Categories
мэдээ нийгэм

Цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг удахгүй нээгдэнэ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв (ЭХЭМҮТ)-ийн хашаанд цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барьж буй.

ЭХЭМҮТ бол цусны өвчтэй хүүхдүүдийг эмчилдэг манай улсын ганц эмнэлэг тул ачааллаа дийлдэггүй аж. Энэрэл нигүүлсэл, оюун билгийн төв төрийн бус байгууллагын тэргүүн Ажиа гэгээн Лувсант үвдэнгийн санаачилгаар хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын эмнэлэг барихаар болж, 2012 оны тавдугаар сард шавыг нь тавьсан.

Тус эмнэлгийг ирэх сарын 28-нд ашиглалтад оруулж, улсын өмчид хүлээлгэн өгөхөөр болжээ. “Барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжийг оруулах үлдээд байна” гэж тус төвийнхөн хэлсэн. Иргэд, аж ахуйн нэгжийн хандив, тусламжаар барьсан энэ эмнэлгийн нийт өртөг 4.1 тэрбум төгрөг. Барилгыг “Тэргүүн чансаа” компани хариу нэхэлгүйгээр барьж өгчээ.

Нийт 4600 ам метр талбайтай, долоон давхар уг эмнэлэг 25 ортой Нярайн эрчимт эмчилгээний тасаг, мөн мэс засал, хавдартай хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүдийн өрөөтэй, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон байна. Гадаадаас урилгаар болон сайн дураар эмч нар ирж ажиллах аж.

Цусны өвчтэй хүүхдүүд 3-5 жилийн турш эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай байдаг. Мөн сэтгэл санааны дэм өгч эмчлэх нь хамгийн чухал байдаг гэнэ. Тиймээс эмнэлгийн дэргэд эмч нарын сургалт, хурлын танхим, сэтгэл заслын танхимтай гурван давхар барилга барьж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *