Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал хоёр орны харилцаанд дэвшил гаргаж, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ өчигдөр /2014.8.15/ БНХАУ-ын сэтгүүлчидтэй уулзаж, ярилцлага өглөө.
БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийхийн өмнө хүрэлцэн ирсэн, Хятадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:
1. Сун гуанюун (Sun Guangyong) “Renmin ribao” сонины олон улсын газрын олон улсын мэдээллийн редакцийн 2-р хэлтсийн дэд дарга
2. Фэн Жань (Fengjian)  Шинхуа Агентлагын олон улсын газрын ахлах сэтгүүлч
3. Шяо Умин (Xiao Wuming) CCTV-ийн редактор
4. Тун Лагэ (Tong Lage) Хятадын олон улсын Радиогийн зуун хойд Ази, төв Азийн бүс нутгийн радио төвийн байнгын орлогч дарга
5. Чю Бо (Qiu Bo) “China Daily” сонины олон улсын газрын сэтгүүлч
6. Ма Жинхуа (Ma Zhenhua) “Guangming Daily” сонины харъяат ажлын газрын дэд дарга
7. Чи Пин (Qi Ping) “Economic Daily” сонины ерөнхий редакцийн газрын дэд дарга
8. Бай Тяньтянь (Bai Tiantian) “Global Times” сонины англи хэлний хэвлэлийн дотоод мэдээллийн сэтгүүлч, редактор
9. Ше Кайхуа (Xie Kaihua) “Reference News” сонины тусгай сэдвийн редакцийн  газрын дэд дарга
10. Фан Юан (Fang Yuan) Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн газрын 3-р нарийн бичгийн дарга
11. Ян Тао (Yang Tao) “China Daily” сонины сурвалжлагч
12. Лей Хао (Lei Hao) CCTV-ийн сурвалжлагч
13. Ван Нинь (Wang Ning) Шинхуа Агентлагын сурвалжлагч
нар байлцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-оос ярилцлага авлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Та бүхэн хоёр орны харилцааны асуудлуудыг сонирхож байгаа байх. Хамгийн гол нь энэ сард хийх гэж байгаа БНХАУ-ын дарга Си Зиньпиний төрийн айлчлал та бүхний анхаарлын төвд байгаа байх. Ингээд та бүхэнд асуух боломж олгоё.
Сэтгүүлч: -Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Та цаг зав гаргаж манай сэтгүүлчдийн төлөөлөгчдийг хүлээн авч ярилцлага өгч байгаад баяртай байна. Энэ онд Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагаа зогсолтгүй, тогтвортой хөгжиж ирлээ. Бас хоёр орны харилцаа хамгийн их хөгжиж байгаа сайхан үе ирээд байна. Бүх салбарын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн. Хоёр орны хооронд дээд хэмжээний харилцан айлчлал нэмэгдэж байгаа нь стратегийн түншлэлийн харилцаанд сайн суурь болж байна. Төрийн тэргүүний хувьд та хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх талаар ямар бодит саналтай байна вэ. Ямар тодорхой арга хэмжээ авах вэ? Баярлалаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Монгол Улс нь БНХАУ-тай анхлан дипломат харилцаа тогтоосон, БНХАУ-тай хиллэж буй орнуудаас хамгийн урт хугацаанд дипломат харилцааны түүхтэй явж ирсэн цөөхөн орны нэг гэж хэлж болно. Сая тэмдэглэж хэлснээр 65 жил болж байна. Монгол Улс БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааны түвшинд  харилцаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө сүүлийн жилүүдэд ажиллаж ирсэн. Одоо БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр стратегийн түншлэлийн харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Стратегийн түншлэлийн харилцаа гэдгийг бид ойлгохдоо энэ харилцааны онцлог нь хоёр ард түмний язгуур эрх ашигт нийцсэн харилцаа гэж ойлгодог. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол энэ харилцааг агуулгын хувьд улам баяжуулж байна гэж ойлгож болно. Энэ чиглэлд би таван зүйл харж байгаа.
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг утгыг авахад, нэгдүгээрт, харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлэх чиглэлд бид ажиллах нь ээ. Хоёрдугаарт, хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаа өргөжих нь ээ. Гуравт нь, дамжин өнгөрөх тээвэр болон дэд бүтцийн талаар ярьдаг асуудалд маш том ахиц дэвшил гарах нь ээ. Дөрөвт нь, олон талт хамтын ажиллагааны агуулга, хэлбэр улам баяжих нь ээ. Тавд нь, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтайгаар шинэ шатанд гарах нь ээ.
Саяын хэлсэн энэ чиглэлүүдээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүдийг Си Зиньпин даргын  айлчлалын үеэр байгуулна гэж итгэж байгаа.
Сэтгүүлч: -Өнөөдрийн байдлаар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болж байна. БНХАУ нь 10 гаруй жилийн турш Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч улс төдийгүй гадаад худалдааны томоохон түнш байсаар ирлээ. Манай хоёр улс гадаад худалдаа, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтрахаас гадна нэг нэгийнхээ сул талыг нөхөх бүрэн боломжтой юм. Энэ үүднээс БНХАУ нь Монгол Улстай гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт харилцан ашигтай хамтдаа тэргүүлж ажиллая гэсэн саналтай байгаа. Үүний хүрээнд БНХАУ-ын томоохон аж ахуйн нэгжүүд Монголын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн бодлогыг анхаарч байна. Си Зиньпин даргын айлчлалтай холбоотойгоор та хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх болон томоохон хэрэгжих гэж буй төслүүд дээр хамтран ажиллах талаар ямар байр суурьтай байгаа вэ. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Монгол Улсын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Асуусан асуултад хариултын нэлээд хэсэг байх шиг байна гэж ойлгож байна. БНХАУ нь Монгол Улсын хувьд худалдааны болон хөрөнгө оруулалтын тэргүүлэх түнш орон юм. Үүнийг ойрын жилүүдэд эрс нэмэгдүүлэх боломж байгаа гэж бид харж байгаа. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах явдал бол Монгол Улсын худалдаа, эдийн засгийн бодлогын нэг гол чиглэл байгаа юм. Энэ чиглэлээр саяхан УИХ-аас тодорхой хууль, шийдвэрүүд гарсан. Цаашдаа ч бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах талаар идэвхтэй ажиллана. Хөрөнгө оруулалт, худалдааны хувьд бид нар адил тэгш, харилцан ашигтай байх гэдэг зарчмыг голчилж баримтална.

Сэтгүүлч: – Си Зиньпин дарга хөрш орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Түүний санаачилсан элэгсэг, шударга, ашигтай, хүлээцтэй гэсэн дөрвөн үндсэн бодлогыг өөринй хөрш орнуудтай харилцах гадаад харилцааны үндсэн бодлого болгож баримталдаг. Монгол Улс болоод БНХАУ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хөгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Үүний хүрээнд хоёр улс нь Азийн итгэлцлийн өндөр дээд хэмжээний хурал болон ШХАБ-д идэвхтэй оролцож байна. Тус бүс нутгийн хамтын ажилагааг өргөжүүлэхэд манай хоёр улс цаашид хэрхэн нягт хамтран ажиллах боломжтой вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хоёр орны бүс нутаг дахь харилцааны талаар Си Зиньпин дарга маш тодорхой томъёолж хэлсэн байгаа. Манай хоёр орны харилцаа нь энэ бүс нутгийн хамгийн эв зохицолтой харилцааны нэг болж чадсан гэж хэлсэн. Би энэ дүгнэлттэй санал нэг байгаа. Зүүн хойд Азийн бүс нутгийн харилцаа, ялангуяа Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар гаргаж байгаа Монгол Улсын санаачлагыг БНХАУ-ын зүгээс дэмжиж байдагт талархаж байгаагаа энд бас хэлье.
Сэтгүүлч: -Та БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй олон удаа уулзаж найз нөхөд болсон байх аа. Түүний Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр ямар хүлээлттэй байгаа вэ. Мөн хоёр орны найрсаг харилцааны урт хугацааны хэтийн төлөв дээр ямар төлөвлөгөө байгаа вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Си Зиньпин дарга хоёр орны харилцааны асуудалд онцгой ач холбогдол өгч ихээхэн анхаарал тавьж байдагт би хувьдаа их баяртай байдаг. Өнгөрсөн оны есдүгээр сард Бишкект ШХАБ-ын уулзалтын үеэр тусгайлан уулзалт хийсэн. Мөн энэ оны тавдугаар сард Шанхайд болсон олон улсын хурлын үеэр Си Зиньпин дарга өглөөний цай тусгайлан барьж, хамт уулзаж, олон хүрээний сэдвээр бид ярилцсан. Си Зиньпин дарга хоёр орны харилцааны асуудалд маш их элэгсэг, чин сэтгэлээсээ асуудлыг шийдэх чиглэлийг барьж ханддаг.
 Энэ айлчлалын үеэр олон жил яригдсан томоохон гэрээ, хэлэлцээрүүд, манай хоёр улсын хоорондох, Засгийн газрын хоорондох гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурагдана гэдэгт итгэж байгаа. Хамгийн гол нь манай улс далайд гарцгүй улс гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тийм учраас дамжин өнгөрөх тээврийн асуудал их чухал. Дамжин өнгөрөх тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой хоёр орны Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр их амжилттай болж, зурагдах шатандаа явж байгаад баяртай байна. Си Зиньпин даргын айлчлалын үеэр энэ хэлэлцээрүүд зурагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Мөн эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс болон ашигт малтмалын салбар, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн салбарын чиглэлээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүд хийгдэнэ гэж итгэж байгаа. Бас манай хувийн хэвшлийнхний хооронд тодорхой гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж, тодорхой ажлууд эхлэх байх гэж найдаж байна.
Сэтгүүлч: -Ерөнхийлөгч та жирийн үед чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Чөлөөт цагаа мэдээж гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг.
Сэтгүүлч: – Си Зиньпин даргын айлчлалын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах гэж байгаа. Монгол Улс олон улсын хүрээнд их анхаарал татаж байгаа. Монгол Улс Хятадтай харилцах харилцаа, ОХУ-тай, АНУ-тай харилцах харилцааны талаар ямар бодлого баримталдаг вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Монгол Улс бол их өвөрмөц байршилтай орон. Монгол Улс нь БНХАУ, ОХУ-ын хооронд дангаараа, бүхлээрээ байрладаг, дэлхий дээр байгаа цорын ганц орон. Тийм учраас манай гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны эн тэргүүний зорилт гэж томъёолсон байдаг.
Би Монгол Улсын хувьд хоёр үнэн байдаг гэж боддог. Бид нар хөрш улсууд. Энэ бол хөдлөшгүй үнэн. Хоёр дахь нь, хөрш улсууд учраас байнга бидэнд шийдвэрлэх асуудлууд гарч ирдэг. Тиймээс бидний үед гарч ирж байгаа асуудлуудыг бид аль болохоор ард түмнийхээ эрх ашигт, мөн хөрш орнуудынхаа тавьж байгаа эрх ашигт нийцүүлж шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой гэж боддог.
Бусад улстай харилцах бодлогоо бид нар гурав дахь хөршийн бодлого гэж томъёолдог. Гурав дахь хөршийн бодлого гэдэгт хоёр хөрштэй харилцах харилцаанд ямар нэг сөргөлдүүлэх юм уу, аль эсвэл хоёр хөрштэй харилцах харилцаанд тэнцүүлэх гэсэн агуулга байдаггүй гэдгийг энд хэлэх нь зөв байх. Ер нь дэлхийн бүх улс орнуудтай ижил тэгш харилцах нь мэдээж Монгол Улсын өөрийнх нь бодлого гэдгийг та бүхэн ойлгох байх гэж найдаж байна.
Сая хариулсан хариултаасаа халиад хэлэхэд миний хувьд өнөөдөр БНХАУ-ын хэвлэл, мэдээллийн олон төлөөлөгчидтэй дангаар нь уулзаж байгаа бараг анхны боломж учраас асууж сонирхох зүйл байвал албан ёсоор хандсанаас гадна боломж олгоё гэж бодсон юм. Миний үндсэн мэргэжил сэтгүүлч учраас сэтгүүлч хүмүүс ийм боломжийг ашиглаад асуугаад авах юмсан гэсэн хүсэл, сонирхол байдгийг би үргэлж хүндэтгэхийг хичээж явдаг.

Сэтгүүлч :
-Ойрын жилүүдэд Монгол Улсын худалдаа, эдийн засаг хурдацтай хөгжиж байгаад би маш баяртай байдаг. Монгол Улс үйлдвэрлэлийн талаар ямар бодлого явуулдаг вэ. Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний гүн боловсруулалтын тал дээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд сул тал байгаа. Бараг нэг салбар, уул уурхайн салбараас хэт их хамааралтай байгаа. Энэ хамаарлыг багасгах явдал бол бидний эдийн засгийн бодлогод барьж байгаа бас нэг гол зорилт. Үүнийг хийхийн тулд таны асуусан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн орлогын эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх, олон болгох асуудал чухал байгаа. Бид БНХАУ-ын анд нөхөдтэйгээ уулзахдаа ч хэлдэг. Монголыг зөвхөн түүхий эд экспортлогч гэдэг байдлаар харж болохгүй. Энэ бол манай ард иргэдийн эрх ашигт нийцэхгүй байна. Ийм учраас Монголд байгаа байгалийн баялаг, хөдөө аж ахуйн баялгийг бид боловсруулж, үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээж зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх нь Монголын эрх ашиг юм. Мэдээж Монголд бүх зүйлийг үйлдэрлэх боломжгүй. Гэхдээ тодорхой зүйлүүдийг үйлдвэрлэх, боловсруулах бүрэн боломж байгаа. Монголын энэ бодлогыг БНХАУ-ын зүгээс ойлгож, дэмжиж, хамтран ажилладагт бид нар талархаж байдгийг цохон тэмдэглэе.
Сэтгүүлч: -Ерөнхийлөгч та сая “Бид Аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар тодорхой баримт бичигт гарын үсэг зурна” гэж ярьсан. Энэ хүрээнд тодорхой ямар чиглэлээр ажиллаж байгаа юм бол оо. Агаараас эсэргүүцэх талаар хамтын ажиллагаа явуулж байгаа юм болов уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэдгийг бид Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын дунд харилцан ойлголцлыг бэхжүүлэх гэдэг өргөн хүрээгээр авч ярьдаг. Монгол Улс бүс нутагтаа, ялангуяа Зүүн хойд Азид байгаа улс орнуудтай ямар нэгэн асуудал, зөрчилгүй хамгийн тааламжтай харилцаатай орон. “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэдэг санаачилгыг ноднин жилээс эхэлж дэвшүүлж ажиллаж байгаа. Зүүн хойд Азийн аюулгүй байдал гэж юуг хэлэх, үүнийг яаж хангах талаар бид эрдэмтдийн дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Мөн зарим орнуудын Засгийн газрын хүсэлтээр хоёр талын уулзалтыг зуучилж зохион байгуулсан. Иймэрхүү байдлаар Монгол улс Зүүн хойд Азийн орнуудын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд идэвхтэй оролцох боломжтой байгаа. Үүн дээр БНХАУ-тай стратегийн иж бүрэн түншлэлийг байгуулснаар энэ боломж улам нэмэгдэнэ гэж өргөн хүрээтэйгээр харж байгаагаа юуны түрүүнд хэлье. Манай хоёр орны хооронд цэрэг, батлан хамгаалахын болон аюулгүй байдлын, тусгай байгууллагуудын хооронд хамтын ажиллагаа өргөжиж байгаа. Гэхдээ ийм хамтын ажиллагаа аль нэг орны эрх ашгийн эсрэг чиглэдэггүй гэдгийг энд онцлон тэмдэглэе.

 Монголын Батлан хамгаалахын бас нэг хамгийн гол бодлого бол дэлхийн энх тайвны үйл ажиллагаа, энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох чиглэлийг барьж ажилладаг.
Сэтгүүлч: -Та хэвлэл мэдээлэлд нээлттэйгээр Монголын УИХ-ын зарим нэг гишүүдийг зэмлэх, зарим үйлдлийг шүүмжлэх байдалтайгаар гарч байсан. Үүн дээр БНХАУ руу гаргах төмөр замын царигийн асуудал яригдаж байсан. Энэ талаар ямар бодлого баримталж байгаа вэ. Дээрээс нь БНХАУ-ын талаас “Торгоны зам” төсөл, Монголын талаас болохоор “Тал нутаг”, таван том хоолойг холбох төсөл хэрэгжүүлэхийг ярьж байгаа. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой юу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улсын төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого их тодорхой байгаа. Монгол Улс байршлын хувьд Ази, Номхон далайн орнууд, Европ тивийг төмөр зам, дэд бүтцээр холбох голд нь байгаа ийм байршилтай юм. Азиас Европт хүрэх хамгийн дөт зам Монголоор дайрч өнгөрч байгаа. Үнэхээр энэ салбарт Монгол, Орос, Хятад гурван улсын хувьд асар их том өргөн боломж байна. Энэ боломжийг бүрэн ашиглаж чадаагүй л байна. Манайд төмөр замын үндсэн нэг л цариг байгаа нь хуучин ЗХУ-ын стандартаар тавигдсан цариг байгаа. Монгол Улс хоёр хөрштэй учраас хоёр хөршийнхөө эрх ашгийг бодолцох ёстой. Хамгийн гол нь Монгол Улсын өөрийнх нь эрх ашиг байгаа. Үндсэн царигийн дагуу тавигдах цариг үндсэн царигтай холбогдохоор болбол манайд өнөөдөр мөрдөгдөж байгаа царигаар төмөр зам холбогдох ёстой гэсэн бодлого байгаа. Хэрвээ уул уурхайгаас явж байгаа болон бусад замыг өөр царигаар тавихаар болбол Засгийн газар болон УИХ-аар оруулж шийдвэрлүүлэх боломж байгаа. Стандарт цариг гэгддэг БНХАУ-д мөрдөгдөж байгаа тэр царигаар байж болох юм гэж үзэж Засгийн газар дээр яриад, УИХ-д тодорхой асуудал оруулчихсан байгаа. Бид хоёр хөрштэй, хоёр хөрш маань төмөр замын өөр өөр царигтай учраас бид үүн дээр уян хатан бодлого явуулах нь зүйтэй юм гэсэн бодолтой байдаг. Энэ бодлого төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод их тодорхой туссан байгаа. Бид нээлттэй, ямар нэгэн сүүдэр, дутагдлаа нуудаггүй системтэй учраас бидний хооронд, улс оронд яригдаж байгаа асуудлууд ард иргэдэд нээлттэйгээр хэлэлцэгдэж шийдвэрлэгддэг, хүн бүхэн өөрийнхөө байр суурийг илэрхийлэх боломжтой. Ийм учраас энэ асуудлыг шийдэхэд бага зэрэг хугацаа алддаг тал байгаа. Хэдийгээр хугацаа алддаг ч гэсэн сайн ярилцаж байгаад шийдвэрлэх юм бол тэр шийдвэрийн хэрэгжих боломж нь баталгаатай, нийт хүмүүст ойлгомжтой байдаг нь бас нэг давуу тал гэж хэлж болно.
Торгоны замын санаачилга манай бүс нутгийнхны дунд идэвхитэй яригдаж, хэрэгжиж байгаа. Түүхээс авч үзэх юм бол Торгоны зам гэдэгт Монгол улс, Хятад улсын хувьд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн улсууд гэж боддог. Торгоны замын энэ төслийг Монгол, Хятад улсын оролцоогүйгээр төсөөлөх бараг боломжгүй гэж би хувьдаа бодож байгаа. Бид Хятад улстай 4710 км хил хуваалцаж оршдог. Гэтэл өнөөдөр төмөр замын хөгжил, хийн хоолой тавьж байгаа, авто замын хөгжил гээд Хятад улстай хөрш байгаа зарим нэг орнуудтай Монгол Улсын энэ чиглэлийн хөгжлийг харьцуулж харахад үнэхээр хоцорч яваа. Энэ чиглэлийн хөгжлийг идэвхжүүлэх шаардлага манай хоёр оронд үнэхээр байгаа. Манай хоёр орон үүнийг хийж чадна гэж би итгэж байгаа. Таван хоолой гэснээс энэ хоолойн бодлогыг бид шат дараатай, гэхдээ хамгийн боломжтой байгаагаас нь хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгаа. Хамгийн эхнийх нь төмөр замын асуудал. Мөн Монголд эрчим хүч үйлдвэрлээд бас экспортлох хоолой татах боломжтой.
Сэтгүүлч: -Монгол, Хятадын соёлын харилцаа амжилттай хөгжиж байна. Бид хөөмэй, уртын дууг хамтраад ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн байгаа нь маш сайхан хэрэг билээ. Хоёр улсын уламжлалт соёлыг хамгаалах талаар ямар нэгэн арга хэмжээ байдаг уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ер нь уламжлалт соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ хоёр талдаа мэдэгддэг, зөвшилцөж ярилцдаг, ийм механизм тогтооё гэж бид ярилцаж байгаа. Энэ чиглэлээр ажил явж байгаад бид баяртай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд байгаа учраас дээрээс нь нэмж хэлэхэд Монгол Улсад бидний байнгын барьдаг зарчим байдаг. Улс орны дотоодын асуудлаар хүмүүс, ард иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн санал бодлоо ямар нэгэн хориг саад байхгүйгээр чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Харин гадаад бодлого дээр улс орон тууштай нэгдмэл байр суурьтай байх ёстой. Сүүлийн жилүүдэд Хятад улсад, ялангуяа зарим нэг вэб сайтуудаар Монгол Улсын бие даасан байдал, мөн түүхтэй холбоотой асуудлаар гуйвуулсан мэдээллүүд, баримт бичгүүд, бичлэгүүд нэлээд гарч байна. Бид энэ байдлыг боломжийн хэрээр харж, ажиглаж судалж байгаа. Хятад улсад хэвлэл мэдээлэл, вэб сайтын үйл ажиллагаа, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа хатуу хяналттай байдгийг бид сайн мэднэ. Түүхэн үйл явцыг гуйвуулсан байдлаар бичих, түүнийг ялангуяа ирээдүйн, өнөөдрийн үйл явцуудтай холбогдуулж янз бүрийн дүгнэлт хийх нь хоёр орны ард иргэдийн дунд, бидний хамгийн гол эрмэлзэж байгаа ард иргэдийн итгэлцлийг бэхжүүлэхэд тус болохгүй байгаа гэдгийг энд хэлье гэж бодсон юм.
Бас нэг зүйлд санаа зовж байгаагаа хэлье гэж бодсон юм. Си Зиньпин даргын зүгээс хуулийг чанга хэрэгжүүлэх, авлигатай тэмцэх, мөн төрийн албаны зүй бус хэрэглээг багасгах чиглэлд явуулж байгаа бодлогыг би хувьдаа дэмждэг. Би ч гэсэн Монгол Улсад энэ чиглэлийн үйл ажиллагааг тууштай явуулахыг хичээдэг. Гэхдээ бид хил дамнасан, улс төрийн хүрээнд гаднаас орж ирж байж магадгүй авлигын асуудал дээр хоёр талаас анхаарах цаг болсон гэж бодож байна.

Дараачийн бас нэгэн асуудал бол БНХАУ-аас ажиллах хүчин, иргэд орж ирж ажилладаг. Энд Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдөх явдал бий. Үүн дээр аль ч орон хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Үүнийг ойлгож хамтарч ажиллаж байгаа, ажиллана гэдэгт би итгэж байгаагаа хэлэх нь зөв байх.
Сэтгүүлч: -Монголд ирээд хэдэн өдөр болохдоо Монголын аялал жуулчлалын талаар анзаарлаа. Монгол Улс гадаадын жуулчдыг илүү татах ямар бодлого явуулж байгаа вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Аялал жуулчлал бол Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой чухал салбарын нэг юм. БНХАУ-ын иргэд бол дэлхий дээр хамгийн их, олон тоогоороо аялж жуулчилдаг хүмүүсийн нэг. Энэ чиглэлд байгаа боломжийг ашиглаж, улам өргөтгөж ажиллаасай гэж би үнэхээр боддог. Далайд гарцгүй орны хувьд мэдээж агаарын харилцаа маш чухал. Энэ чиглэлд агаарын харилцаагаа хөгжүүлэх талаар идэвхитэй ажиллаж байгаа. Мөн БНХАУ-тай ч гэсэн гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байна. Монголын ард түмний ёс заншлыг хүндэтгэдэг, Монголын байгалийн сайхныг үзэх, Монголын ард түмний ёс заншлын өвөрмөц байдлыг үзэх гэсэн хүн бүхэнд Монгол Улс нээлттэй гэдгийг энд хэлье.
Сэтгүүлч: -Өнөөдөр тантай уулзаж байгаа, мөн таныг өмнө нь сэтгүүлч байсан гэдгийг сонсоход маш таатай байна. Хүн болгонд асуулт асуух боломж олгож байгаад талархаж байна. Энэ бол бидэнд үзүүлж байгаа маш том хүндэтгэл юм. Та сая хэллээ. Хоёр улсын ард иргэдийн дунд зарим нэг үл ойлголцох байдал байгаа нь зарим нэгэн байдлаар бие биеэ бүрэн ойлгохгүй, харилцаа дутмаг байгаагийнх болов уу гэж бодож байна. Ойрын жилүүдэд Хятадаас энэ хүрээнд Монгол Улсад, Улаанбаатарт Күнзийн танхим байгуулаад илүү олон хятад хэлтэй боловсон хүчнийг бэлтгэж харилцан ойлголцлыг бэхжүүлэх талаар ажиллаж байна. Үүнтэй адилхан Монголын талаас энэ чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ер нь ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг их чухал гэж боддог. Тиймээс Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас аль болохоор олон хүн Монголд ирж, бодит байдлыг үзэж, хүмүүстэй уулзаж, ярилцаж, асуудлыг баримтад тулгуурлаж Хятадын ард түмэнд хүргээсэй гэсэн бодол байдаг. Улс төрд ч адилхан, жирийн хүмүүсийн харилцаанд ч адилхан, ам дамжсан янз бүрийн цуурхал төдийлөн үнэн байдаггүй. Яг уулзаад ярилцахад их олон зүйл ойлгогддог. Хамгийн гол нь бид сэтгэлдээ юмны сайн талыг харж, тэр харилцааг аль болох боломж байна гэж харж, түүнийг ажил болгохын төлөө л явах юм бол аль ч салбарын харилцаа бие биеэ хардах шаардлагагүй зөв байна. Монгол, Хятадын харилцааны талаар гол мэдээлэл өгдөг, гол хэвлэлийн байгууллагын хүмүүс энд байна. Би хувьдаа монгол хэлээр, англи хэлээр гарч байгаа та бүхний нийтлэл, энэ бүхнийг уншихыг хичээдэг. Сэтгүүлч хүний хөдөлмөр цаг наргүй хэцүү хөдөлмөр. Энэ ажлыг ийм өндөр түвшинд хийж яваа та бүхэнд талархаж, өнөөдрийн энэ боломж олдсонд баярлаж байна.
Би та бүхэнд өнөөдөр бяцхан бэлэг бэлдсэн. Өөрийнхөө зүүж байгаа  цагтай адилхан цаг өгье. Сэтгүүлчдэд цаг маш хэрэгтэй гэж бодож байна.
Манай хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, хоёр орны харилцааг улам идэвхжүүлэхэд та бүхний оролцоо их чухал шүү. Та бүхний үзэг хурц байж, үзэл санаа цагаан байж, та бүхний ажил амжилттай байг гэж ерөөж байна.
Би 1989 оны сүүлчээр улс төр, нийгмийн амьдралд их идэвхтэй оролцож эхэлсэн. Тэр үеэс хойш БНХАУ-ын олон удирдлагуудтай уулзаж ярилцах сайхан боломж гарч байсан. Надад бол олон сайхан дурсамж байдаг. Гэхдээ Си Зиньпин даргатай тогтоосон уулзалт, чин сэтгэлээсээ хоёр орны харилцаанд ханддаг энэ хандлага үнэхээр онцгой гэдгийг энд хэлье. Ингээд Си Зиньпин даргын энэ айлчлал үнэхээр амжилттай болно гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *