Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн ээлжит 44 дүгээр хуралдаанаар ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Түүнчлэн ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Б.Билэгт даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан хэвлэлээр “Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь “түгжилдсэн” нь Л.Гансүх мэдүүлэг өгч эхэлсэнтэй холбоотой юу”, “Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ”, “ЦЕГ-ын даргын марафон эхэлжээ”, “Б.Билэгтийн оронд очих магадлалтай гурван хүний нэр яригдаж эхэллээ”, “Б.Батзаяагийн араас Б.Билэгтийг чөлөөлснөөр “Алтангадас” “МоАХ”-ны хоорондын тэмцэл дайн боллоо” зэрэг гарчигтай баттай бус эх сурвалжийн мэдээллийг хуулбарлан нийгэмд түгээж иргэдэд улс төрийн өнгө, аяс оруулсан ташаа ойлголт, мэдээлэл өгч байна. ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр төв, орон нутгийн цагдаагийн аль ч байгууллагад ямар нэг томилгоо, боловсон хүчний өөрчлөлт хийгээгүй.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна” гэв.