АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 29-ний орой Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гурван залуугийн хамт баривчлан Төв аймгийн урьдчилан хориход хоёр сарын хугацаатайгаар саатуулаад байгаа. Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Ц.Баасандорж, А.Зүмбэрэл (Төмөрбаатарын өмгөөлөгч), Ц.Шаравнямбуу (Мөнгөнтуяа, Даваахүү нарын өмгөөлөгч) нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Өмгөөлөгчид Л.Гансүх нарыг үндэслэлгүйгээр цагдан хорьсон гэж үзэж байгаа юм. Тэд “Үйлчлүүлэгчтэй уулзах эрхийг хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн өмгөөлүүлэх, өмгөөлөх эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн” хэмээн мэдэгдэв. Л.Гансүхийг хоригдсоны дараахан өмгөөлөгч Л.Цэндсүрэн үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар очсон ч Төв аймгийн хорих ангийн удирдлагууд АТГ-аас уулзах зөвшөөрлийн бичиг заавал авчир гээд уулзуулаагүй аж. Л.Цэндсүрэн “Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа хэмээн хэвлэлээр худлаа мэдээлэл өгөөд байна. Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүүлэхдээ нэг ч төгрөг төсвөөс гаргаагүй. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөрт Засгийн газар гарын үсэг зурснаас Л.Гансүх гэдэг хүн ямарч шийдвэр гаргах эрхгүй. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан болохоос ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргах эрх мэдэл энэ хүнд байгаагүй. Мөн нэг тонн 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллынхон 80 мянган төгрөгөөр авсан. Гэр хорооллынхонд дор хаяж 120 мянган төгрөгийн хямдралтай нүүрс олгох ажлыг хариуцаж ажилласных нь ингэж хэлмэгдүүлж болохгүй” гэж ярив. АТГ-аас явуулж байгаа үйл ажиллагаа Засгийн газрын бодлогыг харлуулах гэсэн улс төрийн хэсэг бүлэг хүмүүсийн явуулга гэж үзэж байгаагаа ч өмгөөлөгчид нуусангүй.