Нийслэлд нэг хэсэг булан тохой бүрийг ашиглаж, болсон болоогүй барилга барьдаг байлаа. Одоо ч барьж байгаа л даа. Гэхдээ замбараагүй барьсан барилга эргээд ард түмэнд тээршаагдаж эхэлсэн. Үнэндээ цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр, зам, за тэгээд явган хүн багтах ч зайгүй барьсан нь тэр. Харин одоо бол арай өөр шаардлагыг тавьдаг болсныг бид мэднэ. Байгальд ээлтэй экологи тал руугаа аль ч салбар ханарч байна. Наад зах нь зуны цагт нийслэл хотынхоо гудамж талбайг цэцэгжүүлэхээр мэрийж байгаа. Сүүлийн жилүүдэд улсаас хөрөнгө гаргаж хотыг цэцэрлэгжүүлэх болсон. Энэ ажлыг хэн нэгний бизнес гэх боловч ямартай ч иргэдэд ач тусаа өгөөд эхэлсэн. Учир нь хотын зам дагуу тарьсан өнгө өнгийн цэцэг иргэдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь амьд ургамал эм тарианаас илүү хүчтэй зэвсэг болохыг харуулж байгаа хэрэг. Өнөө жил нийслэлд бут сөөг, цэцэг тарихад нийтдээ 5.6 тэрбумыг зарцуулсан гэсэн мэдээлэл бий. Үүнээс 500 саяыг цэцэг суулгахад төсөвлөжээ. Тэгэхээр хотын үзэмж хийгээд хүний биед хэрэгтэй ч хэтэрхий их мөнгө зарцуулж байна гэж дургүйцэх хүмүүс ч байна. Тэгвэл өөрөө үрээ цацдаг цэцэг тарьж болохгүй гэж үү. Манай орны уур амьсгалд зохицсон дараа жил нь заавал хүний гар хараад байхгүй өөрөө байгалийнхаа жамаар ургадаг цэцэг байж л таараа. Яахав усалгаа зэрэг наад захын ажиллагааг хийдэг л юм байгаа биз. Энэ нь иргэдийнхээ эрүүл мэнд, хотын үзэмжийг бага төсвөөр зохицуулчихаж болохоор ажил юм шиг.
Д.ДАВААСҮРЭН