Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлд хэрэгжиж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажилд яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын тухай хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт нийслэлд хэрэгжиж байгаа замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Энэ үеэр газар чөлөөлөлт, хөрөнгө санхүү, зураг төсөл зэргээс шалтгаалаад ажил удааршиж байгаа тухай гүйцэтгэгч компаниудаас танилцуулсан. Эдгээр асуудлыг удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж яаралтай арга хэмжээ авна гэдгээ хотын дарга хэлж байсан юм.
Тиймээс, удирдлагын зөвлөлийн хуралдаанаар эдгээр асуудлыг багцлан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулаа.
Тэрээр, Бээжингийн гудамжны 0,9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажил, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэлх 6,0 км авто зам, Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртлэх 17,1 км авто замын барилгын ажил, Яармагийн гүүр–Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто зам, Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртлэх 4,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын талаар товч мэдээлэл өгсөн. Бээжингийн гудамжны өргөтгөл шинэчлэлийн хувьд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бөгөөд тус автозам нь ШУТИС-ийн уулзвараас Сансарын туннелийн баруун уулзвар хүртлэх 0,9 км үргэлжлэх зам юм. Зорчих хэсэг нь нийт 6 эгнээтэй болж, явган хүний зам, гэрэлтүүлэг борооны ус зайлуулах далд байгууламжтай, 74 у/м нуман хэлбэртэй гүүр, дорнын хэв шинжийг агуулсан хүндэтгэлийн хаалга болон сүүдрэвчтэй байхаар зураг төсөл нь батлагдаж ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Бээжин констаркшн” компани ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 65 хувьтай байгаа юм байна. ШУТИС-ын уулзвараас 11 хорооллын уулзвар хүртэлх замыг энэ сарын 25-наас өмнө хучилт хийж нээхээр төлөвлөжээ.
Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө тус гудамжаас АНУ-ын элчин сайдын байр хүрэх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, Сэлбийн баруун эргийн 0,7 км автозамаас Сансарын туннел чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй явуулах зорилгоор Бээжингийн гудамж, Сэлбийн баруун эргийн 0,7 км автозамыг холбосон автозам барих зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ ажилд 300 сая төгрөг хэрэгтэй гэлээ.
Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэл 6,0 км автозамын ажил өнгөрсөн оны 6 сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Хансуун зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд зорчих хэсэг нь 14 метр өргөнтэй байхаас гадна 2 талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байх юм. Одоогоор ажлын явц 30 хувьтай байгаа юм байна. Энэхүү ажлыг цаашид үргэжлүүлэн явуулахад замын эхлэлээс 4,5 км-т Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам автозамын дээрээс 5 метр унжсан байна. Барилгын норм стандартын дагуу цахилгааны утас нь 7 метрээс багагүй өндөрт байх ёстой учраас дээрх стандартыг мөрдөхийн тулд автозамын 2 талд байгаа төмөр бетон шонг өндөрлөж төмөр анкер тулгуураар солих шаардлагатай болжээ. Энэ ажилд 81 сая гаруй төгрөг шаардлагатай болсон байна.
Баянзүрхийн товчооноос Богд уулын замаар, Яармагын гүүр хүртэлх 17,1 км авто замын ажил 2012 оны 6 сард эхэлсэн. ЭСТО ХХК ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй, энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
Нийт 17,1 км үргэлжлэх энэ зам нь огцом эргэлтүүд ихтэй, харагдах орчин хязгаарлагдмал учир замын нийт уртад гэрэлтүүлэгтэй байх шаардлагатай юм байна. Авто замын нэг талаар гэрэлтүүлэгтэй болгоход нэмж 540 гэрэлтүүлгийн шон суурилуулах бөгөөд үүнд 1,1 тэрбум төгрөг хэрэгтэй гэж холбогдох байгууллагаас тогтоожээ.
Удирдлагын зөвлөлийн гишүүд эдгээр асуудлыг хэлэлцээд, Бээжингийн гудамж, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэлх замуудад шаардлагатай байгаа хөрөнгийг холбогдох зардлаас гарган шийдвэрлэхээр боллоо.
Мөн Хувьсагчдын гудамжны замын ажил 17 айл газраа чөлөөлөөгүйгээс удааширж байгаа учраас эдгээр иргэдтэй зөвшилцөн газрыг чөлөөлж, зам барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.