Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр объектод гал гарсныг унтраав

Дөчин мянгатын 40 дүгээр байранд гал гарав.

Өнөөдөр нийслэлийн хоёр объектод зэрэг шахам гал гарч, Онцгой байдлын аврах гал унтраах ангийнхныг сандаргалаа. Үдийн 13 цагийн орчимд Модны хоёрт байрлах “МК интернэйшнл” компанийн байранд гал гарсан юм. Тус компанийг хар ямааны бэлдмэл оруулж ирдэг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

“МК интернэйшнл”-ийн байр шатав.

 “МК интернэйшнл”-ийн нэг давхар байшинд гарсан галыг унтраахаар Аврах гал унтраах 10, 14, 34 дүгээр ангийнхан ажилласан юм. Галыг ойр орчимд нь даамжруулалгүй ажилласаар үдээс хойш унтраасан. Яг энэ үед Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо буюу бидний нэрлэдгээр Дөчин мянгатад гал гарав. Дөчдүгээр байрны зүүн дээд дээврээс эхэлж гал авалцсаар 43 дугаар байрны дээвэр хүртэл тархжээ.  


Энэ үед Баруун дөрвөн замаас “Цэцэг” төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарласан байв. Хэргийн газар Онцгой байдлын аврах гал унтраах ангийнхан, хөдөлгөөнт эргүүлийнхэн, шүүхийн шинжилгээ, яаралтай түргэн тусламж, Ус сувгийн удирдах газрынхан шуурхай ажиллаж галыг унтраав. Арав гаруй галын машинаар ус шүршин, байрны дээврийг хэсэгчилэн хуулж байж галыг унтраасан юм. Уг объектын нэгдүгээр давхарт арав гаруй үйлчилгээний газрууд ажилладаг аж.

Галынхан хүч нэмэгдүүлэн ажиллав.

Байрны оршин суугчдын ярьж байгаагаар үүрээр болсон хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж суухад л цахилгаан тасраад байсан гэнэ. Өдөр ч мөн цахилгаан байсхийж тасран маслаад байж. Тиймээс цахилгааны утаснаас болж гал гарсан байх гэцгээж байв.

Оршин суугчдыг бүгдийг нь байрнаас гаргажээ.

 Оршин суугчдыг бүгдийг нь байрнаас гаргасан байсан бөгөөд азаар хэн нэгэн хүн бэртэж гэмтээгүй бололтой. Сая, 18 цагийн орчимд галыг унтраасан гэж үзэн 44 дүгээр байрны орцноос эхлэн иргэдийг хэсэг хэсгээр нь гэр рүү нь оруулж байв. Галын дүгнэлт одоогоор албан ёсоор гараагүй байна. 

Ц.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *