-Хүүг унах гэж байхад ойр хавьд нь байсан хүмүүс гар утсаараа бичлэг хийж байжээ-
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт энэ сарын 5-ны өдөр цонхноос унах гэж байсан хүүхдийг цагдаагийн хоёр алба хаагч аварсан билээ. Үүргээ амжилттай биелүүлж, хүүхдийн амийг аварсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын алба хаагч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Хүүхдийн амь аварсанд баяр хүргэе. Өөрийгөө товч танилцуулаач?
-Баярлалаа. Намайг Энхбаатарын Мөнхжаргал гэдэг. Би цагдаагийн байгууллагад ороод сар гаруй ажиллаж байгаа шинэ алба хаагч.
-Хууль сахиулах их сургуулийн төгсөгчид саяхан тангараг өргөсөн. Тэдний дунд та байжээ?
-Тиймээ. Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст томилогдоод ажиллаж байна.
-Долдугаар сарын 5-ны өдөр цонхоороо унах гэж байгаа хүүхдийг аврахаар дуудлагаар очсон уу?
-Ахлах ахлагч Ө.Батбаатартай хамт Баянзүрх дүүргийн IV, V хороонд машинтай эргүүл хийж байсан юм. Жижүүрийн албанаас 18.30 цагийн орчимд “Ромео Жульетта” хотхонд хүүхэд боомилогдсон байдалтай байна” гэсэн мэдээллийг өгсөн. Мэдээллийн дагуу “Ромео Жульетта” хотхонд яваад очтол хүүхэд цонхноосоо боомилогдсон байдалтай дүүжлэгдсэн байсан.
-Тухайн үед тэр хавьд олон хүн байсан уу?
-Олон хүн байсан. Зарим нь цагдаа, онцгойд дуудлага өгч байсан. Гэхдээ олонхи нь гар утсаараа бичлэг хийгээд зогсч байсан. Тийм үед бичлэг хийгээд зураг дараад зогсч байгааг нь харахад эвгүй юм билээ.
-Та хоёр шууд гэрт нь орсон уу?
-Жижүүрийн албанаас дуудлага өгөхдөө зургадугаар давхрын айлын цонхноос хүүхэд унах гээд байна гэсэн. Дээшээ гарах гэтэл цахилгаан шат ажиллахгүй байсан. Хоёулаа шатаар өгсөж гүйгээд зургадугаар давхрын айлын хаалга эвдэж орсон. Тэр хүүхэд дээд давхрын айлын цонхоор доош унаж зургаа, долдугаар давхрын дунд дүүжлэгдсэн байдалтай байсан юм. Тиймээс Ахлах ахлагч Ө.Батбаатар зургадугаар давхрын айлд үлдээд би хүүхдийн гэрийн хаалгыг эвдэж орсон. Ө.Батбаатар хүүхдийн хөлнөөс өргөж өгөөд би дээд давхраас татах гэтэл гар хүрдэггүй.
-Тэгээд юу болсон бэ?
-Тэгж байтал хөршийнх нь хүмүүс ороод ирсэн. Хөршүүдээр нь хөлнөөсөө бариулж байгаад цонхоор нь доош зүтгэсэн. Бараг өөрөө унах шахаж байж хүүхдийн гараас нь барьж дээш татлаа. Тэр үед Ө.Батбаатар зургадугаар давхарт хүүгийн хөлөөс өргөж байгаад дээшээ гарч ирэхээс аргагүй болсон. Тэгээд хөршүүдийг нь дуудаж хөлийг нь өргүүлээд өөрөө дээшээ гарч ирж надад тусалсан. Дашрамд дурдахад хоёр айлын хаалга эвдэж ороход хөршүүд нь багагүй тусалсан. Бас хүүгийн амийг аврахад тусалсанд баярласнаа илэрхийлмээр байна.
-Болсон явдлыг харсан хүн манай сонинд “Тэр цагдаа нар үнэхээр баатарлаг ажилласан. Нэг цагдаа нь өөрөө унаж ч мэдэхээр байсан” гэж мэдээлсэн. Таны амь насанд ч эрсдэлтэй байжээ.
-Тэгж харагдсан юм байлгүй дээ. Хүмүүс намайг алдсан бол унаж мэдэхээр байсан. Гэхдээ тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч “Надад аюултай” гээд хойш суух эрхгүй. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах л үүрэгтэй шүү дээ.
-Амийг нь аварсны дараа хүүхдийн биеийн байдал ямар байсан бэ?
-Цочролд орчихсон байсан. Царай нь цайгаад үг дуугарч ч чадахгүй байсан. Цээжээр нь боосон оосор гулсч хоолой руу орж байсан юм билээ. Хоёр минут л алдсан бол тэр хүү амиа алдаж мэдэхээр байсан. Бид хоёр хүүд анхны тусламж үзүүлээд байж байтал түргэн тусламжийн эмч нар ирсэн. Тэд “Жаахан цаг алдсан бол байдал эвгүйдэх байжээ” гэцгээж байна лээ.
-Тэр хүүхэд яагаад цонхоороо гарсан юм бол. Бас цээжээр нь олс уяатай байсан гэдэг нь сонин байна.
-Унаж, татдаг өвчтэй хүүхэд бололтой юм билээ. Аав, ээж нь гэрээсээ гарахдаа уяж үлдээдэг юм байх. Тэр өдөр бас паарнаасаа уяад гарсан юм билээ. Гэтэл хүү онгорхой цонхоороо гарч, уяандаа тогтож байсан юм байна лээ.
-Хэд орчим насны хүүхэд вэ?
-Арав орчим настай хүүхэд. Бага насны болон өвчтэй хүүхдээ гэртээ ганцааранг нь орхихгүй байхыг эцэг эхчүүдэд сануулмаар байна. Түр орхихоос өөр аргагүй бол цонх, тагтаа сайн цоожилж байгаарай гэж зөвлөе.
-Аав ээж нь хүүхдээ яагаад ганцааранг нь үлдээсэн юм бол. Өөрсдөө юу ярьж байна вэ?
-Аав ээжтэй нь уулзаагүй. Ах нь ирсэн. Ахынх нь ярьж байгаагаар аав, ээж нь Чингэс хаан нисэх онгоцны буудал руу явсан гэсэн. Тэр хүүхэд юм мөргөж унаад байдаг болохоор уядаг гэсэн.
-Тантай хамт ажилласан Ө.Батбаатар цагдаагийн байгууллагад олон жил ажилласан уу?
-Ахлах ахлагч Ө.Батбаатар цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн байгууллагад найман жил ажиллаж байгаа хүн. Олон жил цагдаагийн байгууллагад ажилласан учраас туршлагатай, түшигтэй байдаг юм.
-Сайхан баярлаарай.
-Танай уншигчдад Үндэсний их баяр наадам, тулгар төрийн 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн мэнд хүргэе.
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Ц.ӨРНӨХ
Б.САРАНЦЭЦЭГ