Categories
мэдээ цаг-үе

Хэвлэлийн эрх чөлөөний төлөө жиргээчид жагслаа

“Бат инженер” нэрээр твиттерт жиргэдэг Ц.Батыг 100 хоног цагдан хорихоор
болсон. Түүнийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн дүү, МИАТ компанид Бизнес хөгжлийн хэлтсийн
даргаар ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс таньдаг. Ц.Батыг Зам тээврийн сайд А.Гансүхийн
гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд энэ сарын 18-нд шүүх хурал нь болж
баривчлах шийдвэр гаргажээ.

Өчигдөр Чингэсийн талбайд жиргээчид цуглаж, үүсээд буй үйл явдалд
өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж нэгдэцгээлээ. Тэд өдрийн цайны цагаараа төв талбайд
цуглах зараа твиттерээр тараасан юм. 12 цаг гучин минутын үед “Цогоо гуай” гэдэг
нэрээр жиргээчдийн дунд танигдсан УИХ дахь МАН-ын Ажлын албаны референт Б.Цогтгэрэл,
“Боролдой” студийн захирал С.Мягмар нар талбайн баруун хойноос хөөрөлдсөөр айсуй.
Д.Сүхбаатар жанжны хөшөөний зүүн хойно түрүүнээс хойш зогссон хоёр залуу тэдэнтэй
нийллээ. Тэгтэл энд тэндээс жиргээчид ганц хоёроор ирсээр арав гаруй хүн боллоо.
Бусад руугаа утас цохиж хурдан ирээрэй гэцгээнэ. Яаж жагсах тухайгаа ярьж эхэллээ.
Тэгтэл Б.Цогтгэрэл гараа алдлаад жагсъя гэв. “Номин холдинг”-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан
төрд хөрөнгөө алдчихаад бухимдсандаа алгаа урагш харуулаад гараа алдлан хашгирч
буй бичлэг нийтэд цацагдсан. Б.Цогтгэрэл “ЯгБаярсайхан,
зураач Цогтбаяр шиг тэгж алдалъя, юмаа алдсан хүн шиг. Аймшигт жилүүд эхэллээ. Үг
хэлэх эрх чөлөө өгөөч ээ. Би МАН-ын хүн. Ардчилсан намын хүний төлөө, энэ аймаар
хэлмэгдүүлэлтийг зогсоох гээд ирлээ. Энэ яваа насандаа АН-ын гишүүний төлөө жагсана
гэж зүүдэлж ч явсангүй. Жагсахаас өөр арга алга” гэв. Жиргээчид “Монгол ёсолгоонд
алгаа дээшээ харуулдаг. Харин бид юмаа алдсан хүмүүс шиг алгаа харуулж алдалъя.
Тэгээд эрх чөлөө гэж хашгирцгаая” гэлээ. Зарим нь “Батыг сулла гэе. Ямар сонсогдож
байна. Эсвэл твиттерт эрх чөлөө хэрэгтэй гэх үү” хэмээн юу гэж хэлэхээ ярилцацгааж,
ямар найруулгаар яаж үзэл бодлоо илэрхийлэхээ ярилцаж гарлаа. 

Энэ үеэр “Боролдой” студийн захирал
С.Мягмар жиргээчдэд амжилт хүсээд талбайг орхив. Түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Твиттерт үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорино гэдэг
зөв үү?

-Айдас төрүүлж байгаа хэрэг. Жаахан
айлгачих гэж байгаа санаа. Доод тал нь 90 хоног суудаг юм байна, цаад тал нь
900 хоног суудаг юм байна, 9000 хоног сууж магадгүй юм байна. Ер нь суулгана шүү
гэсэн дохио.

-Та твиттерийг юу гэж ойлгодог юм бэ?

-Энэ бол өөрийнхөө таньж мэддэг
хүмүүст санал, сэтгэгдлээ солилцдог, “Өнөөдөр би сайхан хоол идлээ”, “Маргааш амралтад
явна” гэдгээ хэлж байгаа санаа шүү дээ. Тэрэн дотор доромжилсон үг орно гэдэг найз
нөхөд нэгийгээ доромжлох уу, амыг нь асуух уу гэдэг нь сонин биш. Твиттер бол олон
нийтийн мэдээллийн хэрэгсэл биш. Хувь хүний захиа бичдэг цаас.

-Та энэ жагсаалд хэнийг дэмжих гэж ирсэн бэ?

-Би юуг ч дэмжээгүй. Би өөрийнхөө
хэлэх, ярих эрхийг хамгаалж байна.

-Ц.Батыг 100 хоног хорьсноос болж бусад жиргээчдэд ямар цохилт
ирэх вэ?

-Айдас, айдас. Та айхгүй байна
уу. Айж байгаа биз дээ. Очно шүү, хорино шүү, суулгана шүү гээд л нийгэмд айдас
төрүүлж байж эрх мэдэлтнүүд санал бодлоо хэрэгжүүлдэг юм гэлээ.

Жиргээчид юу гэж хэлж хашгирахаа
тохирчихож. Чингэс хааны хөшөө рүү харж байгаад нэгэн дуугаар “Эрх чөлөө, эрх чөлөө,
эрх чөлөө! Твиттерийг чөлөөл. Батыг чөлөөл” гэж хашгирав. Жиргээчин Амраа түүчээлж
хэлэнгүүт өнөөдүүл нь тангаргийн үг хэлж байгаа мэт давтана. Эхлээд дөрвөн удаа
чангахан шиг ийн орилцгоогоод хэсэг завсарлаад үргэлжлээд дахин хашгирцгаалаа. Нэг
нь дэвтрийн цаасан дээр “Free Bat” гэж биччихэж. Германаас ирсэн гэр бүлийн хоёр
хүн юу болоод байгааг сонирхоно. Тэд “Free Bat” гэсэн өнөөх бичгийг бариад зарим
жиргээчидтэй зургаа татуулна. Талбайд байсан иргэд жиргээчдийг хашгирч эхэлмэгц
хурдхан холдоод явчихав. Өндөр настнууд толгойгоо сэгсэрнэ. Харин залуус ганц хоёроороо
дөхөн ирж юу болоод байгааг сонирхох аж.

Жиргээч Б.Цогтгэрэл энгэртээ твиттерийн
“t” үсэгтэй энгэрийн тэмдэг зүүчихэж. Тэрээр “Бат инженерийг жиргээчид бүгд танина.
Салбарынхаа төлөө санаа зовдог, зөвлөдөг, ярьдаг. Салбарын шилдэг сайн боловсон
хүчинтэйгээ салбарын сайд нь ойлголцож чадахгүй, хүн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх
нь төлөө шоронд хорино гэдэг байж боломгүй асуудал. Бид өнөөдөр цайны цагаараа жагсаал
хийж байна. Жагсаал биш л дээ. Үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр. Батыг чөлөөл.
Үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг чинь Үндсэн хуулиар олгогдсон эрх болохоос биш ял шийтгэл
биш шүү дээ. Миний энд ирсэн зорилго бол аливаа нэг хэрэг маргаанд хөндлөнгөөс нөлөөлөх
гэсэндээ биш, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө ирсэн. Түүнээс биш
Бат нь байна уу, “Женко” Баттулга нь байна уу хамаагүй. Үзэл бодлынхоо төлөө л ирсэн.
Гэхдээ Ц.Батыг твиттерчид, ялангуяа залуу твиттерчид хүндэтгэдэг юм” гэж ярилаа.

Төрийн соёрхолт Н.Нацагням энэ
жагсаалд оролцож байлаа. Тэрээр ийн ярив. “Ганц Бат инженер ч биш бусад инженерүүд
ч тэгж ярьдаг. Ардчилсан засаглалын онцлог байдаг шүү дээ, мэргэжлийн бус хүн сайд,
дарга болдог. Ардчилсан нийгэмд инженерийн яам, инженерийн компаниуд байдаг. Английн
тийм компанид би ажиллаж байсан. Монголд яам байгуулаад төр тэндээс нь хулгай хийдэг
болохоор хэн дуртай байх юм бэ. Хүн бухимдаад юм хэлээ л биз. Тэрийг тоох ёсгүй
байсан юм. Тэрийг тоогоод ингэж байна гэдэг чинь эмзэг хүний асуудал л даа. Дарга
хүн эмзэг байх хэрэггүй. Олон жилийн түүхээс хараад байхад нэг санал хэлмээр байна.
Та хэрвээ сайд болно гэвэл арван жилдээ хүүхдүүдэд дээрэлхүүлж байсан байж болохгүй.
Тэгвэл та дарга болчихвол хүмүүсийг “алах” байхгүй юу. Хэрвээ та арван жилдээ атаман
байсан бол хүн таныг цохиод, загнаад авахад тоох ч үгүй. Ангийн атаманууд чинь хүн
загнаад, цохиод авахад тоодоггүй энгийн л байдаг байхгүй юу. Арван жилдээ сул дорой
байсан хүүхэд сайд дарга болбол аймаар эмзэг болохоор “алдаг” байхгүй юу. Энэ үйл
явдалтай холбож хэлэхэд тийм биш байсан бол тоохгүй л өнгөрөх байсан болов уу. Хэрвээ
тийм биш юм бол Батыг чөлөөл л дөө. Энэ үйл явдлаас болж жиргээчид айхгүй. Ардчилсан
нийгэмд ард түмэн хүчтэй байдаг. Бүх жиргээчид, бүх ард түмэн, инженерүүд нэгдвэл
энэ засаг чинь юу болох вэ. Ингэснээрээ ард түмнийг айлгаж чадахгүй л дээ” хэмээв.

Жиргээчид тойрч суугаад амаа дарлаа.
Энэ нь үг хэлэх эрх чөлөө гэж алга, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг
ингэж боогдуулж байна гэдгийг харуулахыг зорьжээ. 10 минут сууцгаая гэсэн ч эхнээсээ
босоод явчихав. Үлдсэн хэд нь суусаар.

Б.Болдсайхан эмч энэ жагсаалд
идэвхтэй оролцлоо. Б.Болдсайхан “Би хувь хүнийхээ хувьд, жиргээчийнхээ хувьд ирлээ.
Нэгдүгээрт, А.Гансүх сайд жиргээ гэдэг чат, мессенжер, фэйсбүүк шиг ийм хэрэгсэл
дээр сэтгэгдлээ бичсэнийх нь төлөө сайдын албан тушаал, хуульч гэдгээ ашиглаж, шүүх
нь ч гэсэн Монгол Улсын хуулинд нь байхгүй заалтаар хүнийг яллаа. Жиргээ, фэйсбүүк,
блог эд нар чинь хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш шүү дээ. Эзэнгүй, төлбөргүй, тогтмол
биш. Намайг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж болохгүй. Би жилдээ нэг удаа жиргэдэг
байж болно. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэлээ гэдгийг
шүүхээр тогтоогоод 100 хоног хорьж байгааг л эсэргүүцэж байгаа юм. Дээр үеийнх шиг
заавал тэмдэглэлийн дэвтэр, цаасан дээр бичих албагүй. Гар утас халаасанд байгаа
юм чинь үүгээрээ тэмдэглэлээ бичиж болно, зургаа зурж болно. Энэ эрхийг минь хасч
байгаа юм уу. Үүнийг би хувьдаа эсэргүүцэж байгаа юм” хэмээгээд “Энд жиргээчид хувь
хүний эрх чөлөө, хэлэх эрх чөлөө, төр засгийг хардах эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх
эрх чөлөөгөө хамгаалах гэж ирсэн гэдгээ хэлж байна” гэсэн юм.

Төрийн тусгай хамгаалалтын эрээн
хувцастай нэгэн хүн ирж үнэмлэхээ үзүүлээд юу болоод байгааг лавлана. “Жагсаалыг
удирдаж байгаа хүнийг заагаад өгнө үү” гэхэд жиргээчид хэнийг ч зааж өгсөнгүй, жагсаалаа
үргэлжлүүлсээр. Хамгаалалтын албаны тэр залуу хэсэг зогсч байгаад яваад өглөө. Хол
очоод хаашаа ч юм утсаар ярина. Жагсаал ч дуусав бололтой жиргээчид тойрч хэсэг
зогсч ойр зуурын юм ярьж, хөгжилдөнө. 13 цаг 13 минутад тэд “За, баяртай. Амжилт
хүсье” гэсээр зүг зүг рүү тарцгаалаа. Энэ удаагийн цуглаанд 18 жиргээчин оролцсон
юм.

Манайдаа л твиттерт нэр хүндтэй,
оновчтой, ончтой мэргэн цэцэн үг хэлдэг гэгддэг жиргээчид ийн жагслаа, цайны цагаараа.
Тэд бие биенээ “хаан”, “хатан хаан” хэмээн өргөмжилж, дагагчдынхаа тоогоор өрсөлдөн
40, 50 мянган дагагчтай гэж хэн нэгийгээ тодруулдаг. Гэтэл жиргээчдийн жагсаал гэсэн
нь цугларалтын хэмжээнд болж, хорь ч хүрэхгүй хүн ирлээ. Твиттерт мэдээлэл иймэрхүү
л хурд, өгөөжтэй хүрдэг. Твиттер, жиргээ бол бодит ертөнц биш гэдэг нь ийн нотлогдож
байна. Хүмүүс твиттерт нэг жиргээ орчихвол хүн бүр уншаад, анхаарал хандуулаад,
бөөн дуулиан шуугиан болдог гэж боддог бололтой. Тийм олон мянган дагагчтай нь үнэн
байсан бол өчигдрийн цуглаан жинхэнэ жагсаал болох байв.

Хуучин цагт арав төгсөхөд ангийн
хүүхдүүд “Дурсгалын дэвтэр” ангиар аялуулдаг байлаа, мөн цэрэгт “Халагдах дэвтэр”
нээнэ. Хүн бүр л өдрийн тэмдэглэл бичиж, зарим нь дөрвөн мөрт холбоно. Ингэж л хувь
үзэл бодлоо илэрхийлдэг байсан сан. Тэр нь харин өдгөө цагт твиттер, фэйсбүүк болсон
шиг байна.

Энэ болоод байгаа үйл явдал хэвлэл
мэдээллийнхэнд хамаагүй зүйл биш юм. Үүнийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан
өмөөрч, өмгөөлөх хэрэгтэй. Эрх мэдэлтнүүд хэвлэлийн салбарыг хувааж авах хууль боловсруулж,
бүгдийг өөрсдийнхөө мэдэлд оруулах гээд янз бүрээр зүтгэж байгаа. Жиргээчийг хорьсон
нь тэр бүхний нэг илрэл, санаархлын эхлэл болж байна. Хүн гүтгэж болно оо хэмээн
худлаа уярааж байгаад мэдээллийн хэрэгслүүдийг занганд оруулаад өөрийн болгох төлөвлөгөө
нь явсаар л байна. Жиргээчид эрх чөлөөтэй жиргэх ёстой. Жаргалтай байгаа шувууд
л жиргэдэг. Зах зухаас нь торонд хийгээд өд сөдийг нь зулгаагаад байвал шувууд жиргэхээ
болиод муухай хар хэрээнүүд оронд нь бархирч мэднэ. Тэглээ ч твиттерийг хориод,
дараад дийлсэн улс байхгүй байх шүү.

 Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *