Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мөнгөнтуул IV байр эзэллээ

Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын 41-р олимпиад хагас сар үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээнд 177 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн юм.

Багийн төрлөөр явагддаг шатрын хамгийн том тэмцээн швейцарь системээр 11 өрөг өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг 19 оноотой /хожилд 2, тэнцээнд 1 оноо олгодог/ түрүүлж, Унгар, Энэтхэгийн багууд 17 оноогоор удааллаа.

Харин Их мастер Д.Шаравдорж дасгалжуулагчтай Баянхонгор, Үндэсний шигшээ баг, Алдар СХ, Зууны шатар клубын тамирчин Их мастер Цэгмэдийн Батчулуун, Завхан аймаг, Баянгол дүүргийн тамирчин Их мастер Базарын Хатанбаатар, Хангарьд спорт клубын тамирчин ОУ-ын мастер Намхайн Баттулга, Өвөрхангай аймаг, Үндэсний шигшээ баг, Шунхлай группын тамирчин Их мастер Баярсайханы Гүндаваа, Өвөрхангай аймгийн тамирчин ОУ-ын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал нарыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын баг тамирчид 6 хожин, 5 хожигдож 12 оноогоор 177 багаас 69-р байр эзэллээ.

Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Чунтын Чулуунбаатараар удирдуулсан Завхан аймаг, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУ-ын мастер эрэгтэй, Их мастер эмэгтэй Батхуягийн Мөнгөнтуул, Үндэсний шигшээ баг, Мончесс клуб, Сүлд спорт хорооны тамирчин Их мастер эмэгтэй Түвшинтөгсийн Батчимэг, Ховд аймаг, Нью Прогресс группын тамирчин Спортын мастер эмэгтэй Баяржаргалын Баярмаа, Говь-Алтай аймаг, Хан Алтай шатрын клубын тамирчин ОУШХ-ны мастер эмэгтэй Ууганбаярын Лхамсүрэн, Архангай аймаг, Мобиком корпорацийн тамирчин ОУ-ын мастер эмэгтэй Баянмөнхийн Анхчимэг нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй шигшээ баг 7 хожин, 1 тэнцэж, 3 хожигдон 15 оноогоор 136 багаас 16-р байр эзэллээ.

Уг ангилалд ОХУ-ын баг тамирчид 20 оноогоор түрүүлж, БНХАУ, Украйны багууд 18 оноотой медалийн эзэд боллоо.

1-р ширээнд өрсөлдсөн Б.Мөнгөнтуул 10 өргөөс 8 хожин, 2 тэнцэж 4-р байрт шалгарсан нь бахдам амжилт билээ. Түүний ширээнд орон орны шилдгүүд, дэлхийн топууд өрсөлдөж Гүржийн Их мастер эрэгтэй Н.Дзагнидзе түрүүлж, БНХАУ-ын Дэлхийн аварга Хоу Ифань удаалж, Шведийн хуучин бууны хугархай Их мастер П.Крамлинг хүрэл медаль хүртлээ.

5-р ширээнд хүч үзсэн Б.Анхчимэг 10-р байрт шалгарав. Тэрээр сүүлийн өргөө хожигдон боломжит байраа жаахан ухраалаа. Гэхдээ чамлахааргүй сайн үзүүлэлт.

Манай улсын эмэгтэй шигшээ баг 1990 онд Нови Садын 29-р олимпиадад 66 багаас 13-т, 2008 онд Дрездений 38-р олимпиадад 111 багаас 17-р байрт шалгарч байсан билээ. Энэ удаад 136 багаас 16-р байр эзэлсэн нь чанарын хувьд ахисан үзүүлэлт байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *