2004 он. Ангийн багш Д.Зузааны Хөдөлмөр алдрыг тэмдэглэх баярын үеэр
1979 оны намар Хайлаастын гэр хороололд 71 дүгээр сургуулийн нэр дээр бэлтгэл анги бүрдүүлж Батсуурь багшид 39 хүүхэдтэй нэг анги даатгаж өгчээ. 71 дүгээр сургуульд дахиад үндсэн бэлтгэл анги бас байсан гэсэн үг. Ингээд Батсуурь багштай бэлтгэл ангийнхан өөрийн гэсэн хичээлийн байргүй учраас 71 дүгээр сургуульд орон тооны танхим гаргаж хичээлээ хийдэг байж. Ингээд тэндээсээ 49 дүгээр сургуульд танхим суллаж бас нэг хэсэг хичээллэж байтал Хайлаастын 15 дугаар хороонд шинэ сургууль баригдав. Айлын шоовдор хүүхэд мэт сургууль сургууль царайчилж байсан бэлтгэл бүлгийнхэн өөрийн гэсэн эрдмийн өргөөтэй болжээ. Энэ бол 72 дугаар сургууль ашиглалтад орсон үе. Батсуурь багштай анги “1а” гэсэн нэр зүүж сургуулийнхаа хамгийн анхны сурагчид болсон түүхтэй аж. Бүр сургуулийнхаа нээлтээр 1а ангийн сурагч Мажигсүрэн хонх цохиж, ангиараа зурагтаар гарчээ. Энэ явдлыг одоо ч мартдаггүй хэмээн 72 дугаар сургуулийн 1989 оны 10а ангийнхан 25 жилийн дараа ийн хөөрөлдөв. Энэ удаагийн “Нэг анги” булангийн зочид бол гэр хорооллын дунд сургуульд нэгэн арваныг үдсэн эгэл атлаа, сургуульдаа бол “онц” үлгэр жишээ хамт олон юм.
1988 оны арванхоёрдугаар сар
Бид сургуулиа төгсөөд 25 жил болж байгаа ч анх нэг анги гэсэн нэгэн дээвэр дор инээд хөөр, сэтгэл зүрх, хүсэл мөрөөдлөөрөө нэгдээд 35 жил болсон шүү дээ хэмээн Ж.Зоригтбаатар ярив. Ж.Зоригтбаатарын хувьд ангийнхаа ганц зурагчин. Хаана л явна өнөө хэдийнхээ зургийг дарж өгнө. Өөрөө ч энэ ажилдаа дуртай болохоор одоо ч уулзахдаа зурагчин мэргэжилдээ ордог гэсэн. Тэрээр ангийнхныхаа зургийн цомгийг үзэж суунгаа “Ингээд л миний зураг байхгүй. Би дарсан байхгүй юу” гэж хошигноод авав. Харин ангийнхаа нөхдийг төгссөн цагаас нь эхлээд өдийг хүртэл холбоотой байлгаж холыг ойртуулж, холыг учруулагч гүүр болсон ангийн “ЗБ” С.Түмэндэмбэрэл “Гэр хороололд өсч торнисон болоод ч тэр үү манай ангийнхан их ажилсаг, хөдөлмөрч. Бас их дотно. Хоорондоо байнга холбоотой явна шүү дээ” гэв. Нээрээ ч хөдөлмөрч анги гэдэг нь илэрхий. Учир нь ангийнхан нь барилга, эрүүл мэнд гээд бүхий л салбарт өөрийн гэсэн байр сууриа олцгоожээ. Мөн найман сурагч гадаадад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа аж. Хэдий харийн оронд байгаа ч байнга холбоотой байдаг гэсэн. Энэ намар 25 жилийн ойгоо тэмдэглэхэд нь ирэх гэнэ. 25 жилийн дараа эргээд бодоход мартахааргүй өчнөөн дурсамж бий гэж хоорондоо хөгжилдөнө.
Нэг нь “Манай ангийнхан донгодуулахаасаа магтуулах нь их байсан” гэв. Эцэг, эх нь багш мэргэжилтэй олон ч сурагч байж. Тийм болоод ч тэр үү сургуулиас өгсөн даалгавар, багшийн үүрэгдсэн хичээл номонд их нямбай хандаж хариуцлагатай гүйцэтгэдэг байсан гэнэ. Хоёр удаа айхтар донгодуулж байжээ. Тэр үед сурагчдыг “Хөдөлмөр” зусланд амраангаа төмс хүнсний ногоо хураалгадаг байж. Түүндээ гаршаад ч тэр үү, угийн санаачилгатай ажилсаг хамт олон болоод ч тэр үү Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйд очиж төмс хураалтын ажил хийхээр шийджээ. Ингэхдээ багшдаа хэлэлгүй шийдвэр гаргаад явах гэтэл ахлах ангийнх нь багш Д.Зузаан ажил гараад явахааргүй болж өнөөх нөхдийн төлөвлөгөөг сургуулиар нэг мэдчихэж. Бүр хүүхэд бүр 25 төгрөг нийлүүлж 14 хоногийн хүнсээ хүртэл авчихсан байж таарав. Үүнийг нь сургуулийн захиргаа мэдэж багш нарын хурлаар оруулж ангиар нь шөнөжин зогсоожээ. Энэ ажлыг ангийн зурагчин гэх Ж.Зоригтбаатар санаачилсан болж таарч нэлээд хатуу бангадсан байна. Ингэж сургуульдаа үлгэр жишээч “онц” ангийнхан анх удаа бангадуулсан нь хэдэн өдөртөө л сургуулиар нэг яриа болсон гэдэг. Эдний ангийнхан бүгдээрээ л бараг сурлага сайтай. Мөнгөнбагана, Мөнхзул, Сайзмаа гээд хичээл номондоо тэргүүний хүүхдүүд олон бий. Мөнгөнбагана сургуулийнхаа “тооны бурхан”. Нийслэлийн тооны олимпиадад түрүүлсэн нь тоогоо алджээ. Харин Ганбаатар “спортын бурхан” нь. Чөлөөт бөхөөр тухайн үедээ их сайн барилддаг байсан төдийгүй 1987 онд Болгарт болсон тэмцээнээс алтан медальтай ирж ангийнхныгаа баярлуулж байсан удаатай аж. Ганбат урлагийн бурхан гэнэ. Тэрээр багаасаа л улсын циркт гимнастикаар хичээллэдэг байсан болохоор дээрээ таван хүн зогсоодог үзүүлбэрийг нь ангийнхан нь бөөндөө очиж үзэн, дэмждэг байсан гэнэ. Одоо тэрээр мэргэжлээрээ гадаадад багшилдаг болжээ. Харин Эрдэнэбаяр, Саран нар утга зохиолын бурхад гэсэн. Эрдэнэбаяр шүлэг яруу найраг сонирхож тэр үеийн “Пионерын үнэн” сонинд шүлэг нь байнга гардаг байж. Саран ангийнхныхаа тухай ирээдүйд ямар хүн болох талаар нь зөгнөл зохиол бичиж байжээ. Одоо ч түүнд зөгнөл зохиол нь байдаг гэнэ. Тэрээр одоо Орост гэр бүлийнхээ хамт амьдардаг юм байна. Ангийнхан нь түүний ачаар “Болор толь”, “Зүрхний хилэн” зэрэг олон ном уншиж, номд дуртай болсон хэмээн хүүрнэв. Саран хамгийн гоё бичигтэй болохоор багш нар журнал дээр дүнгийн жагсаалт бичүүлдэг байж. Тэгсэн нэг удаа мань нөхөр тооны багш Лодойдамбын дүнг тавихдаа онц сурдаг хүүхдүүдийг дунд гээд дунд сурдаг сурагчдаа онц гээд солбиод тавьчихаж. Дур мэдэж дүн тавилаа гээд бангадуулахдаа тоосон ч шинжгүй “Дунд, сайн сурдаг хүүхдүүд ганц удаа ч гэсэн онц авч үзэг” гэж хэлж бөөн инээдэм болж байжээ. Ангиараа сургуулийн арга хэмжээнд идэвхтэй оролцохоос гадна кино театр руу их зүглэнэ. Нэг удаа ангийнхаа хүүхдийн аавд билет захиж байгаад “Хонгилдон” үзэхээр нэг төгрөг цуглуулж л дээ. Тэгсэн өнөөх хүүхдийн аав нь цагдаа байж таараад хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй кино гээд тас эсэргүүцсэн учраас киногоо үзэж чадаагүй гэнэ.
Тэд ийн хэсэг хугацаанд хөөрөлдөхдөө Д.Зузаан багшийгаа байнга ярих. Заримынх нь нүдэнд нулимс цийлэгнэх нь харагдав. Багш нь сурагчдын амьдралд үлгэр дууриал болсон хүн аж. Хэл уран зохиолын багш болоод ч тэр үү хичээлээ сэтгэл хөдлөлтэй заадаг байж. Бүр яруу найрагч шиг уянгалуулж ирээд л хичээлээ ороход нь сурагчид завсарлагааны хонх битгий дуугараасай гэж боддог байсан гэнэ. Хамгийн сүүлд багштайгаа 2004 онд бөөнөөрөө уулзжээ. Тэр жил улсын тэргүүний багш нь хөдөлмөр алдраа тэмдэглэсэн юм байна. Д.Зузаан гэхэд II сургуулийнхан ч андахгүй хэмээн багшийгаа ам булаацалдан магтах аж. Багш нь ертөнцийн мөнх бусыг үзээд хэдэн жил болжээ. Ийн яриа дэлгэж тэднийг гуниглах зуур ангийн “ЗБ”-гийн тухай хөгжилтэй хийгээд, санамсаргүй сайн үйлсийг дурсав. Гоё бичигт Саран, “ЗБ” Түмэндэмбэрэл хоёр ангийнхаа хөвгүүн Энхбатын хайрын захиаг андуурч өгснөө хөөрөлдөв. Захиаг нь дамжуулахдаа доод ангийнхаа Нарантуяа гээд охинд аваачаад өгчихөж. Тэгсэн дээд ангийн Нарантуяад өгөх ёстойгоо мэдээд Энхбатад хэлэлгүй дахиж өөрсдөө бичжээ. Захиа хүргэхдээ охид уншчихсан болохоор дахин бичихэд төвөг байсангүй.
Ингэж нэг юм жинхэнэ эзэнд нь захиаг нь хүргэж өгсөн нь хожим заяаны ханьтай нь учруулсан ерөөлтэй явдал болсон байна. Төөрч учирсан хоёр хос одоо хамтдаа барилгын компани удирдаж яваа бол энэ ангиас төрсөн хос болох Эрдэнэбаатар Насанбат хоёр дөрвөн хүүхдийн ээж, аав болж гадаадад амьдарч байгаа юм байна.
Ингээд нар ч хэвийж бид ажлын зүг хөдөлж нэг ангийнхан маань ирэх намар 25 жилийнхээ ойгоор хаана, хэрхэн уулзахаа ярилцаад үлдэцгээв.
Энэ зуур бага ангийн багш Батсуурьтаа мэнд дамжуулж нэр нь гараагүй ангийнхантайгаа үргэлж сэтгэл зүрхээрээ нэг шүү гэсэн сэтгэлийн үг дайлаа.
Д.ДАВААСҮРЭН