Categories
мэдээ цаг-үе

Зуны “зуд” буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр (III)

 “Заан” Гантөмөр гэр орноо, зуслангийн байшингаа гамшигт нэрвэгдэхийг харсан бөгөөд “портер” машинтайгаа чанх хойшоо хэсэг давхихад зам нь ч харагдахаа больсон учраас зогсчээ. Тэдний зогс­сон газарт гэрийн тоононы хэсэг, хугархай унь, эсгий туурга хийсэн ирж байсан гэнэ. Тэднийхээс зүүн тийш буюу хар салхины замд өндөр настай ээж нь мөн отроор ирээд байжээ. Ээждээ, ах дүү нартаа санаа зовж байсан ч давхин хүрч туслах, сэрэмжлүүлэх боломж олгоогүй байна. Хар салхи анх үүссэнээсээ хойш хагас цагийн хугацаанд таван хот айлыг түйвээж арав гаруй км үргэлжлэн шуурахдаа хүч их, дагаж боссон шороо тоос бүүр ч их байснаас хурдан хөлтэй адгуус хүртэл амиа тээн зуг­тан гарч чадаагүй байгаа юм. Мал хорогдох шалтгаан нь олон жилийн цасан болон, шороон шуурганд орж байсан сү­рэг шуурганы уруу хошуурч зогсдогоос болсон хэмээн нут­гийнхан тайлбарлаж байна. 

Азаар “заан” Гантөмөрийн ээжийнх буюу нутгийнхны нэрлэдгээр Сүжиг эмээгийнд салхи хүрч аюул тарьсангүй. Бүр байгалийн гамшигт үзэгдэл болсон талаар мэдээ ч үгүй байжээ. “Хүчтэй хуй дайраад өнгөрөх шиг боллоо” хэмээн хуучлаад сууж байж. Шуурганаас зугтсан хэд ч бууриа нэг эргээд айл саахалтынхандаа туслахаар очицгоосон аж.   

 Ийн хоёр ч хот айлыг хаман авсан хар салхи цааш эрчилсээр малчин Б.Батжаргалынх руу дөхөж иржээ. Энэ үед хонин сүрэг нь гэрийнхээ баруун талд идээшиж байсан байна. Хуйларсан салхийг зайнаас ажихад хониных нь хойд захаар ороон нэг хэсгийг нь тасдан авчээ. Төд удалгүй төв хуйлраанаас нь хонь, ямаа шидэгдэн гарч “малаар бороо орж” байгаа мэт харагдаж байсан гэх. Б.Батжаргалын гэр ч салхины хүчинд цохигдон дэрвэж байсан агаад хар салхины цөм гэрийг нь чиглэн эрчилсэн байна. 

Тэнд байсан хүмүүс ч зугтах нь зугтаж, ойролцоо бүгэх нь бүгж амиа хоохойлохоор тэмүүлж байхад мориных нь уяа модонд бараг тулж ирээд байж. Ингээд аюулд нэрвэгдлээ гэж байтал салхины чиглэл өөрчлөгдөн цаашаа хуйларч эхэлсэн байна. Уяаны хоёр шонг бараг 70-80 см ухаж түгжсэн байсан бөгөөд нэгийг нь салхи дайрч суга татан авсан бол нөгөө нь зүв зүгээр хоцорсон аж. 

Гамшигт нэрвэгдсэн дараагийн айл нь малчин Доржсүрэн, Гэрлээгийн хот. Энэ хоёр айлын гэр мөн л эвдэрч сүйдсэн. Салхины исгэрэх чимээнээр бүгд л гэр гэртээ орж чагтагнаасаа зууралдацгаасан байна. Эртнээс хүчтэй хуй, шороон шуурга болоход тоононыхоо чагтаганаас хүнд зүйл дүүжилдгийн адилаар арга хэмжээ авах гэсэн ч дөчийн бедонтой ус дүүжлэх завдал өгөлгүй гэрийг нь балбаж эхэлжээ. Тооноор нь, хатавч, хаяагаар нь шороо пургиж гэр доторхийг ч харах боломжгүй болж. Аажмаар өрх нь гэрийн дээрээс нүдэхээ больсон нь хийсэн алга болсных байжээ. Улмаар гэр нь бүхэлдээ шидэгдэж гэрт байсан хүмүүс халхлах зүйлгүй хоцорсон байна. Шуурганы хүчинд сэмэрсэн дээвэр, туурга газар алгадан хийсч, унь, хананы шажигнан хугарах чимээнээс өөрийг сонсолгүй хэсэг хором өнгөрсөн аж. Малчин Доржсүрэн гэрээ нурахад ухаан алдсан байжээ. Ухаан ортол салхины хүч ч бага зэрэг саарч ойр тойрны зүйл харагдахуйц болсон байж. Гэхдээ л нүүр нүдгүй шороо балбан хүүхэд нь газраас хөөрч, бууж байсан  байна. Ухасхийн хүүгээ барьж аван дээрээс нь нөмөрлөн хэвтжээ. Ийн хэсэг хугацаанд гэрийнхнээсээ зөвхөн хүүгээ тэвэрч байснаа мэдэж байсан бөгөөд бусад хүмүүс хаагуур байгааг ч мэдэх сөхөөгүй байж. Ийм гамшигт нэрвэгдэхээр хүн чанга хашхирах ч тэнхэлгүй болж, хоолой сөөнгөтөн, дуугарсан ч амнаас гарсан үг бүхэн салхинд замхран алга болдог юм байна гэлцэнэ. Гэрлээгийнхэн ч ийм байдлаар гэр орноо алдаж орох оронгүй болжээ. “Гэрлээгийн хувьд гэр нь хийсэхээс өмнөхөн хүүхэд нь жингүйдэж байсан гэнэ билээ” хэмээн нутгийн олон хуучилж байлаа.  

Аюул ард гарсны дараа түрүүлж өндийсэн нь гэрийнхнээ дуудан хашхирч эхэлжээ. Ямартай ч хүнд бэртэл аваагүйгээр барахгүй зарим нь шалбархайгүй босч ирсэн байна. Шуурга өнгөрсний дараа үс, хувцсанд нь битүү шороо шигж, уруул нь омголтон, нүүр нь тоосонд битүү дарагдан хүн цочмоор царайтай байснаа санаж байсан гэнэ. Юу болоод өнгөрснийг ухаарах ч тэнхэлгүй тэд хэсэг уймарсны дараа гэрийнхээ буйрыг тэмтэрч үзэн үл итгэсээр байсан аж. 

Доржсүрэнгийн гэрийн буйран дээр шалны хоёр хэсэг л үлдсэн байсан бөгөөд бусад хогшлыг нь талын энгээр нэг тараасан байжээ. Гэрийн унь хамгийн багадаа гурав хуваагдаж төмөр цагаан орноос л гэхэд никель толгой нь үлдсэн байж. Гэрийн брезент хэдэн хэсэг хуваагдаж хаалга нь углуурга бүрээрээ салж бутарсан байж. Тооно ч ялгаагүй цамхаг, даага нь заадал заадлаараа салсныг олж авчирчээ. Авдранд байсан хатуу эдлэлийнхээ ихэнхийг олоогүй бөгөөд уяа модныхоо ойролцоогоос эмээлний мөнгөн даруулга нэгийг олж авсан байна. Энэ айлаас хийссэн зүйлсийн ихэнх нь ойр хавьд байгаагүй бөгөөд олдоогүй зүйл олон байгаа гэсэн. Бүр гурван км-ийн цаана байх гүний худгийн усны сангийн зузаан төмрийн тасархай ч гэрийнх нь гадаа ирсэн байсан ажээ. Барагцаагаар таван см-ийн зузаантай төмрөөр хийсэн ус агуулах савыг моторт худгийн блокон амбаар дотор цементээр цутган бэхэлж суулгасан байж. Гэтэл салхины хүчинд төмөр урагдан тасарч хийсч ирсэн нь энэ гэнэ.  

