Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл энэ сарын 25-29-нд хийгдэх тов гарсан. Тэртэй тэргүй хүүхэд олон, цэцэрлэгийн барилга дутагдалтай нь хэнд ч илэрхий. Тиймээс бүртгэлийн ажил “дайн” болно доо. Нийслэлийн боловсролын газрынхан үүнээс сэрэмжлээд бүртгэл зөвхөн ажлын цагаар болно гэдгийг онцолж буй. Гэсэн ч эцэг эхчүүд цэцэрлэгийн гадна хонож өнжихөөс урьдчилан сэргийлэх нь юу л бол. Улсын цэцэрлэгүүдийн хэт ачаалал хувийн цэцэрлэг эрж хайгчдын тоог өргөжүүлсэн. Баянзүрх дүүрэг дэх хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр гэхэд л 250-350 мянган төгрөг байна лээ. Их сургуульд оюутан сургахын дайтай энэ төлбөрийг даах эцэг эх төдий л олонгүй болов уу. Улсаас цэцэрлэгийн нэг хүүхдэд олгодог хувьсах зардал гэж бий. Үүгээрээ хувийн цэцэрлэгийн зардлын хагас хугасыг даавал нэлээд олон хүүхэд цэцэрлэгийн босго давах вий. Үгүй бол ядаж сургуульд бэлтгэх учиртай цэцэрлэггүй үлдсэн таван настануудаа “дамжаанд” хамруулах боломж бүрдүүлэх хэрэгтэй байна даа. Үгүй бол олон эцэг эхийн хувьд хувийн ч хувьсгалын ч цэцэрлэгт харьяалалгүй хүүхдээ хэрхэн сургуульд бэлтгэхээ ч мэдэхээ байлаа.
Б.ЯНЖМАА