Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч тавдугаар сараас эхлэн
Ерөнхий сайдын ахлах зөвлөх, БОАЖ-ын сайд асан Л.Гансүхэд эрүү үүсгэн шалгаж
эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл Л.Гансүхийг өнгөрөгч шөнө
гурван хүний хамтаар баривчлан саатуулжээ. Л.Гансүхийг Шинэчлэлийн
Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа
иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшсан
байж болзошгүй гэдэг шалтгаанаар буруутган шалгаж буй аж.
Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр Л.Гансүхийг баривчилсныг эрс эсэргүүцэж, хатуу тэмцэхээ мэдэгдлээ.
Мэдэгдэлд ийнхүү бичжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
Н.АЛТАНХУЯГИЙН МЭДЭГДЭЛ
Шинэчлэлийн
Засгийн газар гэр хорооллын иргэдээ хямд өртөгтэй нүүрсээр хангах зорилгоор
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэний
үр дүнд өмнө нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган
төгрөгөөр худалдан авдаг болж, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд
бодитойгоор нөлөөлж иргэдийн талархал хүлээсэн билээ.
“Нүүрс” хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд
зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо
өндөр байсан юм.
Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг
зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн
хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг
ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар,
хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий
сайд миний бие хатуу тэмцэх болно.
Монгол
Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж
эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар
мэдэгдэж байна.