Австралийн хөлөг онгоцноос туузан дамжлага руу нүүрс буулгаж байгаа нь
Урд хөршид Боомтын захиргааныхантай хамт очоод ирлээ. Энэ ажлын айлчлалын ахлагч нь Боомтын захиргааны дэд дарга Д.Бэхбат. Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүн гэвэл Засгийн газрын ахлах реферэнт П.Зоригтбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Тэс зэрэг боомтын удирдлагууд. Тэднээс гадна Эрээн хотод консулаар ажиллаж байсан С.Мягмар, Эрээн хотын Засгийн ордны нарийн бичгийн дарга Шилийнбаатар нар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан юм. Бидний эхлээд очсон газар Нин Бө хот. Хятадын далайн боомтын арав гаруй сая хүнтэй их хотод саатах болсон гол шалтгаан маань Австралиас далайгаас ирдэг нүүрсийг яаж ачиж буулгадгийг үзэх. Биднийг угтаж авсан Нин Бө группийнхэн урд хөршийн нүүрсний чигийн том компаниудын нэг аж. Хоттойгоо адилхан нэртэй энэ групп зуун хувь хувийн өмчийн компани юм байна. Нин Бө хотын арван сая хүний зургаан сая нь уугуул оршин суугчид, үлдсэн нь боомт дагаж арилжаа наймаа хийдэг суугуулууд. Энд дэлхийн дөрвөн том далайн боомтын нэг байдаг учраас үйлдвэрлэл их хөгжжээ. Тэр дундаа хөнгөн үйлдвэрлэл. Хятадын Европ руу гаргадаг хувцасны томоохон брэндүүд энд байрладаг юм байна. Шоппинг хийвэл брэндийн хувцсыг дажгүй үнээр авчих боломжтой юм билээ. Далайтай ойрхон учраас ой мод ихтэй. Оршин суугчид нь уулын ам, ойн хэсэг чөлөөгөөр суурьшсанаараа эх газрын хотоос ялгаатай санагдсан. Хотын төвд орчин үеийн тансаг барилгын дэргэд навтайж нооройсон муу барилга байх нь энүүхэнд. Гэхдээ зам дагуу бол ийм ялгаа ажиглагдахгүй. Жирийсэн өндөр барилгууд л нүд эрээлжлүүлнэ. Орон сууцны барилгын ажил хаа сайгүй өрнөх юм билээ. Боомт дагасан хот учраас үйлчилгээ сайн хөгжжээ. Дэлхийн хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг газар олонтой. Бидний буудалласан зочид буудал гэхэд л “Интерконтинентал” гээд сүлжээ зочид буудлын нэг байв.
Нин Бө хотод очсоныхоо маргааш гатлага онгоцоор далайн боомт дээр ирэв. Лиу Хөн боомтын хил дамжсан туузан дамжлагын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн нь энэ. Энд цахилгаан бараа, хувцас, хүнс гээд байхгүй бараа алга. Эрээн хотын Засгийн ордны нарийн бичгийн дарга Шилийнбаатар нэлээд бараа сүртэй нэг байгууламжийг зааснаа “Энэ усан онгоцны засварын төв. Үнэ нь хямдхан учраас гадаадын усан онгоцнууд энд ирж засвар хийлгэдэг юм” гэж тайлбарлав. Энд усан онгоцны үйлдвэр ч байна. Хятад Улсын 286 боомтын нэг нь бидний ирчихээд байгаа энэ боомт. Хятаддаа хоёрт ордог гэнэ. Энд Америк, Австрали, Энэтхэгээс ашигт малтмал ачсан хөлөг онгоцнууд ирдэг юм байна. Хамгийн дээд тал нь гэхэд л 450 мянган тонн нүүрс ачсан аварга хөлөг онгоц ирдэг аж. Австралиас голдуу 350 мянган тонн нүүрс ачсан хөлөг онгоцнууд энд зангуугаа татдаг гэнэ. Жилдээ 600 сая гаруй тонн бараа эргэлддэг гэхээр хэр том боомт болох нь тодорхой. Биднийг боомт дээр ирэхэд 350, 150 мянган тоннын ачаатай хоёр онгоц ирчихсэн зогсч байв. Хөлөг онгоцноос нүүрсийг кранаар ачиж буулгадаг юм байна. Нэг хутгахад л 60 тонныг шүүрчихдэг аварга эд юм. Тавантолгойгоос урд хөрш рүү ачаа зөөж байгаа том машин дүүрэн нүүрсийг зөвхөн нэг удаа шанагадаад л авчихдаг аж. Шанагадаж буулгахад ганцхан минут болно гэж боомтын ажилтан тайлбарлалаа. Бидэнд Австралиас ирсэн хөлөг онгоцноос нүүрс буулгаж байгааг сонирхуулав. Цагт 3000 тонн ачаа буулгадаг гэнэ. Манайхаар бол цагийн дотор 50 вагон нүүрс буулгачихаж байна гэсэн үг. Австралийн хөлөг онгоц 150 мянган тонн нүүрстэй иржээ. Хөлөг онгоцноос буулгасан нүүрс туузан дамжлагаар урсаад талбайд буучих юм. Манайхаар яривал Оюу толгойн туузан дамжлагын томсгосон хувилбар гэмээр санагдав. Өргөн нь хоёр метр, хорь гаруй км үргэлжилсэн энэ аварга эдийг бүтээхэд хоёр тэрбум 500 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. 400 сая ам.доллар гэсэн үг. Секундэд дөрвөн метр явна, цагт 5000 тонныг дамжуулах хүчин чадалтай гэнэ. Нүүрсийг буулгах явцад усаар шүршдэг учраас туузан дамжлагын хавиар явахад тоос гэх юм огт алга. Энд жилд 22 сая тонн нүүрс хүлээж авдаг юм байна. Манай улсын гаргана гэж мөрөөдөөд байгаа тоотой адилхан хэмжээний нүүрс зөвхөн энд буудаг байх нь. Хүлээж авдаг нүүрсний ердөө 100 гаруй мянга нь коксжсон нүүрс, үлдсэн нь эрчим хүчнийх гэнэ.
Одоогоор Австралиас л нүүрс ирж байгаа гэж компанийнхан тайлбарлав. ОХУ, Америк, Африк, Индонезиас ирэх нүүрсний хэмжээ илт багасчээ. Боомтод бууж буй эрчим хүчний нүүрсийг хүлээж авдаг компани нь “Zhenjiang energy”. Зуун хувь төрийн өмчийн компани аж. Энд ирсэн нүүрс эдний компанийн цахилгаан станцуудад очдог байна. Америкаас ирдэг нүүрс хүхэр ихтэй учир өөр компанид өгдөг гэнэ.
Туузан дамжлагын хөдөлгүүрийн хэсэгт ирлээ. Хоёр давхар байшин гэмээр байгууламж байна. Хөлөг онгоцноос буулгасан нүүрс туузан дамжлагаар энд урсан ирж доош тасралтгүй урсах юм. Цаашаа туузан дамжлагаар явсаар ачиж буулгах талбайд хүрдэг гэж ажилтнууд нь тайлбарлав. Хөдөлгүүрийн хэсэгт байх бүрхээр маягийн төмөр нь нүүрстэй хамт урсан ирсэн металлуудыг дээш нь соронздон авдаг гэнэ. Алт холилдсон байлаа гэхэд л соронздоод авчих аж. Тэгэхээр ганцхан нүүрс л Хятадын хилээр орох “виз”-тэй юм байна. Туузан дамжлагын хэсэгт гурван сая тонн нүүрс буулгаж ачих хүчин чадалтай ложистикийн төв ажиллаж байна. Энд тэндгүй нүүрс овоолсон хэр нь тоос байхгүй нь таатай санагдав. Эндээсээ дахин конверт ачиж жижиг онгоцонд зөөн цахилгаан станцууд руу хүргэдэг гэнэ.
Сонирхуулж хэлэхэд туузан дамжлагын ременийг гурван жилд нэг удаа сольдог юм байна. “Монголынх шиг эрс тэс нөхцөлд ремен нь тасарна гэсэн асуудал гарах байх даа” гэтэл “Zhenjiang energy” компанийн инженер “Ремен хөлдөнө гэсэн асуудал огт байхгүй” гэж толгой сэгсрэв.
Тэндээсээ боомтын хил, гааль, цагдаа төвлөрсөн оффис дээр ирлээ. Бидний орсон эхний өрөөнд гурван залуу компьютер ширтээд сууж байна. Гаалийнхан гэнэ. Хэлтсийн дарга нь хоёр ажилтантайгаа л компьютер ширтээд гаалийн хяналтаа тавьчихдаг юм байна. Эд гурван аргаар гадаадаас ирж байгаа нүүрсэнд хяналт тавьдаг байна. Эхний арга нь 24 цагийн ажиллагаатай камер. Бичлэгээ гурван сар хүртэл хадгалах хүчин чадалтай. Конвер дээр байгаа электрон пүүгээр жинг нь хяначихна. Энэ нь тэдний тавьдаг хоёр дахь хяналт. Гурав дахь хяналт нь их энгийн. Ямар нэг асуудал гарвал хүнээ явуулж газар дээр нь шийдчихнэ. Бүх ажлаа техник, технологийн шийдлээр хийж байгаа нь амар санагдав. Төмрийн хүдэр, зэс ч гэсэн яг ийм туузан дамжлагаар орж ирдэг гэнэ. Хилийн цагдаагийнх нь өрөөгөөр оров. Хоёрхон хүнтэй юм. Хоёр цагдаагийн үүрэг нь товчхондоо гадны хөлөг онгоцноос хүн гаргахгүй, гадны хөлөг онгоцонд Хятадын талаас хүн суулгахгүй байх юм билээ. Хөлөг онгоцны ахмад л Хятадын хэсэг рүү орох эрхтэй. Гэхдээ ачааны биш зорчигчдын боомтоор.
Мэргэжлийн хяналт нь мөн л нэг өрөөнд гурван компьютер, гурван хүн. Хөлөг онгоц орж ирэхэд хүндийн жинг нь хянах үүрэгтэй. Хүхэр бага, их эсэх гээд чанарыг нь шалгана. Шалгалтаа мөн л компьютерийн тусламжаар хийчихдэг юм байна. Дөрвөн минутад нэг удаа автоматаар дээж аваад л гүйцээ. Дээжин дээр харин чимхлүүр ажил их учраас арав гаруй хүн тусдаа ажилладаг гэнэ.
Нин Бө группийнхэн Монголын боомтын захиргааныхныг туузан дамжлагатай танилцуулсан нь цаанаа учиртай. Тэд “Жинь Мэй” групптэй хамтарч туузан дамжлагын төслийг Монголд хэрэгжүүлэх ажлыг хоёр жилийн өмнөөс эхэлжээ. Хөрөнгө оруулах компани нь энэ хоёр групп аж. Туузан дамжлагын төслийг хэрэгжүүлэх газар нь манай Замын-Үүд боомт юм байна. Замын-Үүдээс эрчим хүчний нүүрс урд хөрш рүү туузан дамжлагаар экспортолбол төсөвт ахиу мөнгө орж ирэх боломжтой юм билээ. Замын-Үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй туузан дамжлагын төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.
Үргэлжлэл бий.
Ц.БААСАНСҮРЭН