Түрүүч нь ¹181(4821) дугаарт
АМЬСГАА МИНЬ НИНЖА БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ НИНЖА ШИГ БАЙ
Цахилгаан моторын чихэнд чийртэй дуу, хүмүүсийн хараал цухлын үгс, тачигнатал инээх инээд нарийн шар тоостой тэнгэрт хөөрөх гэснээ газар унах мэт тэр хэсэгхэн газарт чимээ тасарна гэж огтоос үгүй. Тийм ч байхын аргагүй. Очсон газрынхаа орчин тойрныг нүдээрээ дахин нэгжиж суутал “Амьсгаа минь нүхний амнаас зайл” гэх дуу чихэн дээр тасхийтэл дуулдав. Эргээд хартал “Чи нинжа юм уу” гэхээр нь “Тийм” гэтэл “Харагдаагүй нүүрний арьс байна. Чам шиг ганган нинжа байдаггүй юм. Нинжа болох гэж байгаа юм бол нинжа шиг бай” гээд амнаасаа чихээ хүртэл ямар нэгэн зүйлд зүсүүлсэн сорвитой залуу хэллээ.
Алтан дээр дуугүй байгаа хүн хэн ч биш. Дуугүй байсныхаа шанд бондгор ч үгүй үлдэнэ. Махлаг байрын эгч нэг бондгор газраар чирээд явж байна. Чулуун дээгүүр чирсээр байгаад өнөө бондгор нь ч шуудайны цоорхойгоор урсаж байсан юм. Өнөө эгчийн чулууг үүрээд хүүгийнх нь мотоцикл руу хүргэж өглөө. Хүү нь нүхэн дотроос нэг бондгор гаргаж өгөөд өөрөө буцаад орсон нь энэ аж. Ганц бондгор зөөж өгөхөд л өмссөн хувцас шороо шигж ерөнхийдөө нинжа нараас дутахааргүй болж эхэлж байгаа юм. Нинжа нарт хамгаалалтын хэрэгсэл гэж огт байдаггүй. 10 гаруй метрийн гүн рүү молдокоо бариад орно. Гайгүй алтны чулуутай газраа булаацалдан бие биенээ алах дөхнө. Тэнд очоод олон жил уулзаагүй нутгийн ах нар, хамаатнууд, 10 жилийн нэг ангийнхантайгаа таарав. Ер нь бол уулзаагүй хүмүүстэйгээ уулзах газар ч гэж хэлж болохоор аж.
Алтны нүхэнд гар барин мэндийн үг солилцов. Алтандаа хүрсэн нүхнүүд бүгд газар доогуур судлаа дагаж явсаар байгаад нийлчихсэн. Халган халган нүх рүү ортол харин ч сэрүүхэн аж.
Цаашаа мөлхсөөр арай гэж багтах нүхээр гулсан дахин гурван метр гаруй доошоо орлоо. Амьсгал давчдаад ирлээ. Тэнд хичнээн ч хүн байгаа юм бүү мэд. Алт сайн гарч байгаа судал дээрээ маргалдаж байна. Бие биенээ байж болох бүхий л хараалаар харааж байх юм. “Чи нинжа юм бол нинжа шиг байгаарай. Наад жаахан юм аа хувааж авч чадахгүй бол нэвт сүлбэнэ шүү” гэж сүрдүүлнэ. Харин нөгөөх нь айж байгаа ч юм алга. Хорь орчим минут болоод нүхэнд удаан байж сураагүй мань мэт нь бушуухан гарахын түүс. Агаар тун бага газар тэд байгаад сурчихаж. Тамхи татдаг хүмүүс нь тамхиа татах гэж шүдэнзээ хавирсаар байгаад арай гэж асаах юм билээ.
Агаар муутайгийн нэг тод жишээ нь толгой өвдөх. Нүхнээс татуулж гараад халуунд ч гэсэн дээрээ сууж байх нь жаргал юм. Гэхдээ нүх рүү орж чулуу нүдээгүй хүмүүстээ бусад нь тийм ч таатай хандахгүй. Учир нь нүхэн дээрээс чулуу татаж гаргаснаас газрын гүнд молдок бариад хөлсөө цувтал чулуу балбах амаргүй ажил. Газрын гүнд бага багаар нь чулуугаа овоолж аваад шуудайны тал болгоод дээш нь татуулахад өөрийнх нь бригадын хүн байхгүй бол өөр хүний олз болно. Хүмүүс газрын гүнд амьдарч байна. Тэндээ хуушуураа зөөлгөн, архиа уугаад нүхээ ухаж байна. Нүх рүү нэг орсон бол 4-5 цаг болж байж гарвал арай их чулуутай болчихно.
Арай сэргэлэн нэг нь хүмүүсээр ажил хийлгээд тэндээс нь тавин хувийг нь авна. Баруунхараагийн “тэсэргээ” хочит Энхболд тэндээ нэлээд хэдэн нүх эзэмшдэг юм билээ. Өөрөө ухахгүй хэрнээ бусдаар ухуулан шороогоо гаргаж ирэхээр нь тэдэн бондгор авна гээд тэрийгээ аваад явна. Бие томтой болоод ч тэр үү хүмүүс түүн рүү халдахгүй.
Нударга зөрүүлэхээс өмнө алтны нинжа нар ам зөрүүлнэ. Хэн илүү хэрэлдэж амаараа айлгасан нь ялалт байгуулах маягтай. Бүр болохгүй бол түмний нүдэн дээр хэн нь атаман болохоо харуулна. Атаман болсон бол нүхний босс болно л гэсэн үг. Энэ өдрийн орой улаан шороо боссон шуурганы дараа тэнгэр нүргэлсэн чимээтэй цахилгаан цахиж аадар асгав. Бороо ширүүсэх тусам хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг цахилгаан цахих гэрэлд харагдаж байсан юм. Зарим нэг нь нүх рүү унаж байгаа харагдав. Усан хулгана болтлоо норон машиндаа ирээд бороо намжихыг хүлээлээ. Зарим нэг хүмүүс нүхнээсээ огт холдохгүй усан борооноор ч гэсэн ажиллаж байгаа нь тэдний духан дээрээ тогтоосон гэрлээс илтэд мэдрэгдэж байсан юм. Бороо намжих үед машин руугаа уралдаж байсан хүмүүс нүх рүүгээ дахин уралдацгаав. Тэдний дунд орон солих хувцасгүй очсоны гайгаар норсон хувцсаа сольж чадаагүй тэр хүмүүстэй зэрэгцэн нүх ухах ажилд ханцуй шамлан орлоо. Өглөөний наран уулын сугаар гэгээ цацах мөч хүртэл нойтон хувцсаа хаттал ажиллацгаалаа. Тэдэнд амралтын цаг гэж байхгүй. Хэн өрсөж хөдөлсөн нь алтандаа хүрэх тул нойргүй олон хоног ажилладаг юм билээ. Ядарлаа гэж нэг нь ч хэлэхгүй юм. Монгол орны бүтээн байгуулалтад ингэж оролцдог бол гэх бодол төрнө.
“АМЬГҮЙ ЛАЛАРУУД МИНЬ ЗАЙЛЦГАА” БУЮУ ШОРОНГИЙНХНЫ ДЭЭРЭМ
Алтны нинжа нарын хамгийн түгээмэл хэрэглэдэг үг нь “амьгүй лалар” юм билээ. Том жижиг, хөгшин залуугүй уурлахдаа ч, зүгээр хоорондоо харьцахдаа ч ингэж ярьцгаана. Зургаа долоо хоног нүх ухаад алтны судалдаа хүрээгүй хүмүүс цагдаа нарын хөөх сургаар хөдөлгөөнд орж олон хоног үйлээ үзэж ухсан нүхнийхээ үр шимийг үзэж чадалгүй өөр нүхнээс атга шороо гуйхаар гүйлдэнэ. Нар буух үед халамцуу голдуу арав гаруй хүн ирж манай ухаж буй нүхний хажуугийн алтны судал сайтай гэгдэж байсан нүхний дэргэд ирж хүмүүстэй маргалдав. Сүүлд нь халзан нөхөр толгой дээрээ ногоон алчуур тавиад алхаж явна. Нинжа нар Зүүнхараагийн шоронгийн атаман “Маам” хочит Т.Эрдэнэбаатар болохыг таньцгаав. Шоронгийн 400 хоригдлын ахлагчаар ажиллаж байсан юм байна. Түүний араас цээж нүцгэн шорттой нөхөр ирээд таарсан хүн болгонтой маргаж байсан нь “Том Болор” хочит Салхитын Болорсүх байв. Энэ мэтчилэн шоронгоор олон жил явсан нөхдүүдээр эгнээгээ бүрдүүлсэн нэг бригад ийн нэмэгдэв.
Тэд аль сайн гарч байгаа нүх рүү шууд орно гээд өөрсдийн гарын доорх хүмүүсээ нүх рүү илгээв. Төд удалгүй нэг нүхнээс 10 гаруй залуу п…… дуудсаар гарч ирлээ. Шоронгийн атаманы хүмүүс алттай хэсэгт очиж хөөсөн хэмээн үглэцгээнэ. “Том Болор”, “Маам” нарын далбаан дор дагаж яваа нөхдүүд мөн ядарсан иргэдээ дээрэлхэх маягтай байна. Зарим нинжа нар дургүйцлээ илэрхийлэн ганц нэг алгадуулах юм билээ. Тэд шоронгоор нэлээд олон жил явсан тул хүмүүс айдаг аж. Алт гайгүй гардаг нүхэн дээр хоёр өдөр овоорч байсан хүмүүс шоронгийнхны сүр бараанаар холдож эхэллээ. Тэдний ноёрхол ингээд үргэлжлэв. Алт ихтэй нүхэн дээр энэ мэт үйл явдал үргэлжлэх бөгөөд судал багатай, судалдаа арай хүрээгүй нүхэн дээр “хурган” дээрэм явагдана. Барьсан болгоноороо “ална” хэмээн сүрдүүлэх бөгөөд нүх рүү ордог 10 гаруй настай жаалууддаа “Ингэж байхгүй бол давардаг юм амьгүй лаларууд. Хэнээс ч айж болохгүй. Сантиметрт хуульгүй байдаг юм” гэхчилэн олон муу зүйлийг зааж байсан юм. Монголын ирээдүй алтны нинжа нарын дунд ингэж л өсч байна. Амь амиа бодохын хуулиар нэг бригадын нөхдүүд нүхэнд байгаа хэсгээ хаяад шууд гэрийн зүг машинаа асаагаад хөдөлж байгаа харагдав. Хаа очиж настай, ядарсан иргэд нь бусдаасаа арай дөнгүүр юм билээ. 10 жилийн сурагч байхдаа үерхлийн зурвас атгуулж явсан бүсгүй минь нинжа болжээ. Зүгээр ч нэг нинжа биш нэлээд дээгүүр зиндааны том гарын нинжа болсон байлаа. Нэг нүхэн дээр нэг хүүхэн учиргүй орилж хашгичин уурлаж байгаа дуу хадахаар нь яваад очтол тэр байлаа. Ойр орчмоо анзаарах сөхөөгүй хэрүүл хийнэ. Нэлээд дөхөөд очтол гайхсан байртай нэг харснаа чимээгүй болон суугаад өгөв. Малгайгаа доош нь дарлаа. Амандаа маск зүүлээ. Магадгүй ичиж байгаа байх гэж бодоод мэнд мэдэх гэж байснаа больсон юм. Ер нь алтны нүх болгон нэг эмэгтэй хүнтэй бөгөөд нүхэн дээр маргаан гарах үед эмэгтэйчүүд нь хэл амаа билүүдэн хэрэлдэх л ганц үүрэгтэй. Харин эрчүүд нь нүхэнд орж алтаа ухна.
БОНДГОРЫНХОН
Алт гарсан газар бүр “бондгорынхон” гэж хэсэг эмэгтэйчүүд бий гэнэ. Бондгорынхон гэдэг нь тал шуудай алттай шороогоор биеэ үнэлдэг хүүхнүүд аж. Манай нүхний дэргэд нэг “Ах аа чулуу өгөөч” хэмээн бүсгүй ирэв. “Чулуу алга аа. Нүхээ л ухаж байна” гэхэд хэзээ гарахыг нь асуув. “Болоогүй” гэтэл дөхүүлээд ирнэ ээ” гээд яваад өглөө. Гэтэл хажуу нүхний ах “Бондгорынхноор яах нь уу” хэмээн жоготой асуув. Тэгснээ “Эд чинь нэг бондгороор биеэ үнэлдэг хүүхнүүд байхгүй юу” гэв. Тэд хоёр цагийн нэг бондгор бөгөөд бүтэн шөнийг өнгөрүүлэхэд 50 кг-ын шуудайтай чулуугаар явдаг гэлээ. Тэднийг ажиж суутал өөр нэг нүхнээс нэг залуугаар бондгор үүрүүлэн нэг нь дагуулан одлоо. Хэсэг алга болж байгаад буцаад ирэв. Сүрхий дотно болох маягтай шүү. Өнөө хүүхэн нь нөгөө залуугийнхаа бугуйнаас тас атган инээд алдаж байна. Дахин нэг бондгорыг өнөө залуу үүрэн одлоо. Харин нүхнээс гарч ирсэн залуу нь бондгорынхны нэгтэй нэг шуудай чулуу аваад явсныг дуулаад нэлээд уурлав бололтой хэд хараагаад араас нь чулуу өшгичин явлаа.
Дэргэд тамхи татаж суусан гурван залуу “Энэ муу дөрөв Дарханы өмнөх гурваас миа юм байна. Яасан гэж бондгороор явдаг юм” гэхчилэн өнөө бүсгүйчүүдийг толгойноос хөл хүртэл нь морь шинжиж буй аятай нэгд нэгэнгүй ярьцгааж байв. Бондгорынхон жижиг тэрэгтэй ирсэн байсан бөгөөд зарим залуустай машин дотроо учраа олж байсан юм. Харин алтны нинжа нарын дээхэн талд Дарханаас ирсэн гэр, майхан байсан бөгөөд тэнд бүх үйлчилгээ явагдана даа хэмээн нинжа нар ярьцгаана. Энэ үед нэг бүсгүй ирээд яриа хөөрөө дэлгэх үед хамт яваа найз минь “Ингэж явах сайхан байдаг юм уу. Ажил хий” гэсэнд “Үүнээс өөр ажил алга. Тийм л сүрхий юм бол ажил олоод өг л дөө чи” гээд амаа ар дээрээ гартал алгадуулав. Энэ мэтчилэн хэд хоног гэрээсээ хол яваа зарим нэг эрчүүд хөлсөө дуслуулж олсон бондгороо хөнжлийн хүүхнээр солих нь дэмий ш дээ хэмээн үглэх хүн ч байсан юм. Бондгорынхон бондгор л авч байвал хөгшин залуу гээд нас хамаагүй, харин бондгор дээрээ мурихгүй байх хэрэгтэй гэж байв.
Э.ЭНХБОЛД
Үргэлжлэл бий>>