Социализмын үед хөрш айлаасаа давс, сонгино мэтийг гуйх нь байх л үзэгдэл байв. Одоогийн хүүхдүүдэд хачирхалтай санагдах байх л даа. ”Би чамд хайртай” кинон дээр хөрш нь хаалга цохиод, сонгино гуйснаа, дараа нь бууз оруулж ирдэг хэсэг байдаг даа. Тиймэрхүү өгөө аваа хөршүүдийн дунд өрнөнө шүү дээ. Сайн хөршийн үнэ цэнэ одоо ч буураагүй. Муу хөрштэй бол ядаж л “гэр бүлийн дайн”-ы гэрч болчих гээд хэцүү. Улс орны хувьд ч хөрш чухал юм байна. Оксфордын их сургуулийн профессор Пол Коллиэрийн “Адагт үлдсэн тэрбум” ном хөршүүдээ өөр өнцгөөс харахад хүргэв. Урд, хойд хөршүүдээ муулах үг яриа бидний амнаас бишгүй унадаг. Харин Пол Коллиэр хөршийн эдийн засгийн өсөлтийг сайн шингээж авах бодлого хэрэгжүүлбэл улс орны эдийн засагт нэмэртэй тухай дурдсан байна лээ. Манайх шиг далайд гарцгүй улсад хөршийн дэд бүтэц гарц болно. Дэд бүтэц муутай хөрштэй бол хөлгүй л гэсэн үг. Далайд гарцгүй Швейцарь хойд хэсгээрээ Герман, Францтай, өмнөд хэсгээрээ Италитай хиллэдэг. Хөршүүд нь энэ улсын далайн гарц, зах зээл нь болдог учраас хөгжихөд нөлөөлжээ. Үүний оронд адагт үлдсэн гэгдэх Африкийн орнууд шиг дайн тулаан, бослого үймээнтэй, ядуу хөрштэй гээд төсөөлөөд үз дээ. Хилээр ядуурал, өвчин зовлон нэвчинэ шүү дээ. Харин Монгол Улс азтай. Дэлхийн хамгийн том зах зээл хажууд ханхайж байдаг.
Урд хөршийнхөнд эзлэгдэх аюулаас олон хүн айдаг. Бурханы авралаар тэд манайхыг биш бид Хятадыг эзэлж явсан улс. Харин хоёулаа Манжийн дарлалд явсан зовлон нэгтэй хөршүүд.
Б.ЯНЖМАА