Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнхбаяр: Айдсын даваанд аавтайгаа дааганы уралдаан үзээд уйлж билээ

Наадам айсуй өдрүүдэд “Өдрийн сонин”-ы хамт олон олны танил эрхэм хүндтэй хүмүүс болоод тэдгээрийн үр хүүхдүүдийн наадмын талаархи дурдатгал, ярилцлага, нийтлэлийг уншигчдадаа хүргэдэг. Тэдгээрийн заримаас сонирхуулж байна.

Барселона болон Бээжин­гийн Олимпийн наадмын хошой хүрэл, дэлхийн
хо­шой аварга, Монгол Улсын гавьяат та­мир­чин Доржсүрэнгийн Мөнхбаяртай ярилцлаа.
Өчигдөр түүний төрсөн өдөр тохиосон юм.

-Та
дэлхийн цомын томоохон тэмцээнүүдийг амжилттай өндөрлүүлсний дараа эх орондоо ирлээ.
Олон жилийн дараа ирж байгаа болохоор сэтгэл хөдөлж байгаа байх?

-Мэдээж төрж, өссөн монгол нутагтаа ирээд сэтгэл өндөр байна. Би
Мюнхен хотноо ажиллаж амьдарч байгаа. Энэ өдрөөс (өчигдөр) яг нэг сарын өмнө Мюнхен
хотноо болсон дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Түүний дараа Словений
Марибо хотод зохион байгуулагдсан дэлхийн цомын тэмцээнд хийн бууны төрөлд оролцон
тавдугаар байрт шалгарлаа. Зургадугаар сарын 23-нд Монгол Улсдаа ирээд байна. Миний
ирэх болсон гол зорилго аав, ээжийнхээ төрсөн нутгаар явах байсан юм. Ямартай ч
аав, ээжийнхээ хүй цөглөсөн бууцыг тойроод ирлээ. Төрийн их баяр наадам энэ өдрүүдэд
болж байгаа тул нэг ирснийх наадмаа үзчихээд долдугаар сарын 13-ны өдөр буцна даа.

-Та
баяр наадмаа үзэлгүй хэдэн жил болсон байна вэ?

-Би Монгол Улсдаа наадамлаагүй зургаан жил болжээ. Хамгийн сүүлд
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор ирэхдээ наадмаа үзсэн. Тэр үед монгол
туургатны анхдугаар чуулган болж түүнд оролцохоор урилгаар ирсэн л дээ. Наадмаар
эх орондоо ирнэ гэж боддог байсан ч тэр бүр цаг зав гардаггүй байлаа. Бидний тэмцээний
календартчилагдсан тэмцээнүүд давхцаж таардаг байсан юм. Яг одоо Бээжингийн дэлхийн
цомын тэмцээн явагдаж байгаа ч Германы баг уг тэмцээнд оролцдоггүй тул өөртөө чөлөө
олгоод Монгол Улсдаа ирээд байна даа.

-Бээжингийн
дэлхийн цом энэ оны сүүлийн дэлхийн цомын тэмцээн байх аа?

-Дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа болдог. Германы баг Мюнхен,
Марибо хоёрт оролцсон. Дэлхийн цо­мын цувралуудаас оноо цуглуулан дэлхийн цо­мын
шигшээ тэмцээний эрхээ авдаг. Уг тэмцээн аравдугаар сард болох юм. Миний хувьд эл
тэмцээнд оролцох эрхээ авчихаад байгаа.

Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сард болно.
Дөрвөн жилд нэг удаа болдог болохоор яалт ч үгүй буудлагын тамирчин бидний хүсэн
хүлээдэг хамгийн том тэмцээний нэг.

-Дэлхийн
аваргын бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?

-Бэлтгэл сургуулилтынхаа торгон ирийг тааруулах цаг хугацаа одоо
эхэлж байна. Дэлхийн аваргын тэмцээн чансаагаараа бараг олимпоос илүү гэж болно.
Дэлхийн аваргад оролцох тамирчдын тооны хувьд ч, болж буй цаг хугацааг нь аваад
үзсэн ч том тэмцээн гэдэг нь илэрхий юм. Цар хүрээ нь өргөн, чансаа өндөртэй тэмцээн.
Мөн есдүгээр сард Рио Де Жанейрогийн олимпод оролцох эрх өгч эхлэх болохоор үүрэх
хариуцлага тэр чинээгээрээ нэмэгдэж байна гэсэн үг.

-Мюнхений
дэлхийн цомд О.Гүндэгмаа болон Хятадын тамирчинтай хамт медалийн тавцанд зогссон.
Өмнөх олимпийн түүх давтагдчихсан уу?

-Нэг зүйл залруулахад О.Гүндэгмаа бид хоёртой хамт медалийн тавцанд
зогссон хятад тамирчин Бээжингийн олимпод оролцсон хүн биш юм аа. Хэрэв тэгээд гурвуулаа
гараад ирсэн бол сайхан л байх байлаа. О.Гүндэгмаа маань уг тэмцээнээс алтан медаль
хүртэн төрийн дууллаа эгшиглүүлж байхад өөрийн эрхгүй догдолсон. Би өөрөө төрийн
дууллаа эгшиглүүлж байгаа юм шиг тийм сайхан мэдрэмж төрсөн. Тийм ч болохоор Гүндэгээдээ
хандаж “Үнэхээр сайхан байлаа. Баярлалаа” гэдгээ хэлсэн юм. Хэдийгээр Германы нэр
дээр тэмцээнд оролцож байгаа ч төрж, өссөн Монгол Улсын минь төрийн дуулал эгшиглэж,
төрийн далбаа намирч байхыг харах сайхан байсан. Медалийн тавцан дээрээс үүнийг
мэдрэх бас л өөр мэдрэмж шүү.

-Таныг
Сэлэнгэ, Увс аймгийн хүндэт иргэнээр өргөмжилсөн гэж дуулсан. Энэ тухайгаа ярихгүй
юу?

-Ээж маань Увс аймгийн Давст сумын уугуул. Төрсөн нутгаасаа гараад
60 гаруй жил болсон. Ээж минь одоо Унгарт амьдардаг. Тиймээс ээжийгээ тэндээс авч
ирээд Монголдоо төрж өссөн нутаг усаар нь зочилж, төрсөн гэрийнх нь бууцанд нь дагуулж
очлоо. Зургаан жилийн өмнө ээж ирэхдээ Улаангомд оччихоод буцсан юм. Тиймээс энэ
удаа төрсөн сумаар нь очиход үнэхээр сэтгэл нь хөдөлж байна лээ. Ус нутагт нь аавыг
нь эсэргүү хэмээн баривчлан авч яваад иргэж ирээгүй юм билээ. Тухайн үед эмээ ээж
хоёрыг эсэргүүний эхнэр, хүүхэд гээд хэцүү бэрхийг туулж явсан. Аргаа барахдаа ээжийн
минь овог нэрийг сольж сургуульд оруулж байсан юм. Энэ бүхнийг эргэн санахад нэг
талдаа ээжид минь хүнд байсан байж магадгүй.

Аав маань Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат. Тиймээс аавынхаа төрсөн
нутаг Сэлэнгэ аймгийн Орхон сумын Цагааннуурын дэнж дээр очлоо. Биднийг очиход сумынх
нь наадам давхацсан нь их бэлгэшээлтэй зүйл болсон. Аав, ээж хоёр минь нутаг уснаасаа
гараад нэлээдгүй удсан байсан. Ямартай ч хоёр аймгийн хүндэт иргэн болсондоо маш
их баяртай байна. Нутгийн иргэд үнэхээр сайхан хүлээж авсан. Энэ нь надад үзүүлсэн
том хүндлэл, хайр нөгөө талаасаа хариуцлага байлаа. Нутгийнхны зүгээс спортын тал
дээр дэмжлэг хүсвэл өөрийн чадах зүйлээрээ тусална гэж бодож байгаа.

-Дараагийн
олимпод та Герман улсын нэр дээрээс оролцох уу?

-Герман улсын нэр дээрээс олимпийн наадамд оролцоно доо.

-Та
ямар фирмийн буугаар буудаж байгаа вэ?

-Одоо Вальтер фирмийн буугаар буудаж байгаа. Лондонгийн олимпод өөр
фирмийн буугаар буудсан. Тэр үед харамсалтай нь буунд гэмтэл гарснаас болж амжилтад
нөлөөлсөн. Лондонгийн олимпийн дараа Вальтер фирмийн буугаараа дахин буудаж эхэлсэн.

-Таны
иргэншлийн тал дээр ташаа мэдээлэл гарсан байсан. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Манай хэвлэл мэдээллийнхэн чөлөөт байдлыг эрхэмлэдэг. Үнэхээр тэр
мэдээлэл нь үнэн зөв байдаг бол бичиж болно. Зөвхөн би гэлтгүй олны танил болсон
хүмүүсийн талаар бичихдээ ор үндэсгүй зүйлд холбон бичиж эмзэглүүлж байна. Үүн дээрээ
анхааралтай хандах хэрэгтэй. Сэтгүүлч гэсэн нэрийн доор хаа тааралдсан зүйлээ хуулаад
бичээд байж болохгүй. Хамгийн гол нь ард түмэнд ташаа мэдээлэл өгч байгаа нь өөрөө
сөрөг үр дагавартай. Спортын сэтгүүлчид миний тухай чин үнэнийг бичдэгт баярладаг.
Сүүлийн үед иргэншлийн тал дээр худал мэдээлэл гарч байгаа. Мозанбикийн иргэн болж
байгаа гэх мэдээллийг би өөрөө ч мэдэхгүй явсан. Одоо цагт хүмүүс надаас илүү намайг
мэддэг болчихоо юу даа.

-Та
Рио-гийн олимпод оролцвол долоо дахь олимпдоо оролцоно. Өмнө нь долоон удаа олимпод
орж байсан тамирчид хэр олон байсан юм бол?

-Монгол Улсаас долоон олимпод оролцсон тамирчин одоогоор алга байна.
Цаашдаа олон гайхалтай тамирчид төрөл гарах байх аа. Герман улсад долоон олимпод
оролцсон хоёр хүн байгаа. Араас нь би залгах байх гэж бодож байна даа. Ямар ч улсад
долоон олимпод оролцсон хүн цөөхөн. Манай буудлага спорт бусад спортын төрлүүдийг
бодоход харьцангуй олон жил өрсөлдөж амжилт гаргах боломж их байдаг.

-Буудлага
спортын дүрэм шинэчлэгдсэн. Шинэ дүрэмд сөрөг зүйлс байна гээд байгаа?

-Өмнө нь тэмцээнд оролцоход өмнө нь буудсан оноогоо аваад финалд
ордог байсан. Шинэ дүрмээр тэр нь байхгүй болж финал эхлэхэд дахин тэгээс эхэлдэг
болсон. Ноднин би дэлхийн цомд маш өндөр оноотой финалдсан. Гэтэл бага оноотой финалдсан
тамирчин буудсаар байгаад гуравт орж байх жишээтэй. Дүрэм шинэчлэгдсэнээр тамирчдад
ойлгомжгүй зүйлс гарч байгаа.

-Монгол
Улс давхар иргэншлийг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрдөггүй. Өндөр амжилт гаргасан
зарим хүмүүст давхар иргэншил олгох асуудлыг та юу гэж боддог вэ?

-Би хувьдаа давхар иргэншлийг дэмжиж байгаа. Германы иргэншлээ буцаагаад
дан ганц Монгол Улсын иргэн болох гээд байгаа зүйл биш. Энэ миний л асуудал болохоор
би олны өмнө ил болгохыг хүсээгүй. Миний хүсэл Германы иргэншлээ буцаалгүйгээр Монголын
иргэн болж болох уу л гэсэн хүсэлт юм. Хуулийн хүрээндээ мэдээж болохгүй тул хуулинд
өөрчлөлт орвол маш нарийн шигшүүртэйгээр давхар иргэншлийг тамирчдад өгч болно.
Тийм ч жишиг гадны орнуудад байдаг. Үүний нэг жишээ нь Герман улс.

-Өндөр
амжилт гаргасан тамирчдад төрөөс сар бүр цалин олгож байгаа. Таны хувьд анхны дэлхийн
аварга, олимпийн хүрэл медалийнхаа мөнгийг авч болохгүй юм болов уу. Уг нь Монголын
нэр дээрээс тэмцээнд оролцож байсан болохоор таныг ялгаж үзэхгүй байх хэрэгтэй байх?

-Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн хэдий ч бурханы оронд одсон
тамирчдын гэр бүлд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон. Өнөөдөр Мөнхбаяр сэрүүн
тунгалаг байна. Миний хувьд амжилт гаргахын сацуу Монголынхоо нэрийг гаргасаар л
яваа. Уг хүн нь Германы нэр дээрээс тэмцээнд ордог гэсэн байр сууринаас ханддаг.
Энэ нь өрөөсгөл ойлголт л доо. Намайг тэмцээнд оролцох бүрт Монголд төрсөн, Монгол
гаралтай гэж тэмцээн бүр дээр бичигддэг. Монголын нэрийг Германы нэртэй хамт хосоор
нь л гаргаад явж байгаа. Энэ тал дээр төрийн өндөр албан тушаалтнууд нэг зүйлийг
бодох л байх. Гэхдээ цаг хугацаа нь хэзээ гэдгийг мэдэхгүй байна. Би Германы иргэншилтэй
тул уг мөнгөн урамшууллыг надад өгөх боломж байхгүй. Надад ирэх тэр мөнгө насаараа
хөдөлмөрлөсөн хүмүүсийг тэтгэвэр болоод явж байгаа гэсэн бодол тээж явдаг. Улс орны
эдийн засаг хүнд байгаа энэ үед “надад мөнгө өг” гэж чаргууцалдахын оронд ахмадуудын
тэтгэвэр болоод явж байг дээ. Энэ бол улсын өөрийнх нь л шийдэх асуудал.

-Таны
иргэншлийг хүлээж авахгүй байгаад та гомддог уу?

-Хуулиндаа давхар иргэншил байж болохгүй гээд заачихсан болохоор
юунд нь гомдох вэ дээ.

-Төрийн
баяр наадам болох гэж байна. Та сэтгэлд хоногшсон наадмуудынхаа дурсамжаас хуваалцахгүй
юу?

-1990-ээд оны үед аавтайгаа хамт анх удаа Айдсын давааны тэнд дааганы
уралдаан үзсэн юм. Тухайн үед хурдан морьдыг хараад хүмүүс уйлдаг тухай хүмүүсээс
сонсож байснаас өөрөө түүнийг мэдрээгүй явсан. Даага унасан жаахан хүүхдүүдийг хараад
өхөөрдөхгүй, уйлахгүй байхын аргагүй юм билээ. Тэр жилийн наадмаар дааганы уралдаан
үзээд уйлж байсан минь сэтгэлд ойрхон байна. Өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, омогшдог
юм билээ л дээ. Монгол наадам цаанаа л нэг өөр. Хийморь сэргээд явчихдаг юм.

-Германд
үндэснийхээ баяруудыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Монголчууд цуглаж аль болох чадахаараа идээ будаагаа засч тэмдэглэдэг.
Монгол дээлээ өмсөцгөөн айлуудаар зочлоод л явна шүү дээ. Цагаан сараар хоорондоо
золгож, буузаа идээд сайхан ярьж хөөрч байгаад л тардаг.

-Та
наадмаар өмсөх гоёлоо бэлдэж амжив уу?

-Би наадмын гоёлтойгоо ирсэн. Алтан шаргал эмжээртэй хар хүрэн өнгийн
дээлээр гоёно.

-Бээжингийн
олимпоос Монгол Улс анх удаа алтан медаль хүртсэн. Та ч гэсэн хүрэл медалийн тавцанд
зогссон. 2008 оны тэр цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-О.Гүндэгмаа тэр үед финалд нэгдүгээр байраар шалгарчихаад байсан.
Би дотроо “Гүндэгээ маань алтан медаль авчих байх” гэдэгт бат итгэлтэй байлаа. Олимпийн
өмнө Монголчуудыг сайн мэддэг Германчууд “Хоёр монгол медалийн тавцан дээр хамтдаа
зогсох юм биш үү” гэж ярьцгааж байсан. Намайг “Чи Монголд очиж хамтарсан бэлтгэл
хийсэн ч болно” гэдэг байсан юм. Гүндэгээг алтан медаль авчих байх гэж итгэж найдаж
байсан ч финалын буудлагаа хийчихээд харахад бид хоёр нэг нэг оноогоор ухарсан байв.
Тэрхэн мөчид бид хоёр хоёулаа л оноогоо голсон байх. Гэхдээ олимпийн медаль гэдэг
чинь том амжилт. Гүндэгээ олимпод оролцсон цагаасаа эхлэн байнга финалдаж байсан
ч түүнийгээ 2008 онд медаль болгож чадсан. Түүнчлэн хамтдаа медалийн тавцанд зогсох
юмсан гэсэн миний битүүхэн хүлээлт биелэлээ олсон юм. Гүндэгээтэй хамт финалд гарч
ирэхэд үнэхээр их баярлаж байсан тэр мөч одоо ч бодогдсоор байна. Нэг газар төрж
өссөн хүмүүс болоход цаанаа л нэг сэтгэлд өег байдаг юм билээ. Олимпийн финалд шалгарна
гэдэг чинь бас л хүнд шүү дээ. “Гүндэгмаа алтан медаль авчихвал Монгол Улс минь
олимпийн алтан медальтай болох нь дээ” гэж баярлаж байснаа нуугаад яахав.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *