НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниудыг нэгтгэж “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” байгуулахаар санал боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 900 гаруй автобус явж байгаагаас нийт зорчигчдын 25 орчим хувийг төрийн өмчит “Автобуснэг”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниуд тээвэрлэдэг байна.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар, “Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулснаар үйл ажиллагаа, үйлчилгээний хувьд хэд хэдэн давуу тал бий болох юм байна. Тухайлбал, салбаруудын тээвэрлэлт, үйлчилгээний хэсгийн бүтэц, орон тоог өөрчлөн зохион байгуулснаар зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар сайжран, ажиллагсдын тоо өөрчлөгдөхгүй, нэгтгэлийн хөдөлмөр зохион байгуулалт оновчтой болж, байгууллагын чадавхийг нэгдсэн бодлого удирдлагаар хангаж, жигд хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Мөн үйлчлэх чиглэлүүдийг дахин төлөвлөснөөр тээврийн хэрэгслийн сул гүйлт жилдээ дунджаар 127 000 км-ээр багасч, эдийн засгийн үр ашиг дээшилэхээс гадна автобусны хүлээгдлийн хугацаа 2-4 минутаар багасана гэж тооцсон байна. Цаашлаад нийтийн зорчигч тээвэрт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх, чиглэлүүдийг өөрчлөх, нэгтгэн зохион байгуулах, тээврийн хэрэгслийн сул гүйлтийг багасгахад хялбар болно гэж албаныхан онцолж байв.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, 2014 оны 10 дугаар сарын 1-ний дотор “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.