Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүмүүс яагаад Орос, Хятад руу биш Америк руу дүрвэдэг юм бэ?

Мериам Яхиа Ибрахим бол христийн шашинтай залуутай гэрлэсэн судан бүсгүй.  Улсынх нь шүүх сүсэг бишрэлээсээ урвасан гэж бүсгүйг буруутган зуун удаа ташуурдаж дүүжлэх ял оноогоод байсан юм. Ташуурдуулж байгаа бичлэг нь цахим ертөнцөд шуугиан дэгдээснийг уншигчид санаж байгаа байх. Шоронд хоригдсон бүсгүй анхны үрээ нарсанд төрүүлсэн. Үрийн зулай үнэрлэснийх нь дараа Суданы шүүхээс Мериамыг цаазлах ялыг хоёр жилээр хойшлуулж байлаа. Бүсгүй хоёр дахь хүүхдээ ч шоронд төрүүлсэн. Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллага, барууны  улсуудын удирдагчид Суданд шаардлага тавьсны хүчээр бүсгүй цаазын ялаас мултарч чадсан юм. Давж заалдах доод шатны шүүхээс Мериамд оноосон ялыг хүчин­гүй болгосон мэдээг дэлхий даяараа баярлан хүлээж авсан. Бичиг баримтын асууд­­лаас болж Суданд байх хугацаанд нь исламын Хамза бүлэг бүсгүйг болон түүнд тусалсан бүгдийг ална хэмээн заналхийлж байсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Харин Хартум дахь АНУ-ын Элчин сайдын яам бүсгүйн авралын газар болж чадсан юм. Дараахан нь тэр Италийн Засгийн газрын онго­­цоор Италид ирсэн. Одоо тэндээ хоёр хүүхэд, нөхрийнхөө хамт сайхан амьдарч байна.

Мериам бүсгүй шиг хэцүү байдалд орсон хүмүүс АНУ, баруунаас орогнол хүссэн талаар өчнөөн мэдээ дуулддаг.  Наад захын жишээ гэхэд л BBC-д блог хөтөлдөг байсан пакистан охины түүх бий. Амьдарч байсан мужид нь эзэр­хийлэл тогтоосон Тали­бан бүлэглэлийнхэн хүүх­дүүдийг сургуульдаа явахыг хориглосон юм. Үүнийг нь эсэр­гүүцсэн Малала ВВС-д нууц нэрээр өдөр бүр блог хөтөлж хүний эрхийг зөрчсөн бүлэглэлийг зоригтой шүүмжлэх болсныг дэлхий даяараа дэмжин уншиж байв. Ингэснийхээ төлөө охин Талибан бүлэглэлийнхний халдлагад өртөж сонсголгүй болсон юм. Ээжийнхээ хамт Англи руу дүрвэсэн Малала одоо тэндээ сурч боловсроод сайхан амьдарч яваа. Оросын тэрбумтан “Юкос”-ыг удирдаж явсан Ходорковский гэхэд л шоронд өчнөөн жил хориг­доод гарсныхаа дараа эхнэр хөвгүүдийнхээ хамт  Швейцарийг зорьсон. Швейцарийн удирдлагууд Ходорковскийн хэрэгт шударга хандахыг Орост сануулсаар ирсэн юм. Оросын тэрбумтан шоронгоос гарсныхаа дараа өөрт нь эрх чөлөө олгох талд бат зогссоор ирсэн Швейцарийн удирдлагад талархаж байсан нь ердөө саяхны явдал. Эрх чөлөөг хүссэн хүмүүс барууныг сонгосон, тэднээс орогнол хүссэн жишээг энэ мэтээр дурдвал  өчнөөн түүх ярьж болно. 

Харин Орос, Хятадаас орогнол хүссэн жишээ сон­согд­доггүй. АНУ-ын тагнуулын нууц материалыг дэлхийд тараасан Сноуден, өндөр татвар төлөхгүй гэж шаралх­сан Жерарьд Депарьде хоёр л Оросоос орогнол хүссэн. Гэхдээ Сноудений жишээ бол амьдрах аргагүй болт­лоо дарамтлуулж, үхэл амьд­ралын зааг дээр ирсэн Мериам бүсгүйнхээс өөр. Улсынхаа тагнуулын нууцыг задруулсан гэдэг бол тусдаа хэрэг. Жерарьд Депарьде ч гэсэн ахиухан мөнгөтэй үлдэх гэж л Оросоос орогнол хүсч иргэн нь болсон. Харин Мериам шиг эрх чөлөөг хүссэн бүхэн Орос, Хятад руу биш, Америкаас орогнол хүсдэг нь сонин юм шүү. 

Сүүлийн үед манай дарга нар Орос, Хятад шиг диваажин алга, тэдэнгүй л бол бид балрах гээд байна, өмнө нь бид барууныхныг хэт дагаад ёстой нэг төөрөлдөж явжээ  гэх маягийн үг унагах боллоо. Си дарга бидэнд овоо мөнгө өглөө, ашгүй дээ, эдийн засаг сэргэх нь гэх маягийн үг ч дуулдаж байх шиг. Путин ирвэл ч бүр их мөнгө өгнө дөө гоё, гоё гэцгээгээд нэг л биш ээ. Бид­нийг ингэж догдлоод байхад дэлхий яагаад тэгэхгүй байна вэ? Яагаад эрх чөлөө хүссэн иргэд Орос, Хятадаас биш барууны улсаас орогнол хүсдэг юм бол? Бодох л асуулт. Хэрвээ үнэхээр л хоёр хөршөө түшээд санаа амар амьдаръя гэж бодож байсан бол яагаад ардчиллыг бий болгох гэж хорин жилийн турш улс даяараа үйлээ үзсэн юм бол? “Азийн цээжин дэх ардчиллын ганцхан бамбар” гэж үнэлэгдтэлээ зүтгэж хөлсөө дуслуулсны хэрэг юу билээ?  Энэ цагийн дарга нарын сэтгэл хөдлөлөөр унагасан цөөхөн үгэнд баллуурдуулах байсан юм бол тэгтлээ хөлсөө урсгах хэрэг байсан юм болов уу? Тавих л учиртай асуулт. 

Саяын айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүн бие биенээ үндэстнийх нь хувьд гутаан доромжилсон үйлдэл гаргахгүй гэж үг хэлээ нэгтгэсэн нь сайхан санагдсан. Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэж мэдэгдсэн Си даргын үг гоё сонсогдсон. Нарийн царигаа зөвшөөрвөл төмөр зам барихад чинь бүх талаар тусална гэж дуугарсан нь эдийн засагт хэрэгтэй мэдэг­дэл байж чадсан. Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэ­рээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр ч түүхэн тохиролцооны  тоонд зүй ёсоор багтана. 2020 он гэхэд хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэцгээсэн нь аль аль талдаа хэрэгтэй шийдэл. Дэлхийн хамгийн том зах зээлийг удирддаг хүн нь ирж, эдийн засагт хэрэгтэй өчнөөн асуудлыг шийдэл болгосонд Монгол даяараа олзуурхаж байгаа. Мөнхийн хөрш, дэл­хийн хамгийн том зах зээл гэдэг утгаар нь бидэнд Хятадтай ойр харилцах түмэн шалтгаан бий. 

Гэхдээ анзаарахгүй орхиж боломгүй зүйл ч бас байна.  Жишээ нь айлчлалын үеэр Си дарга “Олон улс, бүс нутгийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр улс цаашид НҮБ, АСЕМ, ШХАБ,CICA зэрэг байгууллагын хүрээнд хамтын ажиллагаа, зохицуулалтыг нэмэгдүүлж, сайжруулж хөгжүүлэх болно” гэж мэдэгдсэн. НҮБ, АСЕМ-ын хүрээнд харилцаагаа сайжруулах нь байж болох асуудал. Харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол манайх шиг жижиг оронд болгоомжлох учиртай нэгдэл. Хятадын талаас ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох шахалт ирвэл бидэнд эрсдэлтэй гэж судлаачид онцолдог нь цаанаа нарийн шалтгаантай. Барууны оролцоог хазаарлах Азийн хүчирхэг эвсэл болж хөгжиж буй газар гэвэл учир мэдэх ямар ч хүн ШХАБ-ыг нэрлэнэ. Энэ эвслийн бодитой, хүчтэй нөлөөг дэлхий даяараа мэднэ. ШХАБ-ын шахалтаар Узбекстан нутаг дэвсгэрээсээ Америкийн цэргийг гаргаж байсан бодит түүх бий. Энэ явдлын дараа цэнхэр гаригийнхан Азийн энэ нэгдлийг бүр ч өөрөөр харах болсон. НАТО-гийн орнууд энэ үеэс хойш ШХАБ-ыг цэргийн эвсэл гэж үзэх болсон нь нууц биш. Хэрвээ Хятадын талаас ШХАБ-ын жинхэнэ гишүүн болооч гэсэн санал гаргавал, тэр санал нь ажил болбол Азийн Монголд ардчиллын замаар явахад бэрхшээл тулгарна. Судлаачид ийм болгоомжлолыг эртнээс сануулсаар ирсэн.  

Хоёр тал айлчлалын үеэр Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулахаар санамж бичиг зурсан. Уул уурхай бол Монголын эдийн засгийн голлох салбар. Эрчим хүчний хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах салбар. Энэ хоёр салбартаа барууны хөрөнгө болон урд хөршийн хөрөнгө оруулалтын жин банг тааруулах учиртай гэж эдийн засагчид хэлдэг. Үүнтэй холбоотой урт гэгчийн өгүүлбэр хоёр улсын хамтарсан тунхаглалд багтсан. Өгүүлбэрийг бүтнээр нь сийрүүлье. “Талууд Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл болон хоёр талын бусад механизмын хүрээнд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, боомт, төмөр, зэс, хар тугалга, цайр, уран, нүүрс, газрын тос, цахилгаан эрчим хүч, химийн үйлдвэрлэл, автомашин үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр болон үл хөдлөх хөрөнгө зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхай, эрчим хүчний томоохон төс­лүүд, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хурдацтай урагш­луулж, Монгол, Хятадын бодит хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг бүх талаар дээшлүүлнэ” гэжээ. Хамтарсан тунхаглалд үүнтэй агуулга нэг өөр ч өгүүлбэр бий. “Хятадын тал Хятадын нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчмын дагуу өөрсдийн давуу талыг ашиглан Монгол дахь томоохон төслүүдийн хамтын ажиллагаанд орол­цо­хыг дэмжинэ” гэсэн өгүүл­бэр. Манай сонин өмнө нь төрийн өндөр оролцоотой Хятад, Оросын компаниуд олноор орж ирвэл зах зээлийн жамаар яваа барууны компаниуд тоглох дүрэмгүй болж шахагдана, тоглох дүрэмгүй компаниуд хүссэн хүсээгүй Монголыг орхино, байдал иймдээ хүрвэл олон улсын хөрөнгийн бирж дээрх Монголын гэх компани цөөрнө, тэр хэрээр Азийн Монголыг дэлхий үнэлэх аргагүй болно гэсэн сэдвийг хөндөж тавьсан. Цаашлуулж яривал Орос, Хятадын компаниудын эзлэх жин ихэдвэл Азид ардчиллын загвар гэж гайхагддаг тогтолцоонд маань эрсдэл учирна гэдгийг ч сөхөж гаргаж ирсэн. Энэ өнцгөөс  харвал дээр дурдсан  өгүүлбэрүүд хамтарсан тунхаглалын ухаж уншмаар л хэсэг.  

Энэ мэт болгоожилмоор, алсдаа санахад илүүдэхгүй ямар ямар  асуудал айлчлалын үеэр яригдсаныг судлаачид сөхөж гаргаж ирмээр байна. Ардчиллаасаа ухрахгүйгээр их хөрштэйгээ яаж харилцвал аль аль талдаа ашигтай байх талаар өчнөөн гарц суд­лаач, шинжээчдэд байж таараа. Эцэст нь дахиад асууя. Эрх чөлөөг хүссэн хүмүүс яагаад Орос, Хятадаас биш Америкаас, баруунаас орогнол хүсдэг юм бол?

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *