Categories
мэдээ нийгэм

Хятадтай хийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна

БНХАУ-тай ирэх сард хийн төсөл болон хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурахаар манай улс төлөвлөж байна. Ингэснээр дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог БНХАУ нь Монголын эрчим хүчний нийлүүлэлтийг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхэд туслах боломж бүрдэх юм.

 Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээр нь дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичигт н Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хятадын “Sinopec” газрын тос-химийн корпорацийн захирал Фу Ченгю нар өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд гарын үсэг зурсан билээ.

Монгол Улсын Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Хүрэн нүүрсийг гүн боловсруулж, шатах хий гарган авах хоёр үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнийх нь 95 хувийг БНХАУ руу хийн хоолойгоор нийлүүлнэ. Тодруулбал, 2019 оноос Монгол Улсад шатах хий үйлдвэрлэж эхэлнэ” гэж мэдэгдсэн юм.

Ирэх наймдугаар сард Хятад улсын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр “Sinopec” групптэй урьдчилсан гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэж Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Токио хотноо ярилцлага өгөхдөө мөн хэлсэн.

Гэхдээ үнэ өртөг, хэмжээ, үйлдвэрүүдэд шаардлагатай нүүрсийг хэн олборлох зэрэг асуудлаар хараахан зөвшилцөлд хүрээгүй байгаа ажээ.

Өсөн нэмэгдэж буй дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахын тулд гадаад улсуудаас хий аван, нөөцөлж буй Хятад улсад байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум долларын гэрээг өнгөрсөн тавдугаар сард ОХУ байгуулсан билээ. Хятадтай хийн гэрээ байгуулах дараагийн улс нь Монгол болох гэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *