Эмийн санчийн буруугаас болж, нярай хүүхдүүд эмэнд хордож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн дарга Ц.Алтантуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Наймдугаар сарын 9-нд 12:30 цагт манай төвд эхний хүүхэд хүргэгдэж ирсэн. Бид люминал гэх эмнээс хордсон байж болзошгүй гэж үзсэн учраас тухайн эмийг хаанаас, ямар жороор авсныг эцэг эхээс нь тодруулсан. Улмаар эмийг “Монос”-ын эмийн сангаас авсан байсан учраас тус эмийн сангийнхантай холбогдож, яг энэ эмийг хэчнээн хүүхдэд өгсөн талаар тодруулсан. Эмийн сангийн холбогдох албаныхан 23 хүүхдэд эмийг худалдсан гэсэн. Ингээд 23 хүүхдийг бүгдийг нь дуудаж, төв дээр үзлэг, шинжилгээнд хамруулсан. Одоо 16 хүүхэд хэвтэж эмчлүүлж байгаагаас 2 нь эрчимт эмчилгээний тасагт байна. Дөрвөн хоногтой нярай нярайн эрчимт эмчилгээний тасагт. Нэг сартай нярай нь хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байгаа. Бусад хүүхэд дотрын хоёрдугаар” тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт байгаа хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна гэв.
Уг эмийг зөвхөн тусгай жорын дагуу л худалддаг. Тархины даралттай хүүхдүүд болон бүтэлттэй төрсөн хүүхдүүдэд эмчийн жороор өгдөг байна. Том хүний тунг бага насны хүүхдэд өгөхдөө 20 хуваасны нэгээр өгдөг. Тунг хэтрүүлсэн тохиолдолд амьсгалын зам дарангуйлахын зэрэгцээ хүүхэд унтаа байдалд орж тархины үйл ажиллагаа удааширдаг. Гэтэл эдгээр хүүхдүүдэд хүүхдийн тун хэмээн андуураад том хүний тунгаар олгосон байна.
Дашрамд дурьдахад, “люминал” гэх эмийг ууснаас хойш үйлчилгээ нь 90-120 цагийн дараа хүний биеэс бүрэн гадагшилдаг байна.