Гэрийн эд хогшлыг хайхад хэдхэн алхмын цаанаас эхлээд тав, зургаан км хол шидэгдсэн нь ч байж. Үнэтэй алт, мөнгөн эдлэл бүү хэл төмөр орны пүрж ч ор сураггүй алга болжээ. Шуурганд өртсөн таван айлын эд хогшил багцаагаар арван км-т тарж таньж мэдэхийн аргагүй холилдсон байсан тул эцэст нь бөөгнүүлж шатаасан байна. Дахин хэрэглэж болох зүйл гэвэл гэрийн эсгий туурга, дээвэр л байсан аж. Гар аргаар хийсэн эсгий бат бөх, хийссэн ч урагдалгүй бүтнээрээ үлддэг юм байна хэмээн шагшицгаана.  

Ийн Номгон уулын урд бэлээр арваад км цацагдсан эд хогшил бүгд хог болон хэд хэдэн “Портер” машинаар татаж устгажээ. Харин аюулд хамгийн их өртсөн Ч.Баярсайханы байшингийн найман метрийн урттай дүнзийг цуглуулахад гурван машин болжээ. Дүнз модыг тоолж үзэхэд байшинд орсон нийт модны 20 хүрэхгүй хувь нь үлдсэн байж. Үйрч бяцран бутарсныг түлээнд хэрэглэхээс өөр аргагүй гэж үзээд сүүлд хамахаар орхисон байлаа.

Гамшигт өртсөн өрхүүд амьд мэнд гарсандаа баярлаж байгаа ч цаашид хэрхэх вэ гэдэг асуудал бий. Уулзсан хүн бүрийн ярихыг сонсвол “Өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хоцорлоо. Аймгийн удирдлагууд гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд нэг, нэг гэр хандивласанд нь талархаж байна. Хоромхон зуурт юу ч үгүй болж хоцорсондоо хоёр хоног өнгөрчихөөд байхад итгэж өгөхгүй юм. Ийм зүйлийг кинон дээрээс харж, өөр тивд болсон талаар сонч байснаас сонирхож хүчтэй салхины үед авах арга хэмжээний талаар мэдлэгтэй болох тухай боддог ч үгүй байж. Өөрийн бие дээр буусны дараа л толгой руу орох юм. Уг нь салхины замаас хөндлөн зугтаж гарах ёстой юм байна. Үүнийг сая л мэдлээ. Дэлхийн дулаарал гэдэг зүйл Монгол орныг дайрч цаг уурын тааламжгүй нөхцөл байдал үүсэх болжээ. Тиймээс энэ мэт зүйлээс сэрэмжтэй байж, үүссэн нөхцөл байдалд амьд мэнд гарах тухай ойлголтыг авч баймаар юм байна” хэмээн өгүүлцгээнэ. 

Нутгийн иргэдийн хувьд тухайн өдрийн цаг агаарыг бараг хараагүй байсан юм байна. Хоёр өдрийн өмнө, долоо хоног, сарын өмнө цаг агаар харсан нь ч байх. “Ямар ч гэсэн хүмүүсээс асуухад хоёр хоног бороо орж магадгүй гэж ярьцгааж байсан. Харин гамшиг болсны дараа Өмнөговь аймгийн Цаг агаарын хэлтэс манай аймаг руу ярьсан байсан. Танай аймагт гамшиг болж магадгүй байна. Танай аймагт агаарын хэмийн хэт халалт үүссэний зэрэгцээ Алтайн уулсыг давж орж ирсэн сэрүүн, тунадаст хуйлраа өнөөдөр Архангай аймгийг дайрч магадгүй байна, сэрэмжтэй байгаарай гэснийг аймгаас ирсэн албаныхан өгүүлж байсан” гэж байв. 

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Зуны “зуд” буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр (II)

Ч.Баярсайханы 8*8 харьцаатай хоёр давхар байшингийн суурь л үлджээ

Эрдэмтдийн томъёолдгоор орон нутгийн шинжтэй хар салхи буюу Хашаат сумын Номгон багийн нутагт болсон байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл 17 км үргэлжилж замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэжээ. Хоёр талаасаа уулсаар хашигдсан энэ хөндийд юу болсон нь бэлхнээ харагдана. Хөөврийн араас Бага Номгон уулын өвөр бараг Элсэн тасархай хүртэл байгалийн гамшигт үзэгдлийн мөр үлджээ. Эл мөр ихэнхдээ 200 орчим зарим хэсэгтээ 10 метр хүртэл нарийсч газрын хөрсийг эргүүлж ундуй, сундуй болгож орхисон байна. Хэдэн ч буурь харлан харагдах нь Номгон багийн малчин Ч.Баярсайхан, Доржсүрэн, Гэрлээгийнхэн хол саахалтын зайд зусч байсных. Онгойн харлах бууринаас харалдаа хэд хэдэн хот айл харагдах агаад зарим нь шинэ гэр дөнгөж босгоод буй бололтой. Алсаас харахад олон хүн бужигнаж гамшигт нэрвэгдсэн нэгэндээ нутгийн олон дэм болохоор цугласан байв. 

Гамшигт хамгийн ихээр өртсөн нь Ч.Баярсайханых бөгөөд хар салхины цөм буюу төвийн хуйлраа энэ хот айлыг дайрч өнгөрсөн байгаа юм. Эднийх 8х8 хэмжээтэй хоёр давхар дүнзэн байшинтай байснаас цементэн суурь л үлджээ. Тэрчлэн энэ айлд амарч явсан нэг хүний амь эрсдэж, гурван ч машиныг дахин ашиглах боломжгүй болсон нь Ч.Баярсайханы гаднаас 300, 500 метрийн зайд шидэгдсэн тэр хэвээрээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт айл, саахалтын Ч.Наранбат, Н.Дашзэвэг, н.Жанлав, Д.Даваалхагва, Төгсжаргал тэргүүтэй хүмүүс ирж гэрийг нь барьж өглөө. Булган аймгийн Рашаант сумаас ч хамаатан садангийнх нь хүмүүс ирж байгалийн гамшгийн үеэр тарж бий болсон хогийг хамж устгахыг нь устгаж дахин хэрэглэх боломжтойг нь ялган авч байсан.    

Энд цугласан олон болсон үйл явдлыг саахалтын зайнаас харж байжээ. Хар салхи босохоос өмнөхөн том ширхэгтэй мөндөр хоромхон зуурт хаялж байснаа Ч.Баярсайханы гэрийн чанх баруун зүгт хоёр км зайд том хуйлраа үүсч тэнгэр баганадсан гэнэ. Харин Ч.Баярсайханыд Булган аймгийн Рашаант сумаас 17 цагийн орчимд н.Авирмэндийн гэр бүлийнхэн амрахаар ирж идээ будаа, цай цүй болон дөнгөж хонь хагалаад үймцгээж байж. Тэгтэл гэнэт байшингийнх нь дээр, тэнгэрт ч юм шиг үхэр мөөрөлдөөд явчихаж. Гадуур байсан хүмүүс “шороон шуурга” гэсээр гүйн орж ирцгээжээ. Тэнгэрт үхэр мөөрөлдөх чимээ сонсогдсон нь тухайн хот айлаас баруун зүгт нэг км орчим зайд идээшиж байсан үхэр сүрэг нэрвэгдэн хийсч ирснийх байсныг хүмүүс гамшиг өнгөрсний дараа ойлгоцгоосон гэж байлаа.

“Шороон шуурга” эхэлж байгааг мэдсэн гэрийн эзэн хоёр давхартаа гарч цонхоо хаагаад буцаж гүйсэн байна. Тэгээд хэсэг хугацааны дараа мориныхоо уяаны хажууд ухаан оржээ. Хоёр давхар байшинд нийт 10 орчим хүн байсан бөгөөд тэдний дунд найман настай хүүгээс 93 настай буурал байж. Зочилж ирээд байсан Авирмэнд ч байшингийн нэг давхарт байсан хэрнээ мөн л 10 орчим метр хол шидэгдсэн байдалтайгаар сэрсэн гэнэ. 

Нутгийн олон гамшгийн дараа 

Хөвсгөл аймагт амраад буцаж явсан гэр бүлийн хоёр салхи босохын өмнөхөн худаг дээр адуу усалж, ус аваад гэр рүү хөдөлсөн байгаа юм. Худаг дээрээс дөнгөж хөдлөхтэй зэрэгцэн хоёр км-ийн цаана салхи босохыг хараад “Маяти” машины хурдаар гэрийн зүг тэмүүлсэн аж. Хэдийгээр худгаас гэр хүртэл 300 хүрэхгүй шахам метрийн зайтай байсан ч тэд хоёр км-ийн цаана үүссэн салхинаас түрүүлж хүрч чадсангүй. Гэрийн гадаа давхин ирэхэд хүчтэй салхи, шороон шуурга нөмрөн авчээ. Жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй буюу эхнэр нь бууж, байшинд гүйн орж амжсан ч нөхөр Ц нь машинаасаа ч бууж амжилгүй хийсэн оджээ. Нөхрөө машинтай хийссэнийг эхнэр нь тэр үед мэдээгүй бөгөөд хаалга онгойход арав орчим насны хүү хальт харсан бололтой юм. Энэ үед салхины хүч бага зэрэг зөөлөрчээ. Салхины хүч хэдхэн секунд намдсан бөгөөд хажуу талын амбаар аль хэдийнэ хийсэн алга болж дотор нь мах өлгөж байсан Рашаант сумын иргэн Авирмэндийн эхнэр тэр агшинд дүнзэн байшинд орж амжсан байна. Байшинд орохоор тэмүүлж байхдаа салхинд хийсч явсан чулуунд хөл нь цохигдож шагайгаараа эргэсэн байсныг хэзээ хойно мэдсэн гэнэ. 

Салхины хүч дахин ихсэхэд байшингийн дээвэр хууларч байгаа чимээ гараад араас нь байшингийн туурганд өрөгдсөн дүнз моднууд нурж, хоёр давхрын хэсэг цөмрөн унаж, цонхны шил шажигнан бутарч шуурганаас тусгаарлах зүйл үгүй болжээ. Тэрхэн мөчид нүдээ нээх нь бүү хэл амьсгаа ч авч чадахгүй байсан байна. Ийм байдалтайгаар бараг 20 минут тэмцэцгээжээ. Урт урт дүнзнүүд тэгнэлдэн унасан нь дотор байсан хүмүүс амьд үлдэх нөхцөл болсон байх гэлцэнэ. Ямартай ч дээрээс нуран унах дүнз, дээврийн хэсэгт цохиулалгүй завсар зайд нь хүмүүс эсэн мэнд үлдэцгээжээ. Байшинд байсан хүмүүсээс Ч.Баярсайхан, Авирмэнд нар л гадагш шидэгдэж бусад нь үлдсэн байна. Харин доторх эд хогшлоос юу ч үлдээгүй бөгөөд хоосон хоёр авдар л байрандаа байж. Тэр бүү хэл ханан пийшин нурж, дүүрэн устай ган савыг хүртэл гишгэсэн лааз шиг болгожээ. Байшингийн хананд өрөгдсөн дүнзний 10 гаруй нь үлдэж бусад нь хийсэн алга болсон байв. 

Хачирхалтай нь гэрийн гадуур байдаг өнчин хоёр хурга зүв зүгээр майлаад зогсч байсан бол хашаатай тугалны хоёр нь, гэрийн гадаа байсан гурван нохой мөн л таван км-ийн зайд шидэгдэн үхсэн байсан аж. Ингээд аюул өнгөрөхөд гэрийн эзэн Ч.Баярсайхан, Авирмэнд нар дүнзэнд дарагдсан хүмүүсийг татаж гаргасан бөгөөд ихэнх нь хөнгөн бэртэл авчээ. Энэ үед хол ойроос хүмүүс туслахаар ирсэн байна. Гэрийн эзний ээж 93 настай Жуугаа юу болсныг ч ухаарч төвдөлгүй уймран байсан бол “Маяти” машинаас бууж амжилгүй хийссэн Ц-г ололгүй хэсэг хугацаа өнгөрсөн аж. Эхнэр нь, туслахаар ирсэн иргэд, аюулд нэрвэгдсэн хүмүүсийн зарим нь гээд олон хүмүүс хайсны эцэст гэрээс 200 гаруй метрийн цаана амь эрсэдсэн байхыг нь олжээ. Талийгаачийн бүх хувцас нь урагдаж, тайлагдсан байсан бөгөөд биед нь ч тэр гэхийн тэмдэггүй олон бэртэл учирсан байж. Шороонд дарагдсан байсан тул онож очихгүй бол олоход тун бэрх байсан гэж хүмүүс ярьж байлаа.   

Ийнхүү нэг хэсэг нь дуудлага өгснөөр Булган аймгийн Рашаант сумын хүн эмнэлгийнхэн хамгийн түрүүнд ирж тусламж үзүүлсэн байна. Тэд өөрийн харьяалал бүхий хүмүүсийг авч явсан бол Хашаат сум руу 93 настай Жуугаа хүргэгдсэн гэнэ. Сумын Засаг дарга Б.Гэрэлт-Одоор ахлуулсан ажлын хэсэг тухайн айлын орчимд ажиллахад “Маяти” машинаас рам төмөр, тэвш, бүхээгний багахан хэсэг, “Прадо” машинаас дөрвөн дугуй, мотор, кроп нь л үлдсэн байж. Харин талийгаачийн унаж ирсэн “Сивик” маркийн машин дээр гуалингууд дарж унасан учраас байрнаасаа хөдлөөгүй байсан байна. Хүмүүсийн ярьж байгаагаар “Прадо” машины нэг дугуй салхины эсрэг зүгт км гаруй хол шидэгдсэн байжээ. Шуурганд анх өртсөн үхэр сүрэг байсан газраасаа мөн л км шахам газарт буюу Ч.Баярсайханы гэрийн харалдаа байхыг нь үзэхэд толгойгүй, тал арьс нь хууларч унжсан, хутгаар сийчсэн мэт зүсэгдсэн гээд нүд хальтрам дүр төрхтэй байсныг өгүүлэх хүн олон байв. “Бүх үхрийн бие дэх яс нь бүгдээрээ хугарч үйрсэн бололтой дээр нь дараад үзэхэд туламлаж өвчсөн юм шиг байсан” гэдгийг тус багийн байгаль орчны байцаагч Төгсжаргал хүүрнэж байсан. Тэрээр “хоёр давхар байшингийн дүнзийг бүгдийг нь жиргэчихсэн юм шиг болгосон байна билээ. Салхины мөрөөр явбал баахан модыг газарт гүн гэгч нь шаагаад орхичихсон байхтай таарна. Айхтар хүчтэй байж” гэдгийг ч өгүүлж байсан.  

Михайл буюу Дашзэвэгийн өгүүлснээр хар салхины төвийн хуйлраа задгай газарт гарангуутаа эрчлэн улам хурдалж байсан бол айл хийгээд мал дээр очсон даруйдаа тэр хавьдаа хургаж хэсэг тогтож байжээ. Тэгээд тухайн объект буюу байшин, мал сүрэг юу ч үгүй болтол салхинд хийсч дуусангуут дахин хүчээ авч байсан гэнэ.

Ч.Баярсайханы хот айлыг түйвээсэн хар салхи “заан” Гантөмөр, Д.Доржсүрэн, Гэрлээ, Чадраабалын гэрийг нурааж, Б.Батжаргалын 100 гаруй бог, өөр хоёр ч айлын 60 гаруй адууг авч оджээ.

Ч.Баярсайханы хот айлыг ийн хар салхинд өртөж байхыг “заан” Гантөмөр хараад гэр бүлийнхнээ авч явахаар зэхэж эхэлсэн аж. Тэднийг гэрийнхээ гаднаас хөдөлж амжаагүй шахам байхад зуны байшин нь бараг арваад метрт хөөрч байснаа бутран унажээ. Үүнээс өмнөхөн харахад шуурганы төвөөс том эд зүйлс хүчтэй шидэгдэн гарч байсан аж.  Тиймээс гэрийн эзэд салхинаас зугтан хэсэг давхиж байгаад эргэн харахад мөн л гэр нь ор мөргүй алга болсон байжээ. 

Үргэлжлэл бий. 

Л.МӨНХТӨР   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *