 20 гаруй тэр бум төгрөгийг шийдвэрлүүлэх хэрэгтэй. Ингэснээр цэцэрлэгийн орны тоо 2850-аар, хамрагдах хүүхдийн тоо 4500-аар нэмэгдэнэ гэж үзэж байна.

тавдугаарт, боловсролын салбарт Захиргаа аж ахуйн орон тооны үлгэрчилсэн нормативыг  яаралтай батлуулах шаардлагатай байгаа гэсэн саналуудыг дэвшүүлэв.

Мэдээллийн явцад цэцэрлэгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны  гишүүдийн зүгээс тавьсан  асуултад  холбогдох яам, агентлагийн   удирдлагууд  хариулт өглөө.

Мөн байнгын хорооны гишүүдийн зүгээс хэд хэдэн санал гаргасан. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар цэцэрлэг, сургуулийн барилгын нэгдсэн жишиг стандарттай болох асуудал дээр анхаарах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж, ингэснээр хөрөнгийн зарцуулалт тодорхой байхаас гадна хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Байнгын хорооны гишүүд Нийслэлийн боловсролын газраас дэвшүүлсэн зарим саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллахыг холбогдох яам агентлагуудад анхаарууллаа.

Түүнчлэн Нийслэлийн боловсролын газраас дэвшүүлсэн  ашиглалтын хугацаа дуусаагүй, суурь сайтай баригдсан 38 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх ажлыг шуурхайлах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн юм.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ, цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл хийх ажлыг шуурхайлах хэрэгтэй. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх энэ ажилд шаардлагатай 20 гаруй тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгахад  хоёр байнгын  хороо анхаарч ажиллана гэдгийг энэ үеэр дуулгав.

Мөн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар энэ ажлыг хариуцаж зарим барилгыг концессын гэрээгээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн үүрэг, чиглэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *