Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд эх орны хөгжлийг ертөнц дахинаа батламжлан харуулдаг сонгодог урлагийн дээжээс таашаан мэдрэх “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.
Уг үйл ажиллагааг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож өнөө орой 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр УДБЭТ-ын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулах юм.
“Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм.
Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, “Саунд оф Монголиа” ХХК нар ажиллаж байна.
Тус тоглолт нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний томоохон анхны бүтээл болж байгаа бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготой гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.