ХАНОЙ. /Ёнхап/. Малайзын онгоц осолдохоос хэдэн цагийн өмнө тухайн агаарын замаар бусад хэд хэдэн улсын онгоц нисэж өнгөрсөн аж.
Онгоц осолдсон “MH 17” агаарын зам нь Олон улсын агаарын зорчигч тээврийн байгууллагаас аюулгүй зам хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон улсын агаарын тээврийн компаниудын өргөнөөр ашигладаг зам гэж Малайзын Зам тээврийн яамнаас мэдэгдсэн байна. Ази номхон далайн агаарын тээврийн холбооны гишүүн 16 компанийн 15 нь уг агаарын замыг ашигладаг байна. Харин Малайзын онгоцны ослын дараагаас Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгээс тус замыг цуцалжээ. Хятад, АНУ, Австрали зэрэг орны агаарын тээврийн компаниуд сүүлийн үеийн Украины нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын агаарын хилээр нэвтрэн өнгөрөх замаас татгалзаж өөр замыг сонгож ирсэн аж.
Харин ослыг шалгах явцад хөдөлгүүр пуужинд оногдсоны дараа онгоц дэлбэрсэн болохыг тогтоожээ. Онгоц агаарт 10 мянган метрийн өндөрт пуужинд оногдох үед онгоцон доторх даралт унаж, амьсгалах боломжгүй болсноос зорчигчид ухаан балартсан байх гэж шинжээчид таамаглаж байна. 70 килограмм жинтэй пуужингийн хошууны дэлбэрэлт 20 метрийн радиус дахь зүйлсийг дэлбэлж, үүнд онгоцны хөдөлгүүр болон удирдлагын систем өртөж улмаар онгоц дэлбэрсэн гэж Малайзын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. НҮБ-ын зэвсгийн шинжээч Брюс Лозэгийн үзэж буйгаар, онгоц сүйрэх үед эхлээд хөдөлгүүр, удирдлагын систем дэлбэрсний дараа түлшний сав дэлбэрч, онгоцны нэг талын далавч олон хэсэг болон хуваагдсан аж. Түүнчлэн онгоц пуужинд оногдсоноос хэдхэн минутын дараа газарт унасан учир нисгэгч ослын дохио илгээж амжаагүй байх гэж Брюс Лозэ хэлжээ. Мөн онгоцны осолдсон нөхцөл байдлыг нарийн тогтоохыг тулд онгоцны бутарсан хэсгүүдийн тархсан талбайг хэмжих шаардлагатай байгаа боловч Украины салан тусгаарлах хүчнийхэн ослын газрын ойр орчимд шалгалт шинжилгээ хийхэд саад учруулж байна гэж Брюс Лозэ хэлэв.