Categories
мэдээ цаг-үе

Ж.Баттөр: Азид харилцааны өөрчлөлтүүд гарч байгаагийн нэг илрэл нь энэ


МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч Ж.Баттөртэй ярилцлаа.

-Хятадын дарга Си Жиньпин хойд биш өмнөд Солонгост түрүүлж айлчиллаа. Энэ нь цаанаа ямар учиртай гэж та судлаач хүний хувьд үзэж байна вэ? 

-Ер нь Хятад улс Японтой харилцаа таарамжгүй. Энэ нь арлын маргаанаас үүдэлтэй.  Дээрээс нь бүс нутагтаа хэн нь нөлөөллөө тогтоох вэ гэдэг дээр өрсөлддөг. Ийм л шалтгаанаар Хятад улс өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулж байгаа болов уу. 

-Өмнөд Солонгосыг Японтой сөргөлдүүлэх  тактиктай  гэж үү? 

-Өмнөд Солонгос Япон хоёр холбоотны харилцаатай. Гэсэн ч  өмнө нь Япон улс  Солонгосыг колончилж байсан. Энэ хоёрын  ойрх үеийнх нь түүхэнд таагүй харилцаа бий. Дайны үед япончууд солонгос эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглаж байсан гэдэг талаасаа асуудалтай.  Хоёр улсын хооронд Такашима арлын маргаан ч байдаг.  Тиймээс өмнөд Солонгос өмнөх үеийн түүхийн талаар Японыг  шүүмжлэхийн тулд Хятадтай нийлж байж ч мэднэ. Хамгийн сонирхолтой нь  ирэх жил Японыг дайнд ялсны 70 жилийн ой болох гэж байна. Үүнийг Хятад улс Солонгостой хамтран  тэмдэглэж магадгүй болчихоод байна. Албан ёсоор зарлаагүй ч Хятадын зүгээс тийм санал гаргаж байгаа. 

-Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан баяраа тэмдэглэнэ…

-Тийм. 1945 оны дэлхийн хоёрдугаар дайнд Хятадын ардын чөлөөлөх арми  япончуудтай тулалдаж ялсан байдаг. Тиймээс энэ баярыг хамтарч тэмдэглэх саналыг өмнөд Солонгост хэллээ. Хятадын дарга ОХУ-д ч энэ саналаа хэлсэн байгаа.  Хятадын энэ ялалт бол манай улстай ч хамаатай. 

-Нэг ёсондоо Японыг ганцаардуулах гэсэн санаа Хятадад байх шиг байна…

-Тийм.  Японыг  ялсан баяраа  бүс нутгийн хэмжээний томоохон үйл явдал болгохоор хичээж байх шиг байна. Үүний тулд хэдийгээр Японтой холбоотны харилцаатай ч гэлээ түүхийн таарамжгүй дурсамжтай өмнөд Солонгосыг өөртэйгээ нэгтгэх зорилго өвөр­төлж байна уу гэж харагдаж байна. Ер нь том орнууд өнгөр­сөн үеийн түүхийн маргааныг их сөхдөг боллоо.

Зүүн Азид түүхийн дайн явж байна гэж үзэх судлаачид ч бий.  Ялангуяа япон, солонгосчууд  түүхээрээ их бахархдаг хүмүүс шүү дээ. 

-Хятадын дарга зөвхөн үүнийг ярих гэж Өмнөд Солонгост очоогүй байх…

-Хятад, Өмнөд Солонгосын хооронд хамгийн их яригдаж байгаа зүйл нь өөр өөрсдийнхөө валютаар худалдаа наймаа хийх асуудал. Өмнө нь яадаг байсан гэхээр өмнөд солонгосчууд Хятадад бизнес хийж олсон юаниа доллар болгосныхоо дараа вон болгож авдаг байлаа.  Үүнээсээ их хэмжээний алдагдал хүлээдэг байсан.  Хятадын компаниуд ч ялгаагүй Солонгост бизнес хийж  вон олохоороо доллар болгож солиулсныхаа дараа юаньд хувиргадаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж, шууд өөр өөрсдийнхөө мөнгөн тэмдэгтээр худалдаа наймаа хийх боломжийг хоёр улс хайж байгаа. Аль алиныхаа мөнгөн тэмдэгтийг хүлээн зөвшөөрөхөөр болж байх шиг байна. Хятадын даргын Өмнөд Солонгост хийж байгаа айлчлалын нэг зорилго энэ байсан.   

-Өөр ямар зорилго байгаа юм бол?

-2015 онд багтаагаад  энэ хоёр улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах гэж байна.  Энэ нь хоёр улс харилцан гаалийн татваргүй болно гэсэн үг. Аль алиндаа ашигтай.  Магадгүй уг хэлэлцээрийг хийчихвэл Өмнөд Солонгосоос  Хятад улс  технологийн шинэ дэвшлүүдийг их хэмжээгээр авах байх. Гар утас, автомашин, хүнд болон хөнгөн үйлдвэрийн төрөл бүрийн  бүтээгдэхүүнийг  гаалийн татваргүйгээр гаргах боломж Өмнөд Солонгост нээгдэнэ. Мөн кимчигээ их хэмжээгээр Хятадын зах зээлд “шахах” боломжтой болох байх. Өмнөд Солонгосын хувьд Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авах болов уу. Ийм л зорилготой зүйлүүд Хятад, Өмнөд Солонгосын хооронд яригдаж байна.  

-Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг дэмжинэ гээд байх шиг байна. Хойд Солонгос үүнийг нь яаж хүлээж авч байгаа юм бол?

-Энэ айлчлалыг Хойд Солонгосын тал их шүүмжилж байна. Гол тулгуур түнш нь Өмнөд Солонгост түрүүлж айлчлахаар шүүмжлэх нь мэдээж. Си Жиньпинийг өмнөд Солонгост айлчлахын өмнөх өдөр хойдууд урагшаа хоёр удаа пуужингаар буудсан нь дургүйцлээ илэрхийлсний шинж байх.  Гэхдээ  Пак Гын Хэ БНСУ-ын Ерөнхийлөгч болохдоо  нэг том амлалт өгсөн. “Би Солонгосын хойгийг цөмийн аюулаас ангид болгохын төлөө чадах бүхнээ зориулна. Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх тэр цагт заавал ахиц гаргасан байна” гэж хэлсэн. Тиймээс Итгэлцлийн үйл явц гэдэг нэр томъёон дор энэ чиглэлийн бодлогоо явуулж байгаа.  Гэтэл Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгохын төлөө хамтарч ажиллана гэж мэдэгдсэн нь Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн амлалтын хүрээнд биелж байгаа томоохон үр дүн гэж болно. 

-Хятадын тэр мэдэгдэл үнэн болов уу. Хятад бол Хойд Солонгосын гол түнш биз дээ? 

-Солонгос бол өнөөдөр АНУ-ын цөмийн шүхэр дор байгаа. Хойд Солонгос бол дангаараа цөмийн зэвсэг бүтээх гэж оролдож, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Цөмийн туршилт хийж, бүс нутгаа байнгын аюул, түгшүүр дунд байлгадаг. Энэ дундаас хамгийн их түгшиж байгаа орон бол Өмнөд Солонгос мөн. Яагаад гэвэл Өмнөд Солонгос өөрөө цөмийн хөтөлбөргүй. Тиймээс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөргүй болгоход хэн нөлөөлж чадахыг тэд хайж байгаа. Мэдээж цэргийн хүчин чадал, тогтоон барих бодлогоороо АНУ нөлөөлөх магадлалтай. Мөн Хойд Солонгосын ганц түнш нь Хятад улс.  Энэ түншээр нь дамжуулж бодлогоо хэрэгжүүлэхээр Өмнөд Солонгос хичээж байна. Ийм үед хийж байгаа Хятадын мэдэгдэл БНСУ-ын хувьд маш том ололт байлгүй яахав.  Гэхдээ зарим судлаачид “Энэ бол зүгээр дипломат үзэгдэл төдий зүйл” хэмээн үзэж байгаа.  Хэрэв Хятад улс үнэхээр Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь холдуулна гэж байгаа бол мэдэгдэл хийгээд өнгөрөх биш, шахалт үзүүлэх ч юм уу тодорхой, бодитой үйлдэл хийх  байсан гэж үзэх судлаачид байгаа. Тэгээгүй учраас Хятадын энэ мэдэгдэл үр дүн муутай байх магадлалтай.  

-Гэхдээ Хятадын даргын өмнөдөд хийсэн айлчлал хойд Солонгос, Хятад хоёрын харилцаанд нөлөөлнө биз дээ? 

-Нэг их нөлөө үзүүлэхгүй гэж судлаачид үзээд байгаа.  Гэхдээ яг одоохондоо энэ талаар дүгнэлт хийхэд эрт байна. Хятадын зүгээс энх тайвны төлөө тодорхой алхам хийе гэдэг санаа дэвшүүлж байгаа нь өмнөдөд хийж байгаа  айлчлалаас харагдаж байна. Үндсэндээ Хятад, БНСУ  хоёр маш том процессийг эхлүүлж байна. Хятадын дарга Хойд Солонгос биш өмнөдөд очиж байна гэдэг нь Хятад улс Солонгосын хойг дээр энх тайвныг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ харуулж байна. Цаашлаад Зүүн хойд Азид энхийн тогтолцоо чухал юм шүү гэдэг мессеж өгч байна. 

-Хятад бол бүс нутагтаа төдийгүй  дэлхийд нөлөөллөө тогтоох эрмэлзэлтэй. Үүндээ хойд Солонгосыг ашигладаг байх. Энэ бодлогоосоо  татгалзах нь гэдэг хандлага Си Жиньпиний айлчлалаас ажиглагдаад байх шиг… 

-Магадгүй. Гэхдээ одоогоор тааж хэлэхэд хэцүү. 

-Ер нь Си Жиньпинээс өмнөх даргын үед Хятад, өмнөд Солонгосын харилцаа, ер нь Хятадын гадаад харилцаа ямар байсан бэ? 

-Өмнөх дарга нарын үед Хятад том гүрэн болсон гэдгээ харуулахын тулд олимп зохион байгуулах, томоохон байгууламжууд барих зэргийн бодлого явуулж байлаа. Харин Си Жиньпин дарга бол өвөрмөц бодлого явуулж байна гэж судлаачид үздэг. Тэр аль болох их зардлаас татгалзаж байгаа. Хятадын дарга нарыг үнэтэй машин унахыг хориглосон. Улсын мөнгөөр хүлээн авалт хийж, хурал чуулган зохион байгуулж,  их хэмжээний архи дарс уухыг хориглосон. Тэнд зарцуулж байсан мөнгөөрөө хүүхдийн сургууль, цэцэрлэг байгуулж, ард түмний амьдралд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулахыг чухалчилж байгаа. Си Жиньпин дарга өөрөө саяхан жирийн гуанзанд хямд үнэтэй хоол идсэн нь бөөн шуугиан тарьсан.  Тэр жирийн сууцанд амьдарч, энгийн амьдралтай болсон гэж байгаа. Хятадад  удирдагчийнх нь үйл хөдлөл маш том мессежийг агуулдаг. Эндээс юу харагдаж байна гэхээр  Хятадад баян, хоосны ялгаа их. Үүнд Хятадын коммунист нам ихээхэн санаа зовж, аль болох дундаж ангийг бий болгох бодлого явуулахаар зорьж байгаа нь илт байна. Хятадад  гадаадын үнэтэй машин, орон сууцнаас татгалзаад жирийн нийгэм рүү явах үзэгдэл дэлгэрч байна. Тансаглалаас хэмнэсэн мөнгөөрөө сургууль цэцэрлэг барьж байна. Си Жиньпин дарга Хятадад  торгоны замыг сэргээж, хуучин харилцдаг байсан улсуудтай харилцаагаа сэргээж, гадаад худалдаа, бизнесийн тал дээр ихээхэн анхаарч байна.  “Хятад мөрөөдөл” гэсэн нэр томъёог мөн гаргаж ирлээ.  Үүгээрээ Хятад бол сайн сайхан руу тэмүүлсэн орон гэдгийг дэлхий дахинд харуулахыг хичээж байна. Соёлын дипломат бодлого буюу их хэмжээний жуулчдыг татах, бараа таваарын чанарыг эрс сайжруулах, авлигатай эрс тэмцэх маягаар үр дүнтэй бүтэц бий болгохоор зүтгэж байна. 

-Хятад улс эдийн засгийн харилцааг  чухалчилж байгаа учраас  хойд биш өмнөд  Солонгост түрүүлж очжээ?

-Хятад, БНСУ-ын эдийн засгийн харилцаа айхтар өргөжих нь. Ер нь бол Азид харилцааны өөрчлөлтүүд гараад байгаагийн нэг илрэл нь энэ л дээ. 

Хойд Солонгос Японы харилцаа сүүлийн үед ойртож эхэлж байна. Японд байдаг хойд солонгосчууд нутаг руугаа сая доллар хүртэлх хэмжээний мөнгө  шилжүүлэх эрхтэй боллоо. Мөн Японы боомт руу Хойд Солонгосын усан онгоц орохыг зөвшөөрч байна. Мөн аялал жуулчлалын зарим үйлчилгээ явуулах эрхийг хүлээн зөвшөөрөх зэргээр Япон, Хойд Солонгосын харилцаанд өөрчлөлтүүд гарч байна. Магадгүй энэ өөрчлөлт нь Хятадын даргын өмнөд Солонгост хийж буй  айлчлалтай давхцаж байгаа юм шиг анзаарагдаж байна л даа.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *