Categories
мэдээ спорт

Монголын дөрвөн жүдоч тэмцээнээ дуусгалаа

ОХУ-ын Челябинск хотод жүдогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм цол хүртэж монголын жүдочдын салхийг хагалсан.Тэгвэл хоёр дахь өдөр эмэгтэй  хасах 52кг, эрэгтэй хасах 66кг жингийн барилдаанууд явагдаж манай улсаас тус бүр хоёр, хоёр тамирчин зодоглолоо. Хасах 52 кг-ийн жинд зодоглосон М.Бундмаа эхний барилдаандаа гоц мөргөж дараагийн барилдаанд Израйлын бөх Рони Шварцтай барилдаж юко үнэлгээр ялалт байгуулж улмаар Маялинда Кэлмэндитэй учраа таарч барилдахдаа гурав торгуульж ялагдан тэмцээнийг орхилоо. Харин “С” хэсэгт барилдсан А.Цолмон эхний барилдаанд  Унгарын бөх Барбара Маросыг ялж, дараагийн барилдаанд мөн Израйлын бөх Гили Коэнг буулган авав. Ингээд  гурав дахь барилдаанаа Хятадын бөх Ма Иньнантай хийж ялагдсан байна. Харин  хасах 66 кг-ын жинд зодоглосон Д.Төмөрхүлэг “D” хэсгийг тэргүүлэн хэсгийн эхний барилдаандаа гоц мөргөж хоёр дахь барилдаандаа Канадын бөх Энтони Боучардыг ялж,  Германы бөх Себастиан Сиэдлтэй учраа таарч мөн буулган авсан. Ингээд дөрөв дэх барилдаанд Хятадын бөх Ма учраа таарч даралтаар цэвэр ялагдаж тэмцээнийг дуусгав. Мөн энэ жингийн “В” хэсэгт зодоглосон А.Батсуурь эхний барилдаанд гоц мөргөж, хоёр дахь барилдаандаа Перу улсын бөх Алонзо Вонгыг буулган авч, дараагийн барилдаанд Шинэ Зеландын бөх Алекс Бишоптыг давав. Гэвч дөрөв дэх барилдаанаа Украйны бөх дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Европийн аварга, дэлхийн чансааны №5 Григорий Зантариатай хийж цэвэр ялагдлаа. Ийн манай улсын дөрвөн бөх тэмцээнийг дуусгалаа. 

Д.Сүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *