Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Булганд хуралдав

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдсан Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө.  Хуралдаанд Засгийн газрын танхимын сайдууд бүгд оролцжээ. Сайд нараас гадна  Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар, авто зам тавьж байгаа компанийн удирдлага, сумын иргэд оролцсон байна.

Хэлэлцсэн асуудлын дийлэнх хувь хөдөөгийн хөгжилтэй холбогджээ.  Энэ үеэр Ерөнхий сайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас-Хөвсгөл аймгийн Мөрөн сум хүртэл тавьж байгаа авто замын ажлыг энэ онд багтаан ашиглалтад оруулах үүргийг талуудад өглөө.

Түүнчлэн Хутаг-Өндөр сумын иргэдийг орон нутгаа хөгжүүлэхэд саналаа хэлж, ямар ажил хийх нь илүү иргэдэд тустай болохоо ярилцаж хөгжлөө төлөвлөн төсвөөс өгч байгаа таван  тэрбум төгрөгийг зөв зохистой ашиглах ёстойг хэллээ. “Шинэ сум” төслийн хүрээнд Хутаг-Өндөр суманд таван тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Үүгээр тус сумынхан сумын төвөө шинэчлэн тохижуулах юм. Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаа Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийсэн нь тус суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа, аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил тус сумыг дайран өнгөрч байгаа тул тохиромжтой газар хэмээн үзэж сонгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *