Categories
мэдээ спорт

Хязаалан насанд 300 гаруй хурдан хүлэг шандас сорилоо

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд газар газрын 307 хурдан үрээ мордож, шандас юугаан сорилоо. Гарааны зурхайгаас морьд эргэснээс 878 дугаартай, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Батзоригийн хурдан хээр үрээ тод магнай торгон жолоо өргүүлсэн юм. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ш.Баянбатын халзан үрээ, гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд үрээ хурдлав. Дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү Д.Баянбатын хонгор үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа. Зургаад Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Н.Баасанжавын бор, долоод Өвөрхангайн Тарагтын Ч.Хишигбаатарын хүрэн халзан, наймд П.Энхмөнхийн бор морь, есд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын сартай зээрд, аравт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Дамбын Хишигжаргалын цагаан морь хурдалж, монгол түмнээ баярлууллаа.

С.АЛТ