Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ухаалаг эзэнтэй редакци л төрд дээрэмдүүлсэн иргэдээ өмөөрдөг

Сүүлийн үед төр хувийн хөрөнгийг дээрэмдэхдээ “уучлаарай” ч гэхгүйгээр иргэдийнхээ эрхэнд халддаг болж. Жишээ татвал өчнөөн баримт жагсаах хэрэг гарна. Саяхны жишээ гэхэд л өнгөрсөн хавар хэд хэдэн ТҮЦ-ийг  эвдэлж нураагаад хамаг барааг нь гаргаад шидэлж байв. Гэртээ амраад өглөө ирэхэд нь хамаг юмыг нь сүйдлээд хаяхдаа манай төр харин ч нэг гаршсан даа. Зүй нь эзнийг нь байхад хэл үгээ ололцоод асуудлыг нэг тийш нь шийдэх учиртай. Хөрөнгөө гаргаж барьсан ТҮЦ-ийн чинь мөнгийг өгье, үлдсэн барааг чинь худалдаж авъя гэдэг ч юм уу, заавал дээрэмчин царайлахгүйгээр асуудлыг шийдэх түмэн гарц төрд бий. Бидний үлгэрлэн дуурайх дуртай, бидэн шиг чөлөөт зах зээлийн эдийн засагтай, бидэн шиг ардчилсан засаглалтай  Америк, Германд лав төр нь ийм дээрэмчин авир гаргадаггүй.   

Яг ийм хүнд бэрх үед нь иргэдэд хэн тусалдаг вэ? Үнэнийг хэлэхэд ганцхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл л тус болдог. Саяхан твиттерт бичсэн байна лээ. “Төр хувийн хөрөнгийг дээрэмдэх үед  хэн ч танк хөдөлгөж эсэргүүцэхгүй, ард түмэн өмөөрөхгүй, хэвлэл мэдээлэл л тус болдог” гэж. Гэхдээ яг ийм үед хэвлэл бүхэн тус хүргэж чаддаггүй. Хэвлэлийн эзэн нь өөрөө хөрөнгө мөнгөтэй, зах зээлийн жамыг бие сэтгэл, амьдралын түүхээрээ мэдэрсэн  ухаалаг хүн байвал тэр редакци төр хувийн хэвшлийг луйвардах явдлыг тууштайгаар эсэргүүцдэг. “Энэ муу баячууд” гэж хөрөнгөтэй  хүмүүсийг адлах сэтгэлгээгүй, ямар ч хүнийг хөрөнгө мөнгөөр нь ялгаж үздэггүй эзэнтэй редакци л хувийнханд тусалдаг. Харин ард түмэн бол өөр. Хувийнхны хөрөнгийг хураахад “Муусайн баячуудыг тэгж байвал таарна, хохь нь” гэцгээдэг. Ингэж ид бахаа хангаж байхдаа хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь хөрөнгө рүү төрийн дээрэм орох вий гэж болгоомжилдоггүй. Өнөөдөр Батын хөрөнгө рүү дайрсан төр маргааш Дондогийн хөрөнгө рүү дайрахыг үгүйсгэх аргагүй тийм л хандлага сүүлийн үед газар аваад байна. Ердөө сар гаруйн өмнө манай сонинд “Хүрз шороо даахгүй ганц бие хөгшин хаашаа ч нүүх юм билээ” гэсэн гарчигтай сурвалжлага нийтлэгдсэнийг  уншигчид маань санаж байгаа байх. Чингэлтэй дүүрэгт хашаа, байшиндаа аж төрж суусан ганц бие хөгшин нүүхгүй гэж хэлснийхээ төлөө төрийн дарамтанд орсноо манай сурвалжлагчид ярьж байв. Төр ямар ч мөнгө төлөхгүйгээр цэцэрлэг барина гэж хашаа руу нь дайрсан, элдэв хүмүүс явуулж дарамтлуулсан гэх өвгөний яриатай сонины хуудас шарлаж ч амжаагүй байна. Насны эцэст ганцаараа амьдарч яваа хөгшинд нэг өрөө байрны түлхүүр гардуулаад газрыг нь авна гэсэн бол төр дээрэмчин гэж хэлүүлэхгүй байлаа. 

Ер нь ухаалаг эзэдтэй хэвлэлийн редакци л “Өнөөдөр энэ хүний хөрөнгийг хураалаа, маргааш таны хөрөнгийг хураах магадлал өндөр байна шүү” гэж сануулж эхнээс нь эцсийг нь хүртэл тууштай мэдээлдэг.  

 Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол мэргэшсэн байгууллага. Өөрийн гэсэн орон зай, өөрийн гэсэн уншигч, мэргэшсэн хамт олонтой мэргэжлийн байгууллага. Ямар ч үйл явдлыг мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээ, мэргэжлийн ур чадвар гээд ер мэргэжлийн өндөр  түвшинд олон нийтэд хүргэдэг. Иргэдээ тэр энэ гэж ялгалгүйгээр ядарсан цагт нь, төрийг зах зээлийн хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдэл гаргаж иргэнээ дээрэмдэх үед нь  олонд үнэн бодитоор мэдээлж, өмгөөлж, эрх ашгийг нь хамгаалах бол хэвлэл мэдээллийн оршин тогтнох  үндэс. Саяхан гэхэд л шог зураач С.Цогтбаяр тэргүүтэй өчнөөн хүний гарааш руу  төр халдаж эвдэж сүйтгэснийг манай сонин газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн. Энэ удаа тоглоомын талбай, цэцэрлэг сургууль гэсэн нийгэмд хэрэгтэй объект биш, хэн нэгэн эрхэмд үйлчилгээний газар барих боломжийг нь олгох гэж төр нь иргэдийнхээ өмч рүү дур мэдэн бүдүүлгээр халдсан. Үүгээрээ өмнөх жишээнүүдээс ялгаатай. Уг нь “дахиад өөр газар гарааш худалдаад авчих, тэр мөнгийг чинь өгье ч” гэдэг юм уу, ядаж л гарааш барьсан зардлыг нь нөхөн олгочихсон бол төр дээрэмчин шиг харагдахгүй байв. Төр нь дээрэмдэж, иргэд нь хохирч буй иймэрхүү үйл явдлыг ганц удаа сурвалжлаад орхихгүй, дахин дахин дуугармаар л байгаа юм. Учир нь зах зээлийн жамыг сонгосон энэ нийгэмд иргэдийнхээ өмчид халдахгүй байх нь  төрийн зайлшгүй хүлээх үүрэг билээ. 

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